Д.Бямбасүрэн: У.Хүрэлсүх шинэ Мөрийн хөтөлбөр гаргахгүй бол түүнээс сайн юм хүлээх хэрэггүй

Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн эрхэмтэй уулзаж ярилцлаа. Засаг огцорч, шинээр байгуулагдаж, улстөрчид улстөрөөр тоглож, завгүй байгаа энэ өдрүүдэд улстөржихгүйгээр үнэнийг хэлэх, ойрын биш холын зайг харах, Монголын төлөө үгээ хэлэх хүн бол Д.Бямбасүрэн гуай юм.

 

Өөрийг нь эсэргүүцэж буй бүлэглэлийн саналыг авахгүйгээр У.Хүрэлсүх намын даргын суудлыг авах хэцүү

 

-У.Хүрэлсүхийн кабинетад багтаж ажиллах шинэ сайд нарын нэрс тодорхой болсон үед та бид хоёр ярилцаж байна. Шинэ засагт сайдаар суух нөхдүүдийн нэрсийг харахад улстөрийн тогоонд шинэ биш хуучин нөхцөл байдал эргээд ноёлж байх шиг. Та улстөрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн шинжиж байна вэ?

Монголын улстөрийн одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэх юм бол улстөрийн тогтолцооны мухардал, дампуурал юм л даа. Ингэж хэлэхийн учир утга юу вэ гэхээр 1992 онд бид Үндсэн хуулиа анх батлахдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулахыг зориноо гэж ойлгосон. Хүмүүнлэг гэдэг нь хүмүүнлэг ёс, шударга ёс, энэрэнгүй ёс гэж ойлгосон. Ардчилсан нийгэм гэдгийг ойлгохдоо төр нь ард түмнээ дарамталдаггүй, эрх чөлөөг нь баталгаажуулах баталгаа болж байдаг юм, төр нь ард түмэндээ үйлчилдэг юм гэж ойлгосон. Иргэний нийгэм гэхээр иргэн хүн улс орныхоо хувь заяаны төлөө хариуцлага хүлээж оролцоотой байх юмаа гэж ойлгосон. Ийм гурван үндсэн зарчим л даа. Гэтэл сүүлийн 25 жилд Монгол орон нэлээн өөр замаар явлаа. Социологийн судалгааны дүнгээс харахад Монголчуудын 61 хувь нь “бид буруу замаар явж байна” гэж үзэж байна. Яагаад буруу замаар явчихав, юу болов гээд харахаар бид сүүлийн 10 жил, 2006 оноос хойш төр засагт хөрөнгө мөнгөний чинээгээрээ шургаж орсон олигархи бүлэглэлийн хуйвалдааны эрхшээлд явлаа. Монголд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм биш олигархи бүлэглэлийн засаглал тогтсон. Баялгийн хуваарилалт шударга биш байгаа тул Монголчууд баян хэрнээ ядуу, эрх чөлөөтэй хэрнээ дарангуйлал дор амьдрах боллоо шүү дээ. Энэ бол Монголын улстөр мухардалд орсны гол үндсэн агуулга. Энэ буруу зам руу Монголчуудыг улстөрийн гол хүчнүүд болох АН, МАН хоёулаа л хөтөлсөн. 2006 оноос хойш олон удаа хамтарч засаг барилаа. Хамтарч сонгуульд орохдоо олон удаа гуравдагч хүчнүүдийг шахаж, гаргалаа шүү дээ.

Одоо У.Хүрэлсүхийн удирдах Засгийн газар байгуулагдах дөхсөн, өмнөх Засгийн газар огцорсон  үйл явдал бол үүний хамгийн сүүлчийн илрэл юм. Төрийн эрх баригч хүчний дотор  хагарал үүсч, өөрийнхөө Засгийн газрыг өөрөө унагаж, зарим нөхдийн хэлж буйгаар  нэг намын доторх эвслийн Засгийн газар байгуулагдах асуудал үүслээ гэж байна.  Ер нь бол шинээр байгуулагдах засаг нь нийгмийнхээ хүлээлтийн түвшинд ажиллаасай даа, улс төр, төрөө цэвэрлээсэй. Тэгэх тусмаа Монголынхоо төрийг цэвэрлэх амлалтыг ард түмэндээ өгч, сөрөг хүчнээс гарч ирсэн Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж цэвэрлээсэй гэсэн хүлээлт байгаа. Харин сүүлийн үеийн мэдээллүүд, чимээ шуугианаас харахад байдал  өөрөөр эргэж байна.

Нэгдүгээрт, Монгол  Ардын Нам 2016 оны сонгуульд Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлаж, гарч ирсэн ч  мэргэжлийн засаг байгуулж чадаагүй. Тэр засгаа  огцруулаад  шинэ засаг байгуулахдаа дахиад мэргэжлийн биш Засгийн газар байгуулж байна. Энэ бол Монгол Ардын Намынхан угаасаа  Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгээ өөрсдөө ч ойлгоогүй, нийгмийн итгэлийг авахын тулд хуурч мэхэлсэн, ийм нэр томьёог хэрэглэсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, түрүүчийн Засгийн газрыг авлигад автсан, төрийн албыг худалдсан, 60 тэрбумын хэрэгт орооцолдсон, концессын гэрээний бусармаг явдлууд гарсан гэж буруутгаж  огцруулсан  тэр бүлэглэл  одоо ингээд ухарч байна. Эргээд нөгөө  бүлэглэлүүдтэйгээ эвсэх, тэднийхээ захиалгаар ажиллах байдалд хүрлээ. Улстөрийн нөхцөл байдал талаасаа үүнийг ойлгож болох юм. Яагаад гэвэл У.Хүрэлсүхийн хувьд Монгол  Ардын Намын даргын суудлыг авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал бий.

Намынхаа  өөрийг нь эсэргүүцэж буй бүлэглэлтэй ямар нэг хэмжээгээр хэлэлцээрт орж, тэдний саналыг авахгүйгээр У.Хүрэлсүх намын даргын суудлыг авахад хэцүү л дээ. 65 чинь үндсэндээ 33, 32 гэж салчихаад байна.  Ийм нөхцөлд  У.Хүрэлсүх намын дарга болох нь эргэлзээтэй. Гэхдээ У.Хүрэлсүх  намынхандаа тал засаад,  эв нэгдэл гэж  яриад холимог Засгийн газар байгуулж болно. Гэхдээ нийгмийнхээ итгэлийг алдах юм бол энэ засаг амжилтад хүрэхгүй. Бүх оролдлого нуран унана шүү дээ.

-Засгаа хүчтэй байлгахын тулд парламентаас сайд нараа оруулж ирж байгаа гэж Ерөнхий сайд хэлсэн л дээ. Нөгөө нэг мэргэжлийн байх, нөгөө нэг давхар дээлгүй байх энэ тэр гэсэн асуудлууд тээр хол хаягдлаа л даа...

У.Хүрэлсүхийн анхны алхмуудаас нэг зүйл таалагдаж байгаа нь УИХ-аас сайдаар томилогдсон хүмүүс давхар цалин авахгүй ээ гэсэн асуудал. Энэ бол маш зөв.  Өмнө нь цаадуул чинь давхар цалин авна, цаад талдаа сайдын суудлыг цэвэр бизнес болгож ирсэн. Тэгээд УИХ-д ирэхдээ гишүүний давхар хамгаалалтад байдаг. Энэ бол маш бусармаг тогтолцоо л доо. У.Хүрэлсүхийн хувьд сайдын цалин давхар авахгүй гэдэг шаардлага бол зөв.  Гэхдээ энэ шаардлагыг нь харгалзахгүйгээр дахиад л нөгөө сайдын суудал руу тэмүүлсэн хүмүүсийн цуваа үргэлжилж байна.  Сайдын суудлыг худалдахад цаана нь  их ашиг унана шүү дээ. Үүнийг сөрж зогсох уу, үгүй юу гэдгийг ойрын өдрүүд харуулах байх.

