Б.Дангаасүрэн агсны дүү Б.Дансал: Ахтай хамт явсан хүмүүс 10 жил надаас зугтаж байна

АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсны дүү Б.Дансалтай уулзаж, ярилцлаа. Одоогоос 10 жилийн өмнө 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Дангаасүрэн агсан учир битүүлгээр, хилийн чинадад амиа алдсан байдаг. Талийгаачийн цогцсыг  Монгол нутагт нь  2007 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр авчирж, задлан шинжилгээг 11 дүгээр сарын 4-ний өдөр хийсэн байдаг аж. Харин Л.Жамбалжав  нарын 7 хүний бүрэлдхүүнтэй баг 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр задлан шинжилгээ хийсэн хэмээн акт үйлдэж, дүгнэлт гаргасан байдаг нь сонин. Ингээд Б.Дансал гуайтай ярилцсанаа хүргэе.

-АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсан харамсалтайгаар, тодорхойгүй нөхцөл байдалтайгаар амиа алдсанаас хойш 10 жил өнгөрчээ. 10 жил гэдэг бол хүний амьдралын бүхэл бүтэн нэг үе шүү дээ. Тодорхой бус олон асуудлуудыг тодруулаад өгөөч ээ гэж та өнгөрсөн жилүүдэд явлаа. Төр засгийн удирдлагуудад ч хандаж ирсэн. Энэ хугацаанд гурван Ерөнхийлөгчийн нүүрийг үзжээ. Танд, танай гэр бүлд амаргүй жилүүд өнгөрсөн байх?  

-Ах маань 2007 оны 10 дугаар сарын 25-нд  Олон улсын авлигын эсрэг бага хуралд явж байгаад Австралийн Сидней хотод бурхан болсон. Хүн хорвоогоос буцах нь ертөнцийн жам. Гэхдээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд миний хувьд, манай төрөл төрөгсдийн хувьд эргэлзээ дагуулсан хэд хэдэн асуудал байсаар ирсэн тул холбогдох газруудад хандсаар ирсэн юм. Нэгдүгээр асуудал нь ахыг нас барсан тэр өдөр Австралиас Монголын төрд мэдээлэл өгсөн байдаг. Тухайн үед ахтай хамт явсан, одоо АТГ-т ажиллаж байгаа Б.Энхтуяа гэдэг хүүхэн Монгол руу, АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнд мэдээлэл өгөхдөө  “дарга өнгөрсөн шөнө зочид буудалд харамсалтайгаар нас барлаа” гэсэн байдаг. Гэтэл 9 хоногийн дараа намайг Сиднейд очиход зочид буудалд ерөөсөө байрлаагүй, хувь айлд  аваачиж хаясан байсан.  Тэднийг очихоос 7 хоногийн өмнө АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл зочид буудалд байрлах гэрээг факс илгээж цуцалсан байдаг. Зочид буудалд байрлах захиалгаа цуцласан гэдгээ тухайн үедээ ахад болон бусад хүмүүстээ мэдэгдээгүй. Улаанбаатараас нисээд Сөүлд хонох шөнөө “Бид одоо очоод буудал байхгүй шүү. Хоёр айл бэлдчихсэн, тэнд гурав, гурваараа очно” гэж хэлсэн байгаа юм.

Ахын тухайд бие нь жаахан эвгүйцэж “Та нар тэр хувь айлдаа байдаг юм байгаа биз. Би бол зочид буудалд байнаа” гэж байсан байдаг. Гэвч яваад очсон, онгоцноос  буусан, зочид буудалд байрлах ямар ч бололцоогүй. Нэгэнт цуцласан учраас хүлээн авах боломж байхгүй гэсэн байдаг. Тэгээд л хоёр өөр айлд гурав, гурваараа байрласан байгаа юм. Ахаас гадна  АТГ-аас таван хүн явсан. Дээр нь төслийн удирдагч, орчуулагч А.Өлзийбаяр гэдэг эмэгтэй  явсан байдаг юм. Эндээс 10 дугаар сарын 22-нд нисч, 22-ныхоо орой Сөүлд хоносон. 23-ны орой Сиднейд очоод, 24-нд анхны хуралдаа бүгдээрээ орсон.  Тэгээд л 24-25-нд шилжих шөнө, 25-ны үүрээр бурхан болсон байдаг юм.

