Б.Нарантулга: Сэтгэл засалд урлагийг ашиглах нь өндөр үр дүнтэй байдаг

Дэлхийн хүн төрлөхтөн нийгмийн хөгжил, даяаршлаа даган бие махбодь, сэтгэл зүйн өвчлөлд ихээр өртөж байна. Үүнээс улбаалан сэтгэл зүй, сэтгэл заслын шинжлэх ухаанд ч хөгжил дэвшил гарсаар байна.

Дэлхий дахинд 1940 оноос хөгжиж эхэлсэн “Арт терапи” буюу урлагийн сэтгэл засал манай улсад шинэ тутам хөгжиж байна.

Сэтгэл зүйчээс урлагийн давхар мэргэжил шаардаж байдаг энэ эмчилгээг сүүлийн жилүүдэд амжилттай хийж байгаа зураач, сэтгэл зүйч Б.Нарантулгатай ярилцлаа.

  • “Арт терапи” гэж юу вэ?

“Арт терапи” гэдэг нь урлагийн сэтгэл засал гэж орчуулагдаж байна. Хамгийн анх урлагийг сэтгэл засалд ашиглаж болох юм гэсэн санааг уран бүтээлч хүн гаргасан байдаг. Тэрээр зураач хүн байсан бөгөөд сүрьеэгээр өвчилж эмнэлэгт хэвтэж байхдаа зураг зурах нь эмчилгээний үйл явцыг хурдасга болох юм байна гэж үзээд, түүнийгээ өвчтөнүүдэд туршиж үзсэн байна. Яг тэр үед нь сэтгэцийн эмч нар өвчтөнүүдээр ямар нэг бүтээл хийлгэж, зураг зуруулах нь хэл яриагаар илэрхийлэх боломжгүй зүйлсийг илүү илрүүлэх боломжтой юм байна. Хэл яриагаар хүрч болохгүй байгааг хэсгүүдэд хүрч болох юм байна гэсэн дүгнэлт хийжээ. Ингээд 1940 оноос сэтгэцийн эмч болон уран бүтээлчид хамтран энэ төрлийг /Арт терапи/ хөгжүүлсэн байдаг. Ингээд урлагаар дамжуулж сэтгэл заслын эмчилгээ хийж ирсэн.

Сэтгэл засалд урлагийн бүх төрлийг ашиглаж болно. Зөвхөн зураг ч биш урлаг гэхээр шүлэг, ном зохиол, жүжиг, дуу, бүжиг зэргийг ашиглаж болно.

  • Та зураач мэргэжилтэй. Ямар учир шалтгаанаар сэтгэл зүйч болсон бэ?

Би өмнө нь зураач мэргэжлээрээ хүүхдийн номын чиглэлээр ажиллаж байсан. Хамгийн анх “Миний анхны ном” хэмээх 3 настай хүүхдүүдэд зориулсан ном гаргаж байсан. Энэ номоо гаргахаар судлаж байх явцдаа бага насны хүүхдүүд ямар төрлийн зураг сонирходог, яагаад сонирхолтой байна, ямар дүрсийг илүү хүлээж авч байна гэх мэтээр судлаж үзсэн.

Ингээд 2009 оноос бага насны хүүхдийн сэтгэл зүйн талаар судлах зайлшгүй шаардлагатай болсон. 2012 онд МУИС-ийн Сэтгэл судлалын ангид элсэн суралцсан. Хүүхдийн сэтгэл зүйгээс гүнзгийрүүлэн сэтгэл зүйг судлах юм бол урлагаар дамжуулан насанд хүрэгсдэд ч сэтгэл заслын үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх төрөл байдгыг мэдэж авсан. Би өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр суралцаж, судалсаар л байна даа.

  • Арт терапистууд манай улсад хэр их байна вэ?