Давхар дээл  бол хүнд асуудал. МАН-ынхан буюу урьдын хувьсгалт намынхан парламентын суудлын 95 хувийг эзлээд байхдаа 2000 онд наад асуудлыг чинь шийдсэн шүү дээ. Гэхдээ 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нь Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрөөгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцээгүй. Үндсэндээ бид 17 жил Үндсэн хуулийн бус төр засагтай явж ирлээ. Улстөрийн хүчнүүд хоорондоо хуйвалдаж, заваарсаар байгаад  ийм байдалтай явж ирсэн. Одоогийн нөхцөлд У.Хүрэлсүхийг ойлгож болох нэг тал бий. У.Хүрэлсүх МАН-аас томилогдож байгаа Ерөнхий сайд боловч,  УИХ-ын гишүүн биш,  нам дотроо намынхаа эсрэг байр суурьтай очсон ийм  нөхцөлд УИХ-д ямар нэг дэмжлэгтэй байх үүднээс тэндээсээ Засгийн газрын гишүүдээ сонгож байна.  Цагийн нөхцөл байдалд тулгагдсан арга хэмжээ гэж үзэж болох юм. Гэхдээ нэг зүйл байна. Ер нь төрийн эрх мэдэл хутгалдаад, УИХ нь Засгийн газрынхаа барьцаанд ордог асуудал олон удаа тохиолдсон шүү дээ. С.Батболдын Засгийн газрын үед УИХ-ын гишүүдэд нэг нэг тэрбум төгрөг зарцуулах эрх мэдэл өгөөд л, алдагдалтай төсөв батлуулаад байсан. Тэрнээс хойш манай төсөв  үргэлж алдагдалтай яваа. Иймэрхүү л байдал руу ордог гэдгийг бодвол цаашдаа анхаарах биз.

-Ж.Эрдэнэбат гэсэн тэргүүнтэй засаг 404 хоног ажиллалаа. Дараагийн сонгууль хүртэлх хугацаанд У.Хүрэлсүхийн засаг ажиллах уу гэдэг нь бас нэг асуудал байх. Ямартай ч түүний удирдах засгаас хүлээж болох бодитой зүйл юу байх вэ?

2 жилийн  хугацаа л үлдлээ л дээ. МАН бол Монголд их юм амласан. Эдийн засгаа жил тутам 7 хувийн өсөлттэй авч явна гэсэн. Тэр нь ч өнгөрлөө. Өрийн асуудлыг шийднээ гэсэн. Улам нэмэгдэж  20 тэрбум  байснаа 25 тэрбум долларын зээл болж байна. Баахан газрын тос, зэс боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн алга. Үйлдвэрүүдийнх нь суурь одоо тавигдаагүй юм чинь хоосон амлалтууд болоод өнгөрөх нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг У.Хүрэлсүх хийж чадахгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. У.Хүрэлсүхийн хийж чадах нэг юм бол төрийн бодлогын чиглэлийг нь өөрчлөх. Гэтэл сая У.Хүрэлсүх УИХ дээр, намын бүлэг дээрээ  шинэ мөрийн хөтөлбөр гаргахгүй намынхаа мөрийн хөтөлбөрөөр явна гэж хэллээ. Намын Мөрийн хөтөлбөр бол ерөнхий шугам санааг гаргаж байгаа. Мөрийн хөтөлбөр гэдэг бол тодорхой зорилгыг тодорхойлох ёстой. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын шинэ Мөрийн хөтөлбөр гаргахгүй ээ гэж бодож байгаа бол энэ хүнээс сайн юм хүлээх хэрэггүй. Одоогийн У.Хүрэлсүхийн хийж чадах юм бол эдийн засгийн эрх зүйн орчноо үндсээр нь өөрчлөх ажлыг 2 жилд багтааж хийх ёстой. Хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль, ашигт малтмалын хууль, мөнгө зээлийн тухай хууль гээд бүх хуулиудаа цогцоор эргэж хараад Монголын үндэсний эрх ашгийг хамгаалж чадаж байна уу, үгүй юу гэдгээ гаргах ёстой.

Нэг жишээ аваад үзье. 2011 онд Хөдөлмөрийн яамнаас шалгалт хийхэд Оюутолгойд  ижил албан тушаалд ажиллаж байгаа Монгол хүний цалин гадаадын хүний цалин хоорондоо 13 дахин зөрүүтэй байсан. 2015 онд шалгалт хийхэд 28 дахин зөрүүтэй байсан.  Монголын уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс өнөөдөр гадныхан ирж мөлжих боолууд болж хувирсан байна. Чи үнэхээр миний баялгийг аваад дэлхийн зах зээл дээр, дэлхийн  үнээр нь борлуулж байгаа бол дэлхийн зах зээлийн жишгээр хүмүүст цалин өгөх ёстой. Тэднээс татвараа яаж авахаа бид мэднээ, чамд хамаагүй л гэх ёстой юм. Гэтэл гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд ажилчид нь үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхгүй л ажиллаж байна. Үндсэн хууль дахь эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн заалт маань юу боллоо. Үүнээс эхлээд У.Хүрэлсүхийн хувьд эрх зүйн орчныг цэвэрлэх асуудал маш чухал. Нэг Ерөнхий сайд гарч ирээд сэлэм эргүүлээд юмыг өөрчилнө гэж боддог. Эрх зүйн орчин гэдэг чинь тухайн нийгмийн архитектурыг тогтоочихдог юм.

Хоёрдугаарт,  уул уурхай, барилга, нийтийн хоол илүү ашигтай байгаа нөхцөлд ашиг олсон хэн ч болов тэр чиглэлийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийг бодохоос биш арьс шир боловсруулах, мах, ноосны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхгүй.  Тэгвэл чи татварын бодлогоо өөрчлөх хэрэгтэй болно. Уул уурхайн компаниуд үйлдвэрлэл нь буураад байхад инфляцийн нөлөөгөөр  ашиг нь өсөөд байгаа бол  компаниудад инфляцийн татвар гэж юм бий болгох хэрэгтэй. Гэхдээ татварын бодлого зөвхөн хамах бодлого байдаггүй. Дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Чи монголд металлургийн, зэсийн үйлдвэр хөгжүүлвэл, хөнгөн үйлдвэрт, газрын тосны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийвэл татварыг чинь тэдэн хувиар, тийм хугацаагаар хөнгөлнөө гэж бодлогоо гаргах хэрэгтэй. Тэгж тэр салбарууд руугаа хөрөнгийн урсгалыг бий болгох хэрэгтэй. Энэ бодлогыг 2 жилд хийж болно. Түүнээс биш нефтийн үйлдвэр барих чинь өнгөрсөн. Зэс гангийн үйлдвэр байхгүй. У.Хүрэлсүх үүнийгээ ойлгож чадвал энэ монголын төрд гавьяа байгуулна. Тэгэхгүйгээр Ардын намын мөрийн хөтөлбөрөө барьж ажилланаа гээд жилийн 7 хувийн өсөлт гарганаа гэвэл гадаад зах зээл дээр зэсийн үнэ өсөх үү, нүүрсний үнэ өсөх үү гэдгийг л харахаас өөр ямар ч хүлээлт байхгүй.

 

Монголын иргэд зээлээр нэг ч зүсэм талх авч идээгүй

 

-Эрх баригч МАН  хямралд орсон гэдгийг дотроос нь хэлж буй хүмүүс олон байгаа. АН ч ялгаагүй завхралтай л харагдаж байна. Ээлжлэн бас хамтран засаглаж ирсэн энэ хоёр намын удирдлагын түвшний хүмүүс нэг хөнжилд байдгийг гэрчлэх баримт мэдээллүүд ч хэвийн үзэгдэл болж. Ер нь Монголд улстөрийн нам гэж байна уу. Улстөрийн намаар халхавч хийсэн увайгүй үйлдэлтэй бүлэг хүмүүс бидэнд хэрэггүй биз дээ?