-Зочид буудалд өрөө захиалчихсан байсан хэрнээ цуцласан шалтгаан нь яг юу байсан юм бол. Нэгэнтээ олон улсын хуралд оролцохоор явж байгаа хүмүүсийн байрлах байрны зардал төсөв мөнгө эхнээсээ тодорхой байсан баймаар юм. Тийм болоод л зочид буудалд захиалга өгсөн болов уу. Зардал мөнгө нь хүрэлцэхгүй болоод цуцлаагүй баймаар. Та энэ талаар тодруулж байсан уу?

-Би зөндөө лавлаж байсан. Тэр хүн цуцлаж болно. Гэхдээ хамт явж байгаа багийн ахлагч юм уу, газрынхаа даргатай зөвшилцөх ёстой. Тэр Д.Алтангэрэл бол надтай уулзахгүй зугтаадаг юм. Одоог хүртэл надтай уулзаагүй. За тэдэн цагт уулзъя, аяга кофе ууж байгаад сэтгэлээ онгойтол яръя гэхэд байдаггүй.

-10 жилийн хугацаанд нэг ч уулзаагүй гэж үү?

-Нэг ч уулзаагүй.

-Одоо тэр хүн хаана юу хийж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар ажиллаж байгаад гарсан гэсэн. Ямар ч байсан одоог хүртэл уулзаагүй явж байгаа л юм. Тийм юм чинь хүнд хар төрүүлнэ шүү дээ. За яахав очоод хувь айлд янз бүрийн байдлаар байлгасан байж болно. Гэхдээ бид мөнгө хэмнэх зорилгоор айлд байлгасан гэж ярьдаггүй юм. Тэр Д.Алтангэрэл гэж хүн Олон улсын хурлын төлөөлөгчдийн байрыг ямар үндэслэлээр дур мэдэн ганцаараа цуцалчихаад хэлэхгүй байж байгаад, хүний нутагт Солонгост очоод хэлдэг байна. Тэр Б.Энхтуяа гэж хүн бол худлаа хэлсэн. Тэр Д.Алтангэрэл бол зочид буудлыг цуцласан.

Эргэлзээ дагуулдаг бас нэг нөхцөл юу вэ гэхээр цогцос Монголд ирэхдээ бүрэн бүтэн гэж протоколдож бичиг ирсэн байдаг. Би 2007 оны 11 дүгээр  сарын 3-нд Улаанбаатарт ирсэн. 11 дүгээр  сарын 4-нд цогцост шинжилгээ хийсэн. Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Л.Жамбалжав эмчтэй, 7 хүний бүрэлдэхүүнтэй баг шинжилгээ хийсэн. Тэгэхэд хоёр нүдийг нь ухаж авсан, 5-6 хавирга хугарсан байдалтай байсан. Австралийн талын задлан шинжилгээ бол элэг, бөөр, зүрх, дэлүү гэсэн 7-8 зүйл дээр хийгдсэн байсан. Дээж авч шинжилсэн хэсгүүдээ бүгдийг нь тусгай хар уутанд хийгээд, хэвлийд нь хийгээд оёчихсон байсан. Тэр битгий хэл  гавлын ясыг нь  100 хувь нээж, дотроос нь тархийг нь салгасан. Сүүлд мэдэхэд, тусгай шар өнгөтэй цэнхэр голчтой ногоон шар хуванцараар нүдийг орлуулж хийсэн. Тархиных нь оронд  цаас энэ тэр янз бүрийн юм чихээд, тархийг нь суулгаж өгсөн байгаа юм. Энэ талаар асуухаар манайд нүдний талаар мэдээлэх боломж байхгүй гээд хэлдэггүй юм. Би хоёр удаа бичиг явуулж байсан. Бидэнд өгөх тодорхой мэдээлэл байхгүй гээд хэлдэггүй.

За мөн эргэлзээ дагуулдаг бас нэг зүйл бол хамт явсан хүмүүсийг уулзъя гэхээр зугтаагаад байдаг.

