Г.Оюунтунгалаг: Хүн бүхэн аз жаргалтай байгаасай гэж л хүсдэг

Дэлхийн алдарт Версалын хааны ордон, Луврын музейг тайлбарлагч анхны Монгол хүн болсон Галсангийн Оюунтунгалагтай уулзаж ярилцлаа.

Тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд 2017 оны 10 сарын 13-ны баасан гаригт "ФРАНЦААС ТЭЭСЭН ТУРШЛАГА" хэмээх сэдвээр илтгэл тавих гэж байна. Парис яагаад дэлхий дахиныг татаж чадав? Эгэл жирийн Луи Вьетон хэрхэн алдаршив? гэх мэт сонирхолтой мэдээлэл, мэдлэгийг ирсэн хүн бүртэй хуваалцахаар товложээ.

Версалын хааны ордон, Луврын музейг тайлбарлаж, олон орны иргэдтэй уулзаж байхдаа таны суралцсан зүйлсээс хуваалцаач?

Би Францад анзаарсан болон ирж байгаа жуулчдыг хараад эх орондоо хэрэгжүүлэх олон зүйл байгаа юм байна гэдгийг олж мэдсэн. Социализмын үед сурч боловсроод өсчихсөн тул бидний мэдлэгийн хэмжээ өнөөгийн хүүхдүүдтэй зөрөөд байна. Тиймээс Францад, Парист ирж байгаа жуулчдын хувьд тайлбарлаж байгаа үзмэрийнхээ талаар ярихдаа би заавал хэддүгээр зуунд баригдсан болон ямар шалтгаанаар баригдсан гэх мэтийг дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсдэг.

Парист очиж байгаа Монгол жуулчдад ингэж дэлгэрэнгүй тайлбарлах шаардлага үүсээд байна уу? Эсвэл таны мэргэжил ийм шаардлагатай байдаг уу?

Бид “энэ ямар сайхан классик загвартай юм бэ?” гэж яриад, асуугаад байдаг. Гэтэл классик гэж ямар ойлголт, яг юугаар нь тэгэж хэлж, тодорхойлоод байгаагаа мэддэггүй.  Би ч анх ийм л мэдлэг, мэдээлэлгүй байсан. Би ирсэн хүн бүртээ энэ талаар ойлголт, мэдлэг, мэдээллийг тархинд нь хийж өгөхийг хүсдэг. Тиймээс би “Францаас тээсэн туршлага” илтгэлээ тавихаар шийдсэн юм. 

Та Монголын музей, үзмэрүүд, үйл ажиллагаатай нь танилцсан уу?

Францад 0-18 насны хүүхдүүдийг музей үнэгүй үзүүлдэг. Ард түмний татварын мөнгөөр санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Тиймээс ч ард иргэд татвараа сэтгэл хангалуун төлдөг. Франц улс энэ салбараараа амьдарч байна. Энэ талаар би илтгэлдээ дэлгэрэнгүй бэлтгэсэн байгаа.

Та Луврын музейн албан ёсны тайлбарлагчаас гадна аялал жуулчлалын бизнест ажиллаж байна. Монголчууд Францруу хэр аялаж байна вэ?

Сүүлийн жилүүдэд Парист ирэх Монгол жуулчдын тоо нэмэгдэж байна. Миний эрхлэж байгаа бизнес бол харьцангуй өндөр өртөгтэй. Үзүүлж байгаа үйлчилгээгээрээ тухай орны соёл, түүхийг танилцуулж, буусан буудал, хооллож байгаа ресторануудын зэрэглэл, тээвэр зэргээс шалтгаалдаг байх. Ирсэн хүн бүрийг сэтгэл хангалуун, мэдлэг, мэдээлэлтэй аялуулсан цагт тэр хүнээр дамжуулан олон хүн Францад аялах шалтгаан болдог учраас би ажилдаа чин сэтгэл, хариуцлагатай байхыг чармайдаг.

Франц улс бол урлаг соёлоос гадна хувцас загварын алдартай өлгий нутаг. Та “Францаас тээсэн туршлага” илтгэлдээ эгэл жирийн Лиу Вьетон яагаад алдартай болсон тухай хуваалцахаар төлөвлөсөн байна.  Энэ тухайгаа дэлгэрүүлэн хэлээч?

Хамгийн чухал нь өөрийнхөө, эх орныхоо бүтээлийг дэмжиж байна. Лиу Вьетон бол 1854 оноос гаралтай гэж үздэг. Тухайн үеэс л өөрийнхөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг чухалчилж ирсэн. Лиу Вьетон ч энүүгээрээ нэр хүндтэй болсон.

Таныхаар Брэнд гэж юу вэ?

Аялал жуулчлалын салбарын ажилтны хувьд надад брэнд гэдэг үг нь чухал биш. Харин люкс /Lux/ гэж үг байдаг. Орчуулгаас харвал люкс гэдэг бол тансаг эдлэл, чамин эдлэл гэж орчуулагддаг. Тэгэхээр люкс бараа гэдэг бол дэлхийд алдарт гарч чадсан, өөрийн гэсэн сонгодог түүхтэй, маш гоё арга хийцтэй зүйлийг л хэлнэ. Дээр нь нэмээд зөв сурталчилгаатай, байнга үргэлжилдэг байх ёстой. Ийм зүйлийг л Люкс буюу брэнд гэж тодорхойлж болж байгаа юм. Миний хувьд Монгол брэнд гэвэл ноолуурыг хэлж болно.

Таны ажлын энэ амжилтанд нөлөөлсөн зан чанар, хандлага тань чухам юу гэж боддог вэ?

Би хүнийг дугаарлаж, ялгаж болохгүй гэж боддог. Аялагчдын багийг аваад явж байхад ирсэн хүн бүртэй яг адилхан харилцахыг хичээдэг. Хүн бүхэн аз жаргалтай байгаасай гэж л хүсдэг.

Уулзаж ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

Энэ яриагаар бидний уулзалт өндөрлөсөн юм. Эгэл жирийн, өөрөөсөө илүү хүний нутгаас эх орондоо хэрэгжүүлж, ард түмэндээ мэдүүлж болох олон мэдлэгийг тээн ирсэн тэрээр ярилцлагадаа өөрийнх нь тухай биш мэдлэг мэдээлэл болох зүйлсийг онцлон ярилцахыг уулзалтын эхэнд хүсч байсан юм. Монголчуудын өмнө алдарт Луврын музейн хаалгыг нээж, эх хэлээрээ таньж мэдэх боломжыг олгосон Галсангийн Оюунтунгалагын ертөнцөөс хэсэгхэнийг нь танд дэлгэлээ.

Зочин: Г.Оюунтунгалаг

Ярилцсан: Ц.Соёлмаа