Эдийн засгийн глобальчлал хэвтээ тэнхлэгийн дагуу хөгжиж байна

Хятад Монгол Орос гурван улсын  эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалт болон APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний 9 дэх удаагийн уулзалт  болов.  9  дэх удаагаа зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь гурван орны төрийн тэргүүнүүдийн зөвшилцлийн дагуу Хятад, Монгол, Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудын хамтын ажиллагаа болон хөгжлийг түлхүү ахиулах зорилготой, Хятадын "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг хэрэгжүүлэх  шинэ нөхцөлд гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон үйл явдал юм. Эдгээр арга хэмжээг зохион байгуулснаар Эрээн хотыг Хятадын төрийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх туршилтын бүс болгон бүтээн байгуулах ахицыг түргэтгэж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад эрч хүч өгснөөр, гурван улсын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааг өндөр түвшинд ахиулахад хувь нэмэр оруулах юм. “Нэг бүс – нэг зам”-ын боломжийг ашиглан амжилттай хэрэгжсэн Эрээний бизнес форум жилээс жилд өргөжин тэлж байна. Бизнес форумд Монгол, Пакистан, Энэтхэг, Непал, Тайланд зэрэг орнуудаас оролцож, 200 гаруй бизнес эрхлэгчид нь APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний уулзалтад, бусад аж ахуй нэгж бизнес эрхлэгчид нь үр тариа, ургамлын тосны худалдаа, боловсруулалт хөгжлийн хамтын ажиллагааны форум, аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум зэрэгт оролцлоо. Форумын үеэр үзэсгэлэнгийн дөрвөн  танхимын 22.700м2 талбайд Монголын 87 аж ахуйн нэгж 140 бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлууллаа.

МҮХАҮТ-ын ерөнхий менежер П.Гансүх: Гурван орны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна

Хятад, Орос, Монгол гурван улс нь хил залгаа хөршүүд, газарзүйн давуу нөхцөл, ард түмний нягт харилцаа зэрэгт түшиглэн олон талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сууриа тавиад байгаа билээ. Хятад, Орос, Монгол гурван орны  худалдаа эдийн засгийн өнө удаан, эрүүл хурдацтай хөгжил нь гурван орны улс төрийн харилцааны, хөрш зэргэлдээ газарзүйн, эдийн засгийн харилцан нөхөх, ажил хэрэгч хамтын ажиллагааны давуу тал, өсөн нэмэгдэх хүчин зүйл юм. Гурван орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.  Эдийн засгийн глобальчлал хэвтээ тэнхлэгийн дагуу хөгжиж бүс нутгийн хамтын ажиллагаа урьд хожид байгаагүй эрчимжиж байна. Ойрын жилүүдэд Монгол улс “Нэг бүс – Нэг зам” стратегийн бүтээн байгуулалтыг идэвхитэй дэмжин Монголын “Талын зам” төсөл, Евро-Азийг дамнасан бүтээн байгуулалттай уялдуулан Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор бий болгох нь бүс нутгийн харилцаа хамаарал бүхий хамтын ажиллагаанд ховор боломж, өргөн ирээдүйг авчрах юм. Энэ цаг үед МҮХАҮТ нь Хятад, Оросын Танхимуудтай голлох гүүр болсон үүргээ улам бүр нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Бид энэхүү хамтын ажиллагааны форум, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар дамжуулан гурван орны найрсаг харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд улам илүү түлхэц өгч гурван орны түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.