-Монгол Улс Авлигатай Тэмцэх газартай болж, даргаар нь Б.Дангаасүрэн гэж олонд танил биш хүн томилогдох нь гэх мэдээллийг хэвлэлүүд бүгд л мэдээлж байсан. Хуулийн салбартаа бол таны ах сайн танигдсан хуульч байсан л даа. Харин Монголчуудын хувьд бол шинэ хүн байсан. Тэгээд удалгүй өөд болсон. Юу болов, яав ийв гэцгээгээд л хоцорсон л доо...

-2006 оны 12 дугаар сарын 28-нд АТГ-ын статус УИХ-аар орж батлагдсан шүү дээ.  Тэр өдөр ах  даргаар нь томилогдсон. 2007 он гараад 10 дугаар сарын 7-нд, өөрөөр хэлбэл 25-наас хэдхэн хоногийн өмнө АТГ мөрдөн байцаах эрхээ авсан байдаг.

Галсангийн Жамьян гэж хүнийг та нар мэднэ. Тэр хүний ярьснаар бол 2006 оны 12 дугаар сарын 28-нд  УИХ-аар томилогдчихоод гарч ирэхэд нь сэтгүүлчид  “Авлигын эсрэг та яаж ажиллах вэ. Авлигатай тэмцэх ажиллагааг юунаас эхлэнэ гэж бодож байна вэ? гэж асуухад  “Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг бол оройноос нь эхлэж шалгах ёстой” гэж хариулсан байдаг. Оройноос нь шалгана гэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхэлж шалгана гэсэн үг. Энэ асуудлаасаа болж амь насаа алдсан гэсэн утгатай зүйлийг Г.Жамьян гуай  хэлсэн байдаг юм.

Сэтгүүлчид надаас  “Таны ахыг  чинь Энхбаяр нухчихсан юм биш биз дээ. Та Энхбаярын талаар ерөөсөө юм ярьдаггүй. Та бол Энхбаяр даргыг их өмгөөлж хамгаалдаг. Ямар учиртай юм бэ гэж” асуудаг. Н.Энхбаяр дарга чинь Ерөнхийлөгч байхдаа  2006 онд 200 гаруй хуульчдаас шигшиж, материалтай нь танилцаад, бараг хоёр гурван сар судалсан байдаг юм. Тэгж байж даргаар ажиллах боломжтой хүн гэж тавьчихаад, эргүүлээд тэр хүнийгээ хорооно гэж байхгүй шүү дээ. Би логикоор бодоход тийм байгаа юм л даа. Нарийн асуудлыг бол би мэдэхгүй.  

-200 гаруй хуульчаас шигшээд таны ахыг АТГ-ын даргаар томилж байжээ. Ах тань өөрийнх нь нэрийг санал болгож байгааг сонсоод ямар анх ямар сэтгэгдэлтэй байсныг асуумаар санагдлаа?

-Тэр тухай би юу мэдэх вэ.

-Таньтай ер ярилцаж байгаагүй юу тэр талаар. Та ер нь ахтайгаа нарийн ширийн зүйл хэр ярьдаг байв.  Улстөрийн чанартай юм уу, ажилтай нь холбоотой ч юм уу?

-Өө тийм юм ярихгүй. Зүгээр л ахуй амьдралын тухай ярина уу гэхээс улстөр, ажлын тухай бид хоёр ярьж байгаагүй. Зүгээр яахав, тэнд Ерөнхийлөгчид нөлөөлсөн хүмүүс байдаг юм. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гэж хүнийг та нар сайн мэдэж байгаа. Ж.Бямбадорж ярьж л байсан л даа. “АТГ-ын даргаар ахыг чинь очуулахад би нэлээн хүчилсэн, Ерөнхийлөгчид санал тавьж байсан. Би одоо буруу юм хийв үү дээ гэж өөртөө боддог. Чи надад гомдож барихгүй биз дээ” гэж надаас асууж  байсан л даа. Тэрэнд гомдоод байх юм байхгүй шүү дээ. Ж.Бямбадорж бид хоёрын хувьд хамт нэг онд, нэг жил Ховд аймгийн төвийн 10 жилийг төгссөн хоёр.

