Зүрхний гажигтай 41 хүүхэд Бээжин хотыг зорилоо

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Ингээд хоёр орны Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн хэрэгжүүлэхийн тулд  Шастины улсын гуравдугаар эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтарсан гэрээг байгуулсан. 

БНХАУ-ын Улаан загалмай сан хүүхдийн эмчилгээний бүх зардал болон хоол унаа, нэг харгалзан авч явах ар гэрийн хүний зардлыг даах юм.

Харин Шастины гуравдугаар эмнэлэг зүрхний гажигтай хүүхдийг оношилж, зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгоно.  МУЗН эдгээр шат дараалсан үйл ажилагааг зохион байгуулж, хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээж байна.

Түүний дагуу БНХАУ-аас тэргүүлэх зэргийн эмч нар хүрэлцэн ирж, эхний ээлжинд мэс засал хийлгэх   шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд хүргүүлэхээр болов. 

  Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилнэ. Эхний ээлжинд 54 хүүхдийг сонгоод энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол өнөөдөр 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт  Бээжин хотод очиж эмчлүүлэхээр явлаа. Хүүхдүүдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг Хятадын тал  бүрэн даана. Зүрхний гажигийг эмчлэх хагалгаа хамгийн өртөг өндөртэйд тооцогддог бөгөөд Монгол Улсад эмчлүүлэх болвол 25 хувийн зардлыг эмчлүүлэгч өөрөө төлөөд үлдсэн зардлыг улс хариуцдаг ажээ. Гэвч 25 хувь болох 3-5 сая төгрөг гаргаад эмчлүүлж чадахгүй тохиолдол олон. Харин энэхүү төслийн хүрээнд хагалгаа болон түүний дараахь эмчилгээ, Бээжин эсвэл Хөх хотод явж эмчлүүлэх замын зардал байр хоол, эцэг, эх асран хамгаалагчийн нэгний бүх зардлыг дааж байгаа нь том боломж юм.

Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлж явдаг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгон авсан байна. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.  

Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь 4 сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна.

Тэднийн Галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон төслийг хариууцан ажиллаж буй Улаан загалмайчид, ах дүү төрөл садных нь  хамт үдэн гаргаж,  МУЗН-аас гарын бэлэг өглөө. 

Жич: “БНХАУ-ын  “Нэг зам- нэг бүс” хэмээх төрийн бодлогын хүрээнд бусад орнуудад  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ замын дагуух 10 гаруй улс оронд эрүүл мэндийн чиглэлээр тусламж үзүүлэх юм.   БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа учраас “нэг зам- нэг бүс” хэмээх бодлогын хүрээнд улс орнуудад туслах санаачлага гаргаж, Улаан загалмайн байгууллагаараа дамжуулан эрүүл мэндийн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Тус байгууллага  10 гаруй  жилийн турш 120 мянган төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмчилгээ хийсэн байна

МУЗН