Хоёр асуудал байна л даа, наана чинь. Нэгдүгээрт, улстөрийн нам гэдэг бол тухайн нийгмийнхээ амьдралын жам ёс, зам мөрийн талаарх үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэг юм шүү дээ. Гэтэл манай Монголын улстөрийн намууд  ийм үзэлгүй болчихсон. Ардчилсан нам нь  либерал үзэлтэй гэж зарладаг. Ардын нам нь  ардчилсан социализмын үзэл гэж зарласан мөртлөө либерал үзлийн шаварт шигдчихсэн. Монголын улстөрийн нөхцөл байдлыг үзэл баримтлалын талаас нь авч үзэх юм бол үзэлгүй улстөрийн хүчнүүд либерализмын, нео-либерализмын шавар дунд, шуналын чөдөртэй цовхчиж байна шүү дээ. Улстөрийн аль ч хүчнийг төрд түлхээд, өргөөд  гаргасан хүмүүс нь Монголын баялгийг худалдах, эрх мэдэлтэй хугацаандаа өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө, өөрийгөө дэмждэг бизнес бүлэглэлүүдэд үйлчлэхийн төлөө л байна. Монголын нийгмийн эрх ашгийг дээдлэх чадваргүй байна.  Энэ нэг тал нь.

Хоёрдугаарх нь бид үргэлж өөрсдөө харж явах ёстой зүйл. Ерэн он хүртэл Монголд улстөрийн авангард нам байсан. Авангард нам гэдэг бол парламентын нам биш. Авангард нам гэдэг нь Лениний тодорхойлсноор ажилчин ангийн, хамгийн тэргүүний, дайчин ухамсартай зохион байгуулалттай тэр анги мөн гэсэн байдаг.  Бүх юмны урд туг бариад нийгмийн амьдралыг зоригжуулагч,  зохион байгуулагч хүч бол манай нам мөн гээд гүйдэг тэр улстөрийн хүчин. Түүнээс биш олон түмнийхээ дунд ухуулга явуулаад, үзэл бодолд нь үнэмшил төрүүлээд түүгээрээ төрийн суудал авдаг ийм улстөрийн хүчнүүд биш. Тэгвэл манайд ерэн оноос хойш сөрөг хүчин нөгөө хуучны авангард намтай барилдахдаа нөгөөдүүлийнхээ дүрмээр барилдсаар байгаад өөрөө авангард нам болчихоод байна. Одоо  Ардчилсан нам, Ардын нам хоёрын загвар нь тийм байна. Ардын намаас тасарсан Хувьсгалт намын загвар ч тэр,  ердөө л авангард намын бүлэглэлүүд. Ардчилсан нийгмийн нөхцөлд чөлөөт эдийн засгийн тогтолцооны нөхцөлд авангард бүлэг бол мафи бүлэг болдог юм байна гэдгийг бид амьдрал дээр харлаа. Ард түмэнд худлаа амлаад л, 1 сая төгрөг өгнө, 1.5 сая төгрөг өгнө, мэргэжлийн засгийн газар байгуулна, эсвэл юу ч гэдэг юм, худлаа амлалтаар төрийн эрх аваад л, нийгмийн баялгийг өөрсдөдөө хуваарилах л эрх авч байвал  өөр бусад юм  тэдэнд хэрэггүй. Эргээд нийгэм рүүгээ хардаггүй. Монгол Улс яагаад 20 тэрбум долларын өрөнд оров оо гэдгийг аваад үзэхээр Монголчууд зээлээр нэг ч зүсэм талх авч идээгүй шүү дээ. Энэ зээл хаагуур явсан бэ гэхээр баячууд гадагшаа бонд гаргаж, зээл аваад, тэрийгээ төсвөөс гадуур хуваарилаад зарцуулчихсан. Тэр нь одоо хүн бүхэнд өр болоод ноогдож байна.  Монголын улстөрийн намууд бол үндсэндээ төр лүү цутгах авлигачдыг нийлүүлдэг, дамжуулдаг хоолой болж хувирсан. Төрийн суудлыг тэдэнд худалддаг. 60 тэрбумын асуудал бол төрийн суудлыг худалдаж амьдардагийн гол сонгодог жишээ шүү дээ. Тиймээс  улстөрийн нам гэдэг ойлголтод бид хоёр талаас нь хандах хэрэгтэй.

Монголын улстөрд  үзэл алга. Дорнын төрт ёс, Их Монгол улсын төрт ёс бол олон мянган жилийн түүхтэй. Монголчууд  өөрсдийгөө Хүннү улсаас наашаагаа 2 мянгаад жилийн түүхтэй гэдэг юм. Миний өөрийн ойлголтоор Монголчуудын төрийн түүхийг наад талд нь 3537 жилээс ярьж болно, 2226 биш. Монголын төрт ёс гэдэг бол ийм өвтэй. Одоо төрд  орж ирж байгаа хүмүүс дорнын төрт ёс, түүний дотроос Монголынхоо төрт ёсны алтан зарчимууд, үзэл баримтлалыг ерөөсөө ойлгодог ч үгүй, судалдаг ч үгүй. Зүгээр гадаадад очиж либерализмын сурах бичиг үздэг юм уу, эсвэл техникумын сурах бичиг цээжилж ирээд Монголдоо УИХ-ын түвшинд юм уу, тэрнээс дээш түвшинд хэрэгжүүлэх гэж оролддог шүү дээ.

-Үнэхээр ч онол ярьсан, цэцэрхсэн залуусаар манай улстөр дүүрчихсэн байна...

Монголынхоо өөрийн үндэсний онцлогийг ойлгохгүйгээр төр барина гэдэг байж болохгүй л дээ. Жишиж хэлэх юм бол шим мандалд амьд бүхэн өөрийн экологийн хонгилтой байдаг. Бүргэд шувуу тэнгэртээ нисээд, хүчирхэг жигүүртний жамаар л амьдардаг. Ой ширэнгэд байгаа баавгай, далайд байгаа аварга загас өөр өөрийнхөө жамаар л амьдарна. Бүргэд шувуу аварга загас шиг амьдрах ёстой гээд гүйхгүй шүү дээ. Гэтэл одоогийн Монголын улстөрчдийн хувьд Монгол орон цаашдаа энэ дэлхий ертөнцөд, нийгмийн экологийн ямар хонгилд амьдрах юм бэ,  яаж амьдрах юм бэ гэдгээ ойлгодоггүй. Зөвхөн би мөнгөтэй л бол амьдарч болно гэсэн мөнгө шүтэх үзлээр л амьдардаг. Монгол орны хувь заяа, Монголчуудын ирээдүйн тухай асуудал биш, ямар нэг курс төгсөөд ирсэн барууны орны хүмүүс шигээ л баян сайхан гоё амьдрах ёстой гэсэн хүсэлтэй. Энэ хүсэл нь бүтээгч чадлаасаа түрүүлчихсэн. Монголд бүтээхээсээ өмнө баяжих сэтгэхүй гол байгаа учраас мөнгө шүтэх үзэл нийгмийг буруу тийш нь хөтөлж байна. Сүүлийн 10-аад жилийн дотор Монголын нийгэмд баян ядуугийн ялгарал  маш хүчтэй боллоо. Монголын бүх баялгийг гартаа барьсан олигархи бүлэглэлүүд  Монголыг худалдах  замаар л өөрсдөө баяжиж, иргэд нь ядуурч байна. Ерэн онтой харьцуулахад Монголын экспорт 10 дахин өсч, 6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэгвэл Монголчуудын амьдрал 10 дахин дээшилсэн үү. Орлого мөнгө хаана очсон бэ. Нөгөө баячуудын халаасанд ороод, баячууд нь тэр мөнгөнийхөө заримыг оффшор руу, заримыг нь Улаанбаатарт хахаж цацсан оффисын барилгуудаар чигжээд дууслаа шүү дээ. Ингэж үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж буй тул эдийн засгийн хямрал ч нүүрлэлээ. Үүнийг дагаад нийгмийн амьдрал зөрчилд орж, улстөрийн хямрал нүүрлэж байна.

-Захын хороололд олон хүүхэдтэй айл бүтэн талх авч идэж чадахгүй амьдарч байхад, зайсан тийш 20 нас хүрээгүй хүүхдүүддээ тэрбум тэрбумын үнэтэй байр авч өгч байгаа нэг хэсэг байна.  Хүнийг мөнгөтэй байгаагийнх нь төлөө буруутгаж болохгүй л дээ. Гагцхүү мөнгөтэй байх тэгш боломж иргэдэд байна уу гэдэг л асуудал юм...