-Таны ах АТГ-ын даргын хувиар бичсэн ил захидал тухайн үед ихээхэн анхаарал татаж байсан. Захидалдаа “Одоо боллоо! Хэдий болтол энэ бүхнийг хүлцэн тэвчих юм бэ? Амьдралын минь утга учрыг хүртэл үгүй хийж дуусахаас нь урьтаж цөмөөрөө хамтран авлигыг устгая! Хөгжлийг сааруулж, ядуурлыг гааруулж байгаа авлигатай бүгдээрээ гар, санаа нийлэн одооноос л тэмцье! Буруу бүхнийг өөрчилье! Эрх мэдлээ ашиглан биднийг хохироох гэсэн аливаа үйлдлийн эсрэг хамтдаа зогсъё! Хэн нэгэнд тал засах гэхдээ та бидний хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг уландаа гишгэж байгаа гэм буруутай үйл ажиллагааг таслан зогсооё! Амьдралынхаа сайн сайхныг, ирээдүй хойчоо авран хамгаалцгаая! Үр хүүхдүүддээ эрүүл саруул, шударга нийгэм өвлүүлэн үлдээе” гэсэн байдаг...

-Монголд 21 дүгээр зууны эхээр шинэ тутам газар байгуулагдаж байлаа. Ер нь ийм газрын үйл ажиллагаа ямар байх ёстой вэ, хэрхэн ажиллах ёстой юм гэхчлэн асуудлуудыг тодорхой судласан судлаачид, тэр талаар өндөр мэдлэгтэй сэтгүүлчид тухайн үед Монголд нэг их байгаагүй байх гэж боддог. Тийм ч учраас хүмүүс АТГ-ыг янз бүрээр л ярьдаг. Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй л ажил байгаа байх.

-Австралиас ирсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт болон манай улсын эмч нарын хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зөрүүтэй байсан гэдэг асуудлыг та олон жил ярьж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын намаас УИХ-д дэвшиж байсан Л.Жамбалжав эмч таны ахад задлан шинжилгээ хийсэн багийг ахалж байв. Хачирхалтай нь, ахын тань цогцосыг монголд авчраагүй байхад урьдчилаад дүгнэлт гаргачихсан гэдэг нь улстөрийн юм уу, ямар нэг нөлөөлөл дагаж байсан уу гэж харахад хүргэдэг л дээ?

-Би Австралиас 2007 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Монголд ирсэн гэдгээ хэлдэг. Ахын цогцосыг аваад Буянт-Ухаад буусан шүү дээ. Монголын төр өөрсдөө хүлээж авсан. Л.Жамбалжав ахлагчтай манай Засгийн газрын комиссын акт  11 дүгээр сарын 1-ний өдөр гарсан байдаг юм. Хар төрүүлэхээс өөр арга байхгүй л дээ. Л.Жамбалжав чинь надтай их маргадаг байсан юм.

-Юу гэж маргадаг гэж. Л.Жамбалжав эмч сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайг хоригдож байхад хувийнх нь эмч гэдэг нь тодорхой болж байсан шүү дээ?

-Л.Жамбалжав эмч чинь МАХН-ын Удирдах зөвлөлд байсан юм байна лээ шүү дээ. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Нэг орой телевиз харж байтал Л.Жамбалжав гарч байна. Тэгсэн зарим нэг хэвлэлээс надруу яриад “Таньтай бараг байлдаан зарладаг Л.Жамбалжав чинь УИХ-д дэвшиж байгаа юм байна” гэж миний байр суурийг сонирхож байна. Би  маргааш нь хоёр гурван телевизд яриа өгсөн юм. Нэг хүний нас барсан шалтгаан тодорхойлж чадахгүй хүн Монгол Улсын төрд ороод, ард түмнийг төлөөлж УИХ-ын гишүүн болно гэж байхгүй. Чи нэрээ татвал таарна, ичдэггүй юм уу чи” гэж ярилцлага өгсөн юм. Тэгээд сонгууль  дууссан. Мань эр 800 гаруй хүний санал авсан байна лээ. Тэгээд л “чамаас болж УИХ-д очоогүй” гэнэ. Хааяа утсаар ярина. Алдсан хүн арван тамтай гэгчээр та бид хоёрын яриа урьд нь ингээд цэгцлэгдчих байсан. Та буруу акт гаргасан юм уу. ер нь хариуцлагагүй хандсандаа ард түмнээсээ уучлалт гуйчих ёстой байсан. Тэгвэл би таны өмнө сонин сонин юм яриад, таныг хүнд байдалд оруулаад яваад байхгүй ээ гэсэн л дээ. Мань эр бол 11 дүгээр сарын 1-ний өдөр бид задлан хийсээн, яах аргагүй хийсэн гэж надтай маргаж байсан юм.  

