Эдийн засгийн алуурчид “хүү”-гээ хөнөөсөн нь

Америкийн эрчим хүчний акул  компани асан Энроныг  дампууруулсан буруутнаар  удирдлагууд нь болох эхнэр, нөхөр Фастоу шигшигдэн тодорч, Ерөнхийлөгч Жеффри Скилли болоод бусад удирдлагууд нь гэмгүй мултарсан ч, жинхэнэ буруутан нь энэ хэрэгт огт холбогдолгүйгээр өнгөрсөн ч байж болох..  Хэдийгээр Эндрю Фастоу болоод түүний эхнэр Лиа Фастоу нарын удирдлагууд 110 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байгаагаа нууж, нөхцөл байдлаа сайн байгаа мэтээр бусад талуудад ойлгуулж, Голдман саксаас 200 сая ам.долларын үнэт цаас гаргуулж, түүгээрээ хэд хэдэн газарт барьцаа хийн, залилсан хэрэгт буруутгагдсан ч, Энроны дампуурлын учгийг хөөвөл өөр тийш хазайна. Ил харагдах байдал дээр аудитын Артур Андерсен компанитай хуйвалдсан харагдах ч, өмнө нь төрийн мэдэлд байсан, Жорж Бушийг ивээн тэтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Энрон корпораци нь өөрөө Эдийн засгийн алуурчдын төрүүлсэн “хүүхдүүд”-ийн нэг байсан бөгөөд түүний дампуурал нь эцгийнхээ гарт амиа алдсантай ижил агуулгатай зүйл байсан ч байж мэдэх юм. Чухам яагаад гэдгийг өгүүлэхээсээ өмнө  Энрон болоод Артур Андерсены хэлхээ холбоо, хамаарлын талаар тодотгох байна.

 Артур Андерсены тухайд зөвхөн Энроны санхүүгийн хуурамч мэдээллүүдийг хуйвалдан батламжлаад байсан юм биш. Sunbeam, WorldCom Inc, Lehman Brothers, Tyco International, Global Crossing, Adelphia Communications, Waste Management, Washington Mutual зэрэг олон компанид аудит хийхдээ хуйвалдсан гэх мэдээллүүд бий. Зүй нь тэдгээр компаниуд санхүүгийн мэдээллүүдээ хуурамчаар гаргасан байхад, аудиторууд компанийн санхүүгийн үнэн бодит байдалд хараат бусаар хяналт тавьж чадах ёстой атал 1813 онд байгуулагдсан, Америкийн топ 5 аудитын үйлчилгээ үзүүлэгчдийн нэг Артур Андерсен тэгж чадаагүй байдаг.

Харин Артур Андерсены удирдлагууд Энрон корпорацийн Ерөнхийлөгч Жеффри Скилли, Санхүү хариуцсан захирал Эндрю Фастоу болоод Лиа Фастоу нарын удирдлагуудтай хамт хэрэгт татагдаад асуудал хүндрээд ирсэн үед эргүүлээд Энроныг бухсан байдаг.  Энронд хууртагдсан гэх тайлбарыг шүүхэд өгсөн ч, тэд аврагдаж чадаагүй. Холбооны шүүх Артур Андерсеныг буруутгасан, тэгээд дампуурсан. Харин одоо бол Артур Андерсен гэх нэрээрээ дахин байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Энрон болоод бусад томоохон корпорациудын  аудитын компанитай хийсэн хуйвалдааны уршигаас үүдсэн гэх дампуурал нь нэг талаас олон улс даяарх аудиторуудыг чадваржуулах тухай асуудлыг илүү ач холбогдолтой болгосон харагддаг. Харин нөгөө талаас  нь авч үзвэл нэлээд сонирхолтой зүйл яригдах юм.

