Энэ жил сүүлийн 40 жилд тохиолдоогүй халалт болсон

Манай орны ихэнх нутгаар гандуу байсан нь таримал болон бэлчээрийн ургамлын ургац буурах, улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээгүй болох, мал тарга хүчээ дутуу авах, отор нүүдэл хийх боломжгүй болоход нөлөөлөөд байгаа. Тэгвэл ирэх өвлийг хэрхэн хохирол багатай даван туулах, гарч болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлаа хангах вэ?

"Угтаж хар-Тосч бэлд-Тэсч дав" гэдэгчлэн Эртнээс сэрэмжлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газрын зохион байгуулах “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинари маргааш буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны 09:00 цагт Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болж байна.

Энэ жилийн хувьд сүүлийн 40 жилд тохиолдоогүй халалт болж, ихэнх нутгаар буюу 21 аймгийн 247 сум буюу нийт сумдын 75 орчим хувь нь гантай буюу гандуу байгаа үнэлгээний дүн гараад байна. 

Тиймээс 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг урьдчилан тодорхойлж, эрт сэрэмжлүүлэх, гарч болзошгүй хүндрэлийг бууруулж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ болон олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгийг эртнээс тодорхойлох, нөхцөл байдал хүндэрсэн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлага дээр суурилан хор уршгийг арилгах стратеги боловсруулан ажиллаж байгаа юм.