Би хоёр гурван жил чимээгүй явсан юм. Тэгээд дараа нь Улсын Прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Болд гэж нөхөртэй очиж уулзсан. Прокурор чинь ямар нэг хэрэгт хяналт тавьдаг газар гэсэн. Тэгвэл би  хүсэлт тавьж байна, хяналтаа тавиад шалгаад өгөөч гээд Л.Жамбалжав нарын гаргасан актыг үзүүлсэн. 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр манай ахын цогцост задлан  хийсэн гэсэн комиссын дүгнэлт гаргаад, бүгдээрээ гарын үсэг зураад, бүгдээрээ хувийнхаа тэмдгийг дарсан байдаг юм. 11 дүгээр сарын 1-ний өдөр шинжилгээ хийж дараах дүгнэлтийг гаргалаа гэсэн байдаг. Би үүнийг санаанаасаа зохиож яриагүй юм. Бүгдээрээ өөрсдөө хувийнхаа тамга тэмдгийг дарсан байдаг. Тиймээс би прокурор дээр очиж уулзаад юу хэлсэн бэ гэхээр Улаанбаатараас Бээжин, Бээжин Сидней, Сиднейгээс Сөүл Улаанбаатарт ирсэн онгоцныхоо тийзийг үзүүлсэн. Та нар намайг гүтгэж болноо. Гэхдээ би олон улсын нислэгээр УИХ-ын Тамгын газраас яв гэсний дагуу явсан, ирсэн. Ийм л зүйл болсон гээд бүх зүйлээ хэлсэн чинь их гайхаж байгаа юм л даа. Тэгэхээр нь би “Та нар гайхаад байх юм ерөөсөө байхгүй. Иргэн хүн үг хэлж байхад та нар хүлээж авах ёстой. Дарга байна уу, малчин байна уу, тариаланч байна уу, Монгол Улсын иргэн хүн ямар нэгэн хүсэлт гаргахад та бүхэн хүлээж авах ёстой”  гэж хэлсэн. Аргаа бараад та нар ерөөсөө хүнд итгэдэггүй юм байна, үгүй бол та нар суудлаа өг, дарга хийхээ боль, залуучуудад наад ажлаа шилжүүл гэсэн л дээ. Би чинь эд нартай их хэрэлддэг юм.   

Шинжилсэн дүгнэлтийг үзүүлээд, онгоцныхоо тийзийг үзүүлэхэд шал өөр байдалтай болж байгаа байхгүй юу. Гэсэн ч тэгээд ямар нэг шийдэлгүй, тодорхой хариугүй өдийг хүрсэн.

-Австралийн шүүх эмнэлгийн дүгнэлт болохоор уургийн дутагдлаар амиа алдсан гэж дүгнэлт гаргасан байдаг. Австралид таны ахын үхлийг хууль хяналтын байгууллагаас нь шалгаж нягталсан зүйл байдаг уу?

-Манай улсыг хариуцсан өргөмжит консул Петр Слоан гэж өвгөн байгаа. Энэ жил 83 настай хүн байна. Тэр хүн 10 жилийн өмнө хэрэг явдал болоход Монгол Улсыг төлөөлөөд, намайг төлөөлөөд хоёр гурван ч удаа зуу, зуун доллар төлж өргөдөл гомдол гаргасан байдаг юм. Өмнөд Уэльсийн шинжилгээний төв, задлан хийсэн эмнэлэг, мөн ахыг аваачиж үзүүлж байсан Гэгээн Винсентийн эмнэлэг гэх мэт олон газруудаар явж удирдах хүмүүстэй нь уулзаж байсан байдаг. Манайхан болохоор зүгээр ингээд л маргаад яваад байгаа юм. Тэнд болохоор өргөдөл гомдлыг  олон гаргасаан. Австралийн талаас ирсэн албан бичиг дээр байдаг юм. Нэгдүгээрт, задлан шинжилгээнд оруулахад танай төлөөлөгчдөөс оролцох хүн байна уу гэж асуусан. Бүгдээрээ гадна коридорт байсан. Нэг нь ч оролцоогүй гэж байгаа юм. Миний толгой өвддөг, би даралт ихтэй, би зүрхний өвчтэй гээд хэн нь ч ороогүй байдаг юм. Хамт яваад орчихсон бол арай  өөр л байх байсан байх даа гэж би дотроо боддог.