 Эхэнд өгүүлсэнчлэн Энрон өөрөө Эдийн засгийн алуурчдын төрүүлсэн “хүүхдүүд”-ийн нэг байсан учраас дампуурал нь түүний эцэгтэй холбоотой байсан байж мэдэх юм байна гэсэн ойлголтыг “Хитмений өчил”-өөс авахаар байгаа юм. Зохиогч   Жон Перкинс бол  “ОУВС, Дэлхийн банк, хөрөнгө оруулалтын банкууд гэхчлэн даян дэлхийн сайн сайхны төлөө зүтгэхээр байгуулагдсан юм шиг нэр бүхий байгууллагуудаар халхавч хийн, байгалийн баялагтай ч зүдрүүхэн улс орнуудын улстөр, эдийн засагт ноёрхлоо тогтоох ажиллагааг гардан гүйцэтгэдэг байсан эдийн засгийн алуурчин мэргэжилтнүүдийн нэг билээ. Тэгвэл Жон Перкинс хаанаас ч юм гэнэт гарч ирээд том том төслүүдийг базан авч, гэрлийн хурдаар хүчирхэгжих болсон Энрон компанийн үйл ажиллагааг, удирдлагуудынх нь арга барилыг хараад, ерөөс тэр бүхнийг Хитменүүүдийн шинэ арга барил гэж харж байснаа өгүүлсэн байгаа юм. Тэгээд зогсохгүй Буш болон Энроны удирдлагууд нь Жон Перкинсийн өөрийнх нь  бусад хитментэй хамтран байгуулсан сүлжээний нэг хэсэг байсан гэдгийг мэдэж байсан хэмээн өгүүлснээс үзэхэд баялаг, эрх мэдлийг бүрэн эрхшээлдээ авч,  улам хүчирхэгжих бодлоготой, хэт их гүрнийг байгуулах тэмүүлэлтэй бүхэл бүтэн системийг тасралтгүй хөдөлгөж, шинэчилж, хүчирхэгжүүлэх даалгавартай, тэр чинээгээрээ асар их мөнгө хөлсөнд нь авдаг байсан эдийн засгийн алуурчдын нэг нь ингэж итгэлтэй хэлж байгаа нь тодорхой хэмжээнд итгэл төрүүлж таарч байгаа юм. Жон Перкинс ч өөрөө эрчим хүчний компанитай байсан. Тэр нь ч  бас дээрээс дэмжлэг авч урагшилж байсныг тэр өөрөө өгүүлсэн байдаг.

 Энроны тухайд Жорж Бушийг ивээн тэтгэсэн асуудал үүсч байсан нь дээр өгүүлсэнчлэн сүлжээний нэгээхэн хэсгүүдийн хувьд холбогдсон ч байж болох. Дэд Ерөнхийлөгч Буш залуу Бушийг нефтийн салбарт өндөр эрх мэдэл олгон суулгасны цаана ч сүлжээний бодлого байсан гэх агуулга бас явдаг. Жорж Бушийн анхны нефтийн компани Arbusto   дампуурлаас аврагдахын тулд Spectrum 7 компанитай нийлсэн ч, удалгүй Harken Energy худалдаж авсан байдаг. Гол нь тэр үед ч тэдний толгой дээр Жорж Буш суусаар байсан нь, компаниудын нэр нь солигдсоноос бус өөр бусад зорилго нь хэвээрээ байсныг илтгэж байсан мэт. Ямартай ч түүний эрх мэдэл нефтийн салбарт нэмэгдэхийн хэрээр Harken Energy ойрхи дорнодын газрын тосны салбарт хөл тавих гэрээнүүд хийгдэж эхэлсэн аж.

Тэгэхээр ингээд аваад үзэхээр эдийн засгийн алуурчид зах зээлийн зарчимаар бус  бүгдийг залгих гэсэн бодлогоор ажилладаг тул тэдний хүүхдүүд болох компаниуд санаатай болоод яахын аргагүй байдлаар дампуурахаас өөр гарцгүй байдаг байж болох. Яг л Бушийн нефтийн компаниуд нийлж, нэгдэж нэрээ сольж харагдаж байсан шиг.. Тийм явдал Энроныг дайрсан байж болох билээ. Энроныг дампууруулсан гэгдээд байдаг Артур ч гэсэн эргээд гараад л ирсэн шүү дээ.

 

Э.Болорхажид