Баялгийн хуваарилалт шударга бус зарчимаар явагдаж байна гэсэн үг л дээ. Монголын шим шүүстэй бүхнийг нь төрийн эрх мэдэлд хүрсэн цөөхөн бүлэглэл сорж байна. Ерөнхийлөгч маань 30 гэр бүлийн төлөө би Ерөнхийлөгч болохгүй гэж хэлж гарсан. Гэтэл 30 гэр бүл л  үндсэндээ Монголыг барьж, баялгийг нь цөлмөж байна. Монголчуудын ядуурлын асуудлыг бид ойлгох хэрэгтэй. Төрийн бодлого нь өөрөө ядуурлыг төрүүлж байгаа юм.

Монголд жил тутам 40-50 мянган хүүхэд дунд сургууль төгсөж байна. Тэдний өмнө ямар зам байна. Ажилгүйчүүдийн эгнээнд очих, эсвэл хувийн дээд сургуулиуд юм уу, чанаргүй янз бүрийн боловсролын систем рүү орж, эцэг эхийнхээ мөнгийг зарж дахиад 4-5 жил амь залгах, хэрэгтэй хэрэггүй диплом өвөртлөөд гарч байна. Тэгснийхээ дараа манай эрх мэдэлтнүүдийн сүүлийн үед гайхуулж ярьдаг ганзагын наймаачдын замаар орно шүү дээ.

Зүй нь дунд сургууль 12 жил болоод байгаа юм чинь,  2 жилд  нь мэргэжлийн баримжаа олгож, сургуулиа төгсөхдөө байшин барьдаг,  ногоо тарьдаг, токарь хийж чаддаг болгоод гаргасан бол тэр  хүмүүс баялаг бүтээгчид болж гарна. Гэтэл нийгмээ эргээд сороход, ширээний ард суухад чиглэсэн нөгөө л түшмэд болох хүсэлтэй хүмүүсээ гаргаж ирж байна. Тэр нь баячууд олигархи бүлэглэлийн хувьд  нийгмийг гартаа барих гол арга хэрэгсэл болж хувираад байна.

-Иргэд харанхуй, харалган байх улстөрчдөд хамгийн хэрэгтэй зүйл байдаг юм биш үү?

Бас ядуу байх нь ашигтай.

-Талх амлахад толгой дохих хэмжээнд байх уу?

20 мянган төгрөг, 50 мянган төгрөгөөр саналаа өгчихөж байгаа юм. Ийм чөтгөрийн тойргоосоо гарахад их хэцүү. Эдийн засгийн  хямралд байгалийн баялгаа ашиглаад ч юм уу, эсвэл зээл аваад хямралыг зогсоогоод өндийж болно. Улстөрд бол гаднаас зээлээр дарга авч болохгүй, зээлийн Ерөнхийлөгч, зээлийн Ерөнхий сайд олдохгүй. Украин гаднаас хүмүүс аваад юу болов, тиймэрхүү л маягтай болно. Тэгэхээр Монголоо гэсэн сэтгэлтэй эх орончид нь өөрсдөө дуугарах, өндийж босох тухай асуудал чухал юм. Мэдээж дарамт асар их байгаа. Тэгэхээр бид буруу замаар явж байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд, шинэчлэх арга замаа олж байж зөвдөнө.

 

Монголын сүүлийн зургаан Ерөнхий сайд олигархи бүлэглэлүүдийг нэгтгэн Засгийн газар байгуулсан

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт зөв зам руу дагуулах уу?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал энэ жил чамгүй их яригдлаа. Нийгэм уг асуудлыг гурван талаас харж, хүлээж авч байна. Хамгийн эхэнд хот суурин газрын статусын асуудал,  давхар дээлийг тайлах асуудал ч гэдэг юм уу, төсвийн зардлын асуудал ч гэдэг юм уу энгийн тодорхой асуудлууд байна. Үүнийг шийдээсэй гэж нийгмээрээ  хүлээж байгаа. Хоёрдугаар асуудал бол Монголын төрийн тогтолцоо маань болохгүй нь ээ, бид чинь 76 хүнтэй, мөнгөөр сонгогддог, намаар дамждаг, ийм хүмүүсийг, парламентыг төрийн эрх барих дээд байгууллага гэж зарлаад хамаг эрхийг нь өгчихсөн. Буудаг ч үгүй, тардаг  ч үгүй. Эмээлээ гэдсэндээ авсан морь шиг туйлдаг нэг байгууллага бий болчихлоо шүү дээ. Үүнийгээ өөрчилье, төрийн эрх мэдлийг ард түмний гарт өгье.  Одоогийн төрийн эрх мэдэл чинь олигархиудын гарт байнаа гэж ойлгосон нийгмийн хүлээлт байгаа юм. Гуравдахь нь юу вэ гэхээр Үндсэн хууль өөрчлөх  замаар Монгол төрийг улам сулруулаад,  Ерөнхий сайд гэдэг хэний ч сонгоогүй тэр албан тушаалтанд эрх мэдлийг өгч,  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасъя аа гэсэн  санал орж ирлээ л дээ.

2006 оноос хойш  Монголын сүүлийн зургаан Ерөнхий сайд ерөөсөө л олигархи бүлэглэлийн төлөөллүүдээ нэгтгэж л, Засгийн газар байгуулж гарч ирсэн. 2006 оны 1 дүгээр сард М.Энхболдын Засгийн газар хэдэн компанийн захирлуудыг цуглуулаад л их эвслийн Засгийн газар гээд гарч ирсэн. Би бол Цоохор Засгийн газар гэж хэлдэг юм. Цоохор засгаас хойш л С.Баярын, С.Батболдын, Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн, Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүртэл олигархиуд дуртай суудлаа авч ирлээ. Тамхины үйлдвэрийн эзэн  очоод л Уул уурхайн сайд болчихно. Хятад хэлний орчуулагч очоод л Уул уурхайн сайд болчихно. Ингэж Монголын төрөөр тоглолоо шүү дээ. Цаашдаа Монголын төрийг улам сулруулж,  өөрсдийнхөө захиалгаар УИХ-ыг байгуулчихдаг, хуулиа гаргачихдаг, засгаа байгуулчихдаг байх санаархал одоогийн УИХ дотор маш том байр эзлээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн суртал ухуулгыг явууллаа. Хүмүүсийн тархийг чамгүй угаалаа. Ингэсний үр дүнд Монголын улстөрийн хямрал улам ужиграх хандлагатай болж байна. Үндсэн хуулиа зөв өөрчлөхийн тулд ард түмнээрээ хэлэлцээд, саналыг нь аваад түргэн шийдэх юм бол бид энэ хямралаас гарч чадна. Өөрөөр бослого гаргаад юм уу, хоорондоо зодолдоод энэ асуудлыг шийдэхгүй. Эсвэл гаднаас  дарангуйлагч урьж авчирна гэвэл бүр ч бүтэхгүй асуудал.

1990 онд бол байдал нэлээн хялбар байсан. Одоогийн монголын улстөрийн тавцан дээр нөгөө хуучин улстөрийн хүчин, ардчилсан хүчин хоёр чинь хэн нь хэнийгээ хэлэхийн аргагүй сүлбээтэн болчихсон. Дээрээс нь олигархи бүлэглэлийн нөлөө,  гадны хөрөнгө оруулагчид гээд шинэ колоничлогчдын бүлэг, Монголыг эрхшээлдээ хараат байдалдаа оруулах гэсэн геополитикийн хүчин зүйлийн нөлөөллүүд ороод ирчихсэн байдаг. Одоогийн нөхцөл дэх улстөр бол маш төвөгтэй. Олон талыг харж шийдэхгүй бол, Ерөнхий сайд гэдэг бурхан Израиль, Герман, Японд байдаг гэнэ, Монголдоо хөрсөнд буулгая гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд, УИХ-д олон жил суусан хашир туршлагатай хүмүүс хүртэл энэ урхинд унаад явж байгаа юм. Миний бодоход хүний нас мөнх биш юм чинь чөлөөнд гарах цаг нь ойртохоор амьдралаа бодоо юм уу даа л гэж бодох юм.