Урлагийн сэтгэл заслыг уран бүтээлчид, сэтгэл зүйчид дор бүрнээ том далайцтай биш ч гэсэн хэрэглээд явж байгаа тохиолдол бий. Жишээлэхэд 2009-2010 оны үед Монголын Урлагийн зөвлөл П.Н.Шастины нэрэмжилт Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтраад урлагийн сэтгэл заслыг ашиглан төсөл хэрэгжүүлж байсан. Гэхдээ яг энэ төрлийн дагнасан судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл байдаггүй. Мөн Уран бүтээлч, Сэтгэл зүйчид урлагийн сэтгэл заслын аргыг байнгын дагнасан ажлаа болгоогүй байгаа учраас Арт терапистууд олон нийтэд хангалттай танил болоогүй байна.

  • Таны ажиллаж бйгаа “Арьяамед” эмнэлэг урлагийн сэтгэл заслыг өдөр тутмын сэтгэл зүйн эмчилгээндээ ашиглаж байна. Үйлчлүүлэгчид хэр их хандан ирж байна вэ?

Манай эмнэлэг 2016 оны 10-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Сэтгэц мэдрэл, сэргээн засах эмнэлэг учраас зөвхөн сэтгэл зүйн асуудлаас гадна сэтгэц мэдрэл эрүүл мэндийн үйлчилгээ авах хүсэлтэй иргэд их ирж байна. Монгол хүний сэтгэл зүй, сэтгэл засал, сэтгэл мэдрэлийн талаарх ялгаатай ойлголтуудыг сайн мэдэхгүй байгаагаас хамаарч Арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг зориод ирэх хүн одоогоор их биш байна. Тиймээс 2016-2017 онд үндсэн эмчилгээнүүдэд дэмжлэг болох зорилгоор Арт терапиг ашиглаж байна.

  • Арт терапигаар үйлчлүүлэгчдийн хандаж байгаа гол шалтгаан болон гарч байгаа үр дүн хэр байна вэ?

Төрөл бүрийн эрүүл мэнд, сэтгэлийн асуудал, шалтгаантай хүмүүс ирж байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд “Тик” хэмээх оноштой тохиолдол түгээмэл ажиглагдаж байна. Энэ нь элдэв рефлексээр илэрч байна. Нүдээ байнга анивчих, гар хуруугаараа юм оролдох, хоолой амаа засах гэх мэт үл ялиг зовлонт үйлдлүүд бий болсон байдаг. Төрсний дараах гэх мэт төрөл бүрийн сэтгэл гутралын шалтгаантай хүмүүс ирж байна.

Урлагийн сэтгэл засал буюу Арт терапи маш өндөр үр дүнтэй байгаа. Уламжлалт сэтгэл заслын арга буюу сэтгэл зүйчтэй уулзаж ярилцах, зөвлөгөө авах сэтгэл заслыг үйлчилгээ нь тухайн хүнтэйгээ олон удаагийн уулзалт хийж ярилцаж байж үйлчлүүлэгчид ямар асуудал байгааг олж илрүүлдэг. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа хүнийхээ нүүрийг харж ярих шаардлагатай учраас их хугацаа зарцуулж байж сэтгэлээ нээж асуудлаа ярьдаг. Харин урлагийн сэтгэл засал бол хэн нэгний нүүрлүү харж, өөрийн амаараа асуудлаа ярих биш гурав дахь зүйлрүү анхаарлаа хандуулж байдаг учраас богино хугацаанд үйлчлүүлэгчийн асуудал ил гарч ирдэг. Тухайн үйлчлүүлэгчид энэрэнгүй байдаг учраас урлагийн сэтгэл засал үр дүн өндөр байдаг. Мөн гуравдагч зүйлээр дамжуулан сэтгэлд таашаалтай зүйлийг хийж, шинэ төрлийн хоббитой болох бололцоог үйлчлүүлэгчид олгож байна.

  • Урлагийн сэтгэл заслын дараах үр дүн хэрхэн гарч байна вэ?