Уургийн дутагдал гэдгийн тухайд, хүний бие организмд 8 амин хүчил байдаг. Би өөрөө хүнсний таваар судлалын багш, 40 гаруй жил хийж байгаа хүн. Хүний уураг бол хүчтэй хордуулагчийн нөлөөгөөр л задарна. Зүгээр байж байгаад задрахгүй шүү дээ. Дандаа амин дэм, хоол тэжээлээр баяжиж явдаг зүйл. Тэнд маш өчүүхэн хэсгийн ч юм уу, хортой зүйл ороход хүн дуусна шүү дээ. Миний бодлоор  маш богино хугацаанд явагдсан зүйл байна лээ.

-Монголын шүүх эмнэлэг хараат нөхцөл байдалд дүгнэлт гаргадаг гэдэг нь олон ч хэрэг явдлаар баталгаажиж өдийг хүрлээ. Австралийн дүгнэлтийн тухайд аливаа нөхцөл байдлаас хараат бус дүгнэлт гарсан гэдэг итгэл үнэмшил танд байдаг уу?

-Австралийн талын дүгнэлтийн тухайд  Петр Слоун гуай бидний өмнөөс өөрөө өргөдөл гаргасан. Англи хэл дээрх дүгнэлтийг би өөрөө орчуулж болохгүй. Засгийн газрын тусгай референтүүд хууль хяналтын байгууллагын нөлөөн дор орчуулдаг юм байна лээ. Тухайн үед Засгийн газрын референт байсан, одоо Тагнуулын газрын дэд даргаар очсон Ж.Донжчинбуу тодорхой хүмүүсээр орчуулуулж надад өгсөн. Гадны дүгнэлт бол маш нарийн үздэг юм байна.

-4-5  хавирга хугарсан шалтгаан нь яг юу байдаг юм бол?

-Хүний бие организм, хүний анатоми гэдэг чинь маш нарийн зүйл. Тодорхой хэмжээний хүч очиход хавирга бол яах ч үгүй. Тэрнээс давсан хүч очиж байж хүний хавирга хугарна гэсэн үг шүү дээ. Австрали Монголын хооронд зорчигч тээврийн онгоц гэж байхгүй. Засгийн газар, УИХ хоорондоо яриад олон улсын стандартын дагуу гурван давхар хайрцагт цогцосыг хийнэ гэсэн. Хамгийн гадна талд нь цаасан хайрцаг. Барааны чанартай оруулж ирж байгаа байхгүй юу. Нэгэнт хайрцаглачихсан бие цогцос бол хугарч гэмтэнэ гэж байхгүй. Манай энэ нөхдүүдийн ярьж буйгаар бол тэнд айлд байж байгаад бурхан болсон байгаа шүү дээ. Хамт явсан улсууд нь юм уу, гэрийн эзэд нь юм уу массаж хийсэн гэж байгаа юм. Массажийг буруу хийхэд хавирга хугармааргүй юм. Л.Жамбалжав эгч тэгдэг л юм байна лээ. Яах аргагүй 4-5 хавирга хугарсныг Австралийн тал ч, манай шүүх эмнэлгийн дүгнэлтэд ч гэсэн оруулж өгсөн  байдаг.

Австралийн өмнөд Уэльсийн хуулиар бие барсан цогцосыг цагийн дотор хотоос гаргах ёстой гэдэг юм байна лээ. Тийм аюултай хуультай юм билээ. Зүгээр  60-70 км биш, 160 км-ийн цаана аваачдаг юм байна. Би очсоныхоо маргааш Петр Слоун гэж өргөмжит консултайгаа цуг шарил хадгалах газар очсон. Тэгэхэд тусгай тавцан дээр хайрцагт хийгээд тавьчихсан костьюм пиджак, зангиатай, үсийг нь самнаад, нүүрийг нь янзлаад, бүр гоо сайханд оруулчихсан юм шиг, унтаж байгаа хүн ямар байдаг вэ. Тийм байдалтай болгосон байсан. Намайг тэр үед очиход нүд нь байхгүй байсан юм байна лээ. Би