-Нэр цохоод хэлж болох уу?

УИХ-ын  Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг Д.Лүндээжанцангаар ахлуулаад байж байна шүү дээ. Надад заримдаа хөгийн хөгийн юм бодогддог л доо. 1992 оны 7 дугаар сарын 20-нд шинэ Үндсэн хууль байгуулагдсаны анхны чуулган хийсэн. Нөгөө их хурлын гишүүд чинь хоорондоо бие биенийгээ хэн гэж дуудах учраа олдоггүй. Ноён гишүүн ээ л гэнэ, хүндэт гишүүн ээ л гэнэ. Би тэгээд чуулган дээр нь хэлсэн юм. Буриадын их эрдэмтэн Номтын Ринчен гэж хүн Ганжуурын Монгол орчуулгыг тодотгосноос нэг ийм бадаг байдаг юм.

Бэрх үйлийг бүтээвээс эрхэм хэмээюү

Бэрх утгыг тайлваас мэргэн хэмээюү

Бэрх зовлонг тэвчвээс хатуужил хэмээюү

Бэрх хорлолыг хариулваас баатар хэмээюү  гэж. Би их хурлын гишүүдэд хэлэхдээ “та бүхэн маш их хүнд үед улс орныхоо төлөө томоохон зорилтуудыг шийдэх хэрэгтэй болно. Тийм учраас их хурлын гишүүд хоорондоо эрхэм гишүүн гэж харилцаж байвал яасан юм бэ гэж” хэлж байсан. Тэрнээс хойш 25 жил эрхэм гишүүн гээд явна л даа. Энэ бол яахав их хурлын протоколд байдаг л байх. Одоо эргээд харсан чинь 25 жил их хуралд суусан зарим нөхдүүдээс маань нэг их эвгүй үнэр гараад байх юм. Эрхэм гишүүн гэсэн чинь эхүүн гашуун тийм үнэр гаргаад байгаа юм уу даа гэж бодох юм. Энэ нөхдүүддээ хэлэхэд жаахан ухаантай байя аа. Хүн нас ахилаа гээд улс эх орныхоо үндэсний эрх ашгийг улам чамбай бодохоос биш хөрөнгө мөнгөний урхинд унана гэдэг байж болохгүй зүйл шүү гэж хэлмээр байна.

Ерөөсөө мөнгөнд  хууртаад байна л даа. Жишээ нь, Оюутолгойн гэрээ яагаад болохгүй вэ гэдгийг тэр үед нь иргэний нийгмийн талаас хангалттай дуугарч байсан. Хангалттай мэдээлэл эрх баригчдад өгч байсан. Гэтэл гэрээ баталсан. Гэрээ батлагдсаны дараа би УИХ-ын гишүүдээс “та гэрээгээ үзсэн үү” гэж асуухад гэрээгээ үзсэн хүн байдаггүй юм шүү дээ. Яагаад гэрээгээ үзээгүй байж тэр хүн батласан бэ? Намын дарга нь энэ гэрээг батлавал дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлнэ гэж гишүүдэд тулгасан гэх яриа байдаг юм. Үүний цаад талд хоёр дахь хүчин зүйл нь хахууль шүү дээ. Хахуулиар тэд гэрээ батласан. Одоо Оюутолгойн гэрээ рүү гар дүрж чадахгүй, эргэж ярьж чадахгүй байгаа чинь хахууль авсны шинж шүү дээ. Оюутолгойн гэрээтэй холбоотой тодорхой хүмүүс бий. Ерөнхий сайд байсан С.Баяр, С.Батболд, Д.Зоригт, С.Баярцогт гээд хамгийн гол нь эдийн засгийн асуудлыг шийдсэн хүмүүс байна. Сүүлд нь Ч.Сайханбилэг очоод Дубайн хэлэлцээр хийлээ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн төлөвлөгөөг эргэн харна гэж хэлсэн байна лээ?

Зөв. Харахаас өөр яах юм. Гадны компани гадны банкнаас зээл авахад нь монголын баялаг, газар нутгийг барьцаанд тавьчихсан. Гадны компани дампуурлаа гээд явах л юм бол Дубайн арабууд ирээд манай нутаг гээд цэрэг оруулаад суучихна шүү дээ.

-Ер нь Оюутолгойтой холбоотой асуудлыг эргэн хараад залруулах боломж бий болов уу?

Бий. Энэ гэрээ шударга бус журмаар байгуулагдсан гэдгийг нотлох баримттайгаар олон улсын шүүхэд тавих юм бол гэрээ хүчингүй болно. Гагцхүү энийг хүсэх үү гэдэг нь л асуудал юм. Ардчилсан нам, Ардын нам хамтраад засгийн газар байхад гэрээг  анх баталсан. Дубайн төлөвлөгөөг ч баталсан. Одоо тэгээд намууд яаж хандах вэ гэдэг нь удирдлагаасаа их хамаарна. У.Хүрэлсүхийн хувьд  Дубайн хэлэлцээр ярьж байгаа юм, гэрээг бол ярихгүй байгаа. Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр сайд  байхдаа хөрөнгө оруулалтын баримтанд нь шалгалт хийгээд 2 тэрбум нэг зуун гучин сая ам.долларын хий бичилтийг гаргасан шүү дээ. Гэтэл Дубайн төлөвлөгөөнд  ямар ч зөрчил илрээгүй гээд гарын үсэг зурчихсан.

 

Монголын банкны систем жинхэнэ баялаг бүтээгчдийнхээ цусыг сорж буй  шимэгч хорхойнууд

 

-Эдийн засгийн хямралыг  зээл аваад илааршуулж болж байна гэж та хэлсэн. Гэтэл эдийн засгийн хямралын үндэс нь улстөрийн хямрал байгаад байна. Улстөр тогтвортой, тодорхой залгамж бодлоготой байхгүй бол гаднаас зээл авах энэ тэр бол түр зуурын гал унтраасан л арга хэмжээ болоод байна биз дээ? Ийм хүмүүс байсаар байхад дахиад л эдийн засгаа хямраана биз дээ?

Тэгнэ л дээ. Монголын эдийн засгийг үндэсний цогцолбор гэдэг утгаар нь аваад үзвэл тун хөөрхөн жижиг цогцолбор юм.  Бодит эдийн засаг нь 31 хувийн хуримтлалтай.  Ард түмнийхээ, төрийнхөө бүх хэрэглээгээ хасаад цаад талд нь  Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 30-31 хувь нь хуримтлал, хөрөнгө оруулалтын нөөц болж үлддэг. Үүнийг өндөр үр ашигтай эдийн засаг гэж хэлнэ. Гэтэл сүүлийн 10 жил явуулсан хөрөнгө оруулалтыг харахад хуримтлалаа үр ашиггүй юм руу аваачаад хийсэн. Хөрөнгө оруулалтын үр ашиг сүүлийн 10 жилд 2.5 дахин унасан. Хуучин 4 хувийн хуримтлал хийгээд 1 хувийн өсөлт гаргаж авдаг байсан бол одоо 10 хувийн хөрөнгө оруулалт хийгээд 1 хувийн өсөлт гаргаж чадахгүй байна шүү дээ. Заримдаа бүр тэрнээсээ доош унаж байгаа. Энэ нь олигархи бүлэглэлүүдтэй төр оновчтой эдийн засгийн бодлого явуулж чадахгүй байна.

Та оновчгүй бодлогын уршигийн талаар бодитой жишээ хэлээч?