Сэтгэл засал гэдэг бол өвчнийг тариа тариад намдааж, эдгээж байгаа шиг тэр дороо үр дүн харагдахгүй. Харин сэтгэл засал авч байх явцдаа зурж байгаа зураг өөрчлөглөх, өнгөний сонголт дагнасан нэг биш олон өнгийг хольж сонгох, харандааны даралт хөнгөрөх гэх мэтээр урлагийн сэтгэл засал үр дүнгээ өгч байгааг хаж болно.

Жишээлэхэд Тик оноштой 6 настай нэг хүүхэд Арт терапи засал хийлгэсэн. Тэр хүүхэд дэлбэрэлт болж байгаа зураг зурсан. Энэ хүүхдийн зураг дээр чөлөөт нийлэмжийн арга буюу хүүхдээр чөлөөт сэдвээр зураг зуруулахад ингэж зурсан байна. Тухайн зураг дээр сэтгэл засалчтайгаа хамтран ажиллаад ирэхээр хүүхэд зурсан шалтгаанаа ухамсарлаж ойлгоод, сэтгэлийг нь зовоож байсан асуудал зураг дээр илэрч гарч ирж байгаа учраас тайлал хийгдэж эмчилгээ үр дүнтэй болж байсан.

  • Арт терапи сэтгэл заслын үргэлжлэх хугацаа хэр байдаг вэ?

Арт терапи буюу урлагийн сэтгэл заслын өрөөнд орж ирсэн хүн хамгийн түрүүнд мэргэжлийн сэтгэл зүйч эмчээр оношлуулна. Дараа нь арт терапи оношлогоо хийнэ. Гэр бүлээс, хувь хүний хөгжилийн, гадны нөлөөллийн стресс байна уу? эсвэл өөр төлийн шалтгаан байна уу гэдгийг тогтооно. Ингээд эмч нартай зөвлөлдөж оношыг тогтоон урлагийн сэтгэл заслаа эхлүүлдэг. Энэ нь тухай хүнээр бүтээл хийлгэнэ. Түүнийгээ задлан тайлбарлаж ярилцана. Ингэхдээ бүтээлийг ямар нэг ухамсаргүйгээр бус зорилго чиглэлтэйгээр хийлгэнэ. Нийт 5-8 удаагийн уулзалтаар урлагийн сэтгэл заслыг хийж болно. Магадгүй тухай үйлчлүүлэгчийнхээ асуудлаас шалтгаалж 3-8 удаагийн уулзалт хийнэ.

  • Урлагийн сэтгэл заслын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор энэ сарын 28-ны өдөр “Стресс ба Арт терапи” сэдэвт уулзалт хийх гэж байна. Энэ тухай дэлгэрүүлэн яриач?

Урлагийн сэтгэл засал нь шинэлэг байгаа учраас олон нийтэд таниулах зорилгоор тодорхой сэдэвтэй уулзалт, сургалтыг хийж байна. Энэ удаад 10-р сарын 28-ны өдөр “Стресс ба Арт терапи” гэсэн уулзалт зохион байгуулах гэж байна. Стресс гэхээр хүн маш том зүйл, хүнд асуудал мэтээр хүлээж авдаг. Гэтэл бид өдөр тутамдаа маш олон эерэг болон сөрөг стресст өртөж байна. Тэгвэл стрессээ бид урлагаар дамжуулан хэрхэн даван туулах вэ? гэдгийг голлон ярилцах болно. Яг урлагийн сэтгэл заслын нэг удаагийн уулзалтаар юу хийгддэгийг ирсэн зочиддоо харуулж, турших юм.

  • Сэтгэл заслын шинэлэг үйлчилгээ болох Арт терапи буюу Урлагийн сэтгэл заслыг хөгжүүлж байгаа таны ажилд өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Хүний тархи, сэтгэл эрүүл байвал махан бие ч эрүүл байх боломжтой юм. Тиймээс хүн бүр сэтгэл санаагаа тайван байлгах, өөрийн шинэ хоббиг олж авах, урлагаар дамжуулан сэтгэл санаагаа засах боломж байдаг гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

 

Зочин: Буриадын Нарантулга  -   Арт терапист

Ярилцсан: Ц.Соёлмаа