Нэгдүгээрт, Монголын банкны систем жилийн 20 хэдэн хувийн хүүтэй зээл өгч байна. Энэ чинь жинхэнэ баялаг бүтээгчдийнхээ цусыг сорж байгаа юм. Эд бол шимэгч хорхойнууд, хачиг хувалзнууд. Хоёрдугаарт, хүмүүс төгрөгийн ханш унаад л байх юм гэж гайхдаг шүү дээ. Өнгөрсөн сонгуулийн үед  1400-гаад төгрөг байсан ханш одоо 2400 болоод мянган төгрөгөөр уналаа. Үүний цаана юу болж байгаа юм. Импортоор авдаг бидний иддэг уудаг зүйл, өмсдөг хувцас, бүх юмны үнэ нэмэгдэж байгаа. Нөгөө талд Монголын баялгийг экспортод гаргадаг уул уурхайн компаниудын төгрөгийн орлого нь шууд 60-70 хувь нэмэгдчихэж байгаа биз дээ. Төгрөгөөр бодохоор ашиг гараад ирнэ. Тэрийгээ эргээд баялгийн хуваарилалтаар гадагш нь ч гаргаж болно. Эсвэл оффисын барилга бариад тансаглаад сууж болно. Төрийн бодлого энэ бүхнийг харах ёстой. Өнөөдөр Монголын эдийн засагт нийтийн хоол,  барилга, уул уурхай гэсэн хамгийн өндөр үр ашигтай гурван салбар бий. Хамаг хөрөнгө оруулалтыг эд сорж байна. Гэтэл барилга гэдэг чинь эргэлт удаантай. Одоо манай зүүн талын барилгыг 10 жил барьж байна. Хөрөнгө хийгээд л байдаг, 10 жил бодит үр өгөөж байхгүй. Баячууд мөнгөний ханш улам их унасны дараагаар улам  ашигтайгаар худалдана гэж бодоод хоосон байшингууд бариад байгаа юм шүү дээ. Ингэж эдийн засаг нь хямарч байна. Төрийн бодлого ингэж олигархиудад үйлчилдэг. Түүнээс бус чи баян хүн халаасанд чинь мөнгө хийгээд явуулчихъя гэдэг болхи бодлого ховор л доо. Гэхдээ 2013-2016 оны хооронд Монголбанк 4 их наяд төгрөгийг банкнаасаа   барилгын компанийн баячуудын халаасанд хийж өгсөн шүү дээ. Үнэхээр дампуурсан бодлого явуулсан. Ардын намынхан үүнийг мэдэхгүй биш мэдэж байгаа. Өөрсдөө хүртчихсэн болохоор яаж ч чадахгүй сууж байгаа.

Чингис бондыг үр ашиггүй тараасныг бүгд мэднэ. Гэтэл Чингис бондоос хүртсэн компаниудын хүмүүс УИХ, Засгийн газарт ороод сууж байгаа юм чинь яах юм бэ. Олигархи засаглал  гэдэг бол үргэлж эдийн засгаа ялзрааж, унагаж явна. Монголын эдийн засаг хямралд өртөөд 6 сарын дараа тогтворждог юм. Тэгээд жаахан өндийгөөд ирэхээр нь дахиад цохиод унагаачихна. 2007 оноос хойш 10 жил ужиг хямралын орчинд амьдарч байна шүү дээ.

-МАНАН- гаас салах хэрэгтэй гэж олон жил ярьж байна.М.Энхболд, Ц.Элбэгдорж нар МАНАН болж тоглож байгаа, тэднийг зайлуулах хэрэгтэй гэж нийтлэлчид бичээд зөндөө удлаа. Та Монголын улстөр дэх МАНАН-г тодорхойлоод хэлээд өгөөч?

Миний ойлголтоор  МАНАН гэдэг үзэгдэл монголын улстөрд бодитой бий юу гэвэл тийм. Нам дамжсан олигархи бүлэглэлүүдийн хуйвалдаан гэдэг утгаараа МАНАН гэдэг бол бодитой юм. Би түрүүн хэллээ. 2006 оноос хойш л арван хэдэн жил явчихлаа. Наад дотор чинь монголын эдийн засагт ноёрхож байгаа хоёр гурван мафоз бүлэглэлүүд бий л дээ. Тэднийг залж жолоодож байгаа утгаараа МАНАН гэж яригддаг юм. Улстөрийн намуудын нэгдэл холбоог МАНАН гэж хэлэхэд бас учир дутагдалтай. Улстөрийн нам үзэлтэй байх ёстой юм. Ардын нам, Ардчилсан нам хоёрын үзэл юу вэ. Яг цаасан дээр гаргаж ирээд тавьж байгаа үзлийг нь харъя л даа. Ардчилсан нам бол ҮЗХ нь баталсан үзэл гээд тал хуудас материал байгаа. Одоо үзлээ шинэчлэнэ гээд чадах юм уу, үгүй юм уу.

 Ардын намынхыг аваад үзье. Ардчилсан социализм гээд зарлачихсан үзэл байж байна. Энэ үзэл чинь юу юм. Уг үзлийн гол номч, онолч Томас Майер хэлэхдээ ардчилсан социализмын үзэл нь католик ёс, марксизм,  либерализм гэсэн тулгын гурван чулуутай гэсэн. Бодоод үз дээ. Монголд католик ёс байна уу. Яахав социализм коммунизмын үзэл католик ёсны гүнээс ургаж гарсан, хэрэглээг дээдлэдэг, мөнгө шүтдэг нийгмийг төлөвшүүлдэг гэдэг утгаараа нийгмийн сэтгэхүйд ямар нэг ул мөр байгаа л байх. Нөгөө марксизмыг нь бид 70 жил туршаад сүүлдээ больё оо гээд орхичихсон. Ардын намд юу үлдэв. Ганцхан либерализм л үлдсэн. Одоо Ардчилсан нам, Ардын нам хоёрын үзлийн гол цөм нь ердөө л либерализм. Тийм ч болохоор гадаадад барууны орнуудад курс төгсөж ирсэн улстөрчид маань нэг л их иш татдаг болоод байна шүү дээ.  Америкийн тэтгэврийн чавганц ингэж хэлсэн гэнээ гээд л иш татдаг. Дорнынхоо төрт ёсны уламжлал, төр, төрт ёсны ухаан философийг авсан хүн өнөөдөр тун ховор л доо, манай дээдсүүд дотор.

Намууд үзэлтэй болж байж энэ МАНАН-гаас сална. Нэг нам нь эхлэг. Монголын үндэсний үнэт зүйлсэд тулгуурласан, тэрийгээ хүн төрөлхтөний үнэт зүйлстэй хослуулсан ийм замаар явнаа. Социализм гэхгүй, капитализм гэхгүй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийнхээ замаар явнаа гээд нэг нам нь хэлэхэд нөгөөдөх нь тэрийг давтвал хоёр өөр нэртэй нэг нам болж таарна. Тэгж давтахгүйгээр манай нам өмнөд хөрштэй адилхан Монголын онлогтой социализм байгуулнаа гээд зарлах юм бол нөгөө марксизмаа Мао Зедунтай нийлүүлсэн нэг улстөрийн хүчин гараад ирэх л байх, тэр дундаас. Үзлээ тодорхой болгооч ээ. Юу хүсээд,  хаашаа явах гээд байгаа юм. Зүгээр л хүүхдийн мөнгө өгөх, өгөхгүй гэдэг дээр зүүний нам нь болохоор огтолж хаяна гээд барууны нам нь болохоор өгье гээд булаалдаад сууж байх юм бол, наадах чинь үзэл биш. МАНАН хэзээ ч сарнихгүй. Тийм болохоор асуудал М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрт  биш намуудын улстөрийн үзэлд нь байгаа юм. Үзэлгүй нийгэм бол харанхуй нийгэм. Харанхуйд байгаа хүмүүс үргэлж бие биенийхээ хөл толгой дээр гишгэж мөргөлдөж явна. Монголын нийгэм одоо ийм л орчинд байна.

-Хүндээ биш үзэлдээ гэж та хэллээ. Гэтэл үзлийг хэн гарт баригдах бодит зүйл болгох вэ гэхээр хүн. Үзэлдээ хөтлөх үү, үзлээ хөтлөх үү гэдэг асуудал яригдах байх?

Төр төрт ёсны үзлээ өвлөж авах ёстой. Тэрнээс биш компанийн захирал тэрийг өвөрлөж явах ёсгүй. Төрийн жолоо барьж байгаа Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрд байгаа хүмүүст энэ хамгийн чухал зүйл байх ёстой. Би Монгол төрд зүтгэж явсан тэр үеэсээ  үзлийн асуудал чухам ямар байхыг төрийн тэргүүнүүдэд хандаж тавьдаг байсан. 1995 онд манай анхны Ерөнхийлөгч Хөгжлийн үзэл баримтлал гэж өөрийнхөө том өгүүлэл бичихдээ “ариун цагаан, атаа жөтөө, шударга шунал  монголчуудын амьдралын философи байх ёстой гэж бичсэн. 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгч сонгогдсоны дараа “Ерөнхийлөгчийн гол үүрэг бол улс нийгмийнхээ үзлийн цөмийг өөртөө тээж явах ёстой. Та тодорхойлооч, бид бүдүүлэг зэрлэг капитализмын замаар явах юм уу. аль эсвэл хүмүүнлэг иргэний нийгэм гэдэг замаараа явах юм уу” гэдэг асуудлыг тавьсан. Н.Багабанди Ерөнхийлөгч 1999 онд Ардчилсан социалист залуучуудын холбоо байгуулагдахад тэнд өгсөн баярын бичигтээ “Ардчилсан социализм бол Монголын ирээдүй мөн” гэж тодорхойлсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч гарч ирээд үндэсний ардчилсан үзлийн тухай ярьж эхэлсэн. Тэгж байгаад буучихсан. Дараа нь Ц.Элбэгдорж гарч ирлээ. Либерализмын үзэл дээр гол нь ярьсаар байгаад л өнгөрлөө шүү дээ. Одоо шинэ Ерөнхийлөгчийг харъя л даа. Энэ хүн маань ямар үзэл томьёолж юу гаргаж ирэх нь үү.

 

21 дүгээр зуунд Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг устгасан

 

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн  ажлын 100 хоног дөхөж байна. Юу амжуулах хугацаа вэ? Үзлээ тодорхойлж, хэлж ярих хугацаа мөн биз дээ?

Мөн л дөө. Х.Баттулга Ерөнхийлөгчид нэг том далим гарч ирсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл юм. Үүнтэй холбоотойгоор нийгмээ ингэж чиглүүлж явна гэж үзлээ ил тод хэлэх боломж байсан байх. Телевизээр нэг удаа ярилцлага өгсөн. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг олон талаас нь харж барина гээд болгоомжилсон санаагаа хэлсэн л дээ. Яахав явуулж байгаа үйл ажиллагааг нь харахад авлигын эсрэг тэмцэнэ, албан тушаал худалдахын эсрэг тэмцэнэ, Монголчууд баялгаа өөрсдөө эзэмшинэ, монголынхоо үндэсний эрх ашгийг хамгаална гээд эрүүл санаанууд бол гарч л байна.

Гэхдээ цэгцтэй томьёологдоогүй байна. Хажууд нь улстөрийн зөвлөх гээд нэг хүн очсон байгаа. Н.Алтанхуяг зөвлөхийн хувьд нийгэм янз бүрээр л ханддаг байх. Миний хувьд үргэлж хэлдэг. 20 дугаар зуунд  Монголд Шанзав да лам Бадамдорж гэж хүн байгаад Монголын улстөрийн тусгаар тогтнолыг устгаж байсан юм шүү дээ. Гэтэл 21 дүгээр зуунд Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд байхдаа эдийн засгийн тусгаар тогтнолыг устгасныг би эдийн засагч хүний хувьд үргэлж хэлнэ. Хэзээ ч өршөөхгүй, үргэлж л хэлнэ. 21 дүгээр  зууны Шанзав  гараад ирлээ шүү дээ. Одоо улстөрийн зөвлөхийг нь хийгээд тэнд сууж байна. Чухам Монголоо хааш нь явуулах юм байгаа юм  бүү мэд.

-Н.Алтанхуяг  эдийн засгийн тусгаар тогтнолыг үгүй хийсэн гэдгийг та тодотгож хэлээч?

Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо  яаж алдав гээд харъя. Нэгдүгээрт,  уул уурхай гэж гүйсээр байгаад их гүрний хараат байдалд орлоо.  Экспортын 90-ээд хувь урд хөрш рүү чиглэж байна. Өрөөсгөл хандлагатай болсныг бүгд мэднэ. Гэтэл сүүлийн үед Монголын төр нэг шийдвэр гаргалаа гэхэд гадны компани ОУВС-д очоод гомдол гаргалаа бол  7 хоногийн дотор УИХ шийдвэрээ өөрчилж байна.  Энэ бол эдийн засгийн бодлогын  тусгаар тогтнол байна уу,  улстөрийн тусгаар тогтнол байна уу гэдгийг харуулж байна. Энэ зам руу орохын үндэс яаж тавигдсан бэ гэдгийг Оюутолгойн гэрээ гэдгээс эхлээд харъя. Оюутолгойн гэрээний анхны төсөл 2005 онд боловсруулагдсан. Би 2005 оны 1 сарын 5-ны өдөр төслийг нь интернэтээс олж аваад Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргад, УИХ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга гуравт биеэрээ аваачиж өгөөд “ийм төсөл явж байна, болохгүй шүү, Монголчууд баялгийнхаа эзэн байх Үндсэн хуулийнхаа заалтаа хэрэгжүүлье ээ, гэрээнийхээ төслөө өөрсдөө гаргаад ийм  нөхцлөөр Оюутолгойг ашиглуулъя аа” гэсэн санаа оноогоо хэлж байсан. Гэтэл хүлээж аваагүй. Явсаар байгаад Оюутолгойн гэрээ батлагдлаа. Бүх баялгаа хүнд өгөөд сүүлд нь бид өртэй үлдэж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахаас өмнө 2012 оны 5 дугаар сарын 1-нээс эхлээд “Саус гоби сэндс”-ийнхэн баялгийнхаа нөөцийг урагш нь худалдах гэрээ хэлцэл хийсэн байсан. Сандран ядаж байж УИХ хуулийн заалт гаргасан нь лицензийг худалдахдаа Засгийн газраас зөвшөөрөл авна, зарим салбарынхыг зөвшөөрөхгүй гэж тусгасан байсан.  Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа энэ хуулиа хүчингүй болгоод, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гэж санаачилж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцээд Монголын эдийн засгийн нэгдмэл орон зайг задалсан. Өөрөөр хэлбэл,  их хөрөнгө оруулсан баячуудад 30 жилийн баталгаа өгнө, дараагийнхд нь 20 жилийн баталгаа, заримд нь 5 жилийн баталгаа өгнө гэсэн. Ингээд Монголын төр  татварын бодлого,  цалингийн бодлого явуулах чадваргүй, дургүй боллоо. Зээл хүүгийн бодлого явуулах чадваргүй боллоо. Ерөөсөө эдийн засгийн орон зайг задлаад хаясан. Одоо Монголд дотоод зах зээл рүү чиглэсэн, дотоод түүхий эд дээр тулгуурласан цөөн хэдэн аж ахуй л монголын хуулиар яваа. Дорнодын нефтийн үйлдвэр ч байдаг юм уу, зарим нь хятадын хуулиар яваа. Зарим нь Оюутолгойн хуулиар яваа. Өшөө зарим нь монголын хуулиас гадуур оффшор бүсэд яваа. Ингээд эдийн засгийн орон зайгаа задлаад эдийн засгйн тусгаар тогтнол гэдэг ойлголтыг ураад хаячихаж байгаа юм.

-Ерөнхийлөгчийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийн зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан болон байгаа хүмүүс шүү дээ. Та үүн дээр ямар бодолтой байна?

Ер нь Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч гэсэн нэг зүйлийг үргэлж бодох ёстой. Чамайг ямар улсууд хүрээлээд дагаж байна вэ, чи тийм л хүн байна шүү дээ. Олон түмэн тэгж л харна. Үүнийг үргэлж бодох ёстой. Чингис хааны сургааль болж үлдсэн нэг зүйл бол “Арслан мэт ноёныг бар мэт түшмэл дагана, явсаар байгаад чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагаж үхлийн замаар орноо”  гэж бичиж үлдээсэн юм шүү дээ. Үүний ард төрт ёсны маш том философи явдаг. Үүнийг үргэлж бодож явах ёстой. Одоо Засгийн газар байгуулагдаж байна. Засгийн газарт хэн орж ирж байна, Ерөнхийлөгч хажуудаа хэнийг нааж авч явж байна. Ерөнхийлөгчийн хувьд Н.Алтанхуягийг дэргэдээ авсан нь хоёр удаа Засгийн газарт нь гишүүнээр ажиллаж байсны хувьд эр хүний жудаг зааж дэмжээд аваач гэхэд нь авсан байх. Гэхдээ энэ хүний оролцоо хязгаартай байх нь дээр л дээ.

Нөгөө талд хууль хяналтын байгууллагуудын хувьд  тэдэнд итгэх ч хэцүү, итгэхгүй ч байх хэцүү. Хэдхэн сарын өмнө У.Хүрэлсүх гэдэг хүн бол Үндсэн хуулийн бус замаар төрийн эрх мэдлийг авах гэсэн гэмт хэрэгтэн мөн гэж АТГ нь тодорхойлоод прокурорт шилжүүлсэн, хэрэг нээсэн хүн шүү дээ. Гэтэл энэ хүнийг нам нь дэвшүүлээд Ерөнхий сайд болчихлоо. Нөгөө АТГ чинь хэн болж үлдэж байгаа юм. Ард нь тагнуул, цагдаа, гэрчүүдийг цагдаж хорьж байсан цагдаагийн байгууллага чинь хэн болж үлдэж байна вэ?

Энэ асуудлыг шийдэхэд ердөө л 7 хоногийн асуудал. Энэ байгууллагын толгойнууд үнэхээр л төрийн ажилтнууд мөн  юм бол төрд зүтгэлээ гэж өөрсдийгөө боддог юм бол өргөдлөө өгөөд зайлвал таарна. Үүний дараа хэнийг зөв буруу ялласны учрыг олж болно шүү дээ. Ийм цэвэрлэгээ хийхгүй байгаа нь төр засгийн бас нэг эргэлзээтэй асуудал болоод байна.

-Улстөр бол хариуцлага алдсан нөхдүүдийг хаацайлдаг хамгаалдаг талбар л болсон юм байна. Төр хуулийн байгууллага хариуцлага тооцдоггүй юм бол иргэд хариуцлага тооцож чадна гэдгийг С.Баярцогтод баяртай гээд явуулснаас харж болох уу?

Би хүүхэд байхдаа “Догшин салхи, ширүүн бороо” гэж ном уншиж байв. Тэр номонд гардаг хоёр нүүртэй хүмүүс би буруутай гээд өөрийнхөө хацрыг алгаддаг. С.Баярцогтын тухайд яг л тэрэн шиг,  оффшор данс нь илэрсэнд би буруутай гээд хацраа ганц алгадсан болоод өнгөрсөн. Яагаад С.Баярцогтод хүрч чадахгүй байна гэхээр бүгдээрээ түүний үйлдэлд хамрагдсан хамсаатнууд болохоор  яаж ч чадахгүй байна шүү дээ.

-Элчин сайд нарыг татах асуудлыг  Ерөнхийлөгч тавьсан. Тэгээд намжчихлаа?

Ер нь гадаадад сууж байгаа Элчин сайд гэдэг бол төлөөлж байгаа улсынхаа төрийн тэргүүний бие төлөөлөгч гэж явдаг юм. Өмнө нь болох болохгүй янз бүрийн хүмүүсийг томилчихсон нөхцөлд шинэ Ерөнхийлөгч гарч ирээд элчин сайдуудаа солино гэдэг бол энгийн асуудал. Тэр тусмаа Оюутолгойн гэрээ хэлцэлтэй холбоотой элчин сайдуудыг татах л ёстой л доо. Лондонд элчин сайдын үүдэнд нэг эмэгтэй плакат барьж зогсоод хэдэн сар ч болов доо. Энэ нөхцөлд бол улс орныхоо нэр төрийг  бодоод элчин сайдаа татах хэрэгтэй. Гагцхүү хийе л гэсэн бол зоригтойгоор тасхийтэл хийх хэрэгтэй. Одоо болтол нөгөө элчин сайд чинь хэвээрээ явж л байна.

Аливаа асуудлыг шийдэхгүй мөртлөө сөхөж тавинаа гэдэг бол дуугай байснаасаа долоон дор нөхцөл үүсгэдэг юм шүү дээ. Тэрийг  тойрсон баахан хуйвалдаан, хэл ам,  хэрүүл зарга үүсдэг. Асуудлаа шийдвэл эрс шийдэмгий шууд л шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгч үүн дээр бол цаг алдаж байна. Туршлага дутаад байгаа ийм асуудал байна. Цаад талд нь сөрөг улстөрийн хүчин УИХ-д давамгай болохоор өнөөдөр Ерөнхийлөгчийн тавьсан асуудлыг шийдэхгүй дарагдуулж байна. Энэ бол 2020 онд Ардын намынхны хувьд томоохон чулуу болж ирнэ. Том чулуу болж толгой дээр нь унана.

-Та ингэхэд шинэ даргатай болсон АН-ын маргаашийг хэрхэн харж байна вэ?

Гол нь намын үзэл. С.Эрдэнэ дарга байхдаа биш.  АН гэж ямар үзэлтэй нам бэ,  үнэхээр монголд  хүчтэй нь хүчгүйгээ барьж байдаг  капиталист нийгмийг цогцлуулах уу, аль эсвэл хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлуулах уу гэдэг дээр АН байр сууриа илэрхийлэг л дээ. Монголын улстөрд хөлбөмбөгийн команд шиг сонин заншил бий боллоо. Ерөөсөө л сонгуулийн үед хоорондоо бөмбөг өшиглөлцдөг, хаалгаараа бөмбөг оруулчихвал нэг болдог. Энэ чинь цаашдаа хол явахгүй нийгэмд их хортой юм. Намын гишүүн гэж байгаа хэн ч болов би юуны төлөө намын гишүүн бэ гэдгээ л ойлгох ёстой. АН-ын  нэг давуу тал нь монголыг социалист нийгмийн тогтолцооноос  гаргахад нийгмээ дагуулж явсан улстөрийн хүчин. Гэтэл энэ давуу тал чинь өнөөдөр ямар байдалд хүрч байна вэ. Зүүн эрэг дагаад хад чулуу мөргөж явсан онгоц баруун эрэгт очоод шаварт шигдчихлээ. Энэ шавраасаа гараад голынхоо гольдиролыг олж явах уу, аль эсвэл шавар дундаа цовхчоод байх уу гэдэг асуудал байна. Ардчилсан нам ялгаагүй Ардын намынхантайгаа адилхан нүгэл хийсэн. Монголын эдийн засгийг унагахад унагасан. Монголын нийгмийг доройтуулахад доройтуулсан. Олигархи засаглалыг төрүүлэхэд төрүүлсэн. Хамт л явсан хоёр. Нүглээ бол энэ хоёр тэнцүүхэн хуваана. Хэн нь түрүүлж ухаарах вэ? Миний бодоход АН-ынхан үзэл бодлоо шинэчлээд саяхан хурал болсон сурагтай байна. Төсөл гаргаад яваа юм байна. Харж байгаад больё л доо.

МАН бол үзэлгүй улстөрийн хүчин ямар болдог вэ гэдгийн классик жишээ л боллоо. Толгойг нь мафи бүлэглэлийн хэдэн баячууд бариад авсан. Түүгээрээ дамжиж төрийн эрх мэдэлд хүрдэг, төрийг худалддаг. Харин тэдний эсрэг нам дотроосоо босох хүч байгаа нь монголын нийгмийн  төрүүлсэн эерэг үр хөврөл юм уу даа. Гагцхүү тэд нь бид үүний төлөө явж байгаа юм шүү гэдгээ ойлгох уу,  аль эсвэл хоолонд хүрээд амрах уу гэдгээ өөрсдөө шийднэ биз дээ.  

-Цаг гарган ярилцсан танд их баярлалаа.

Э.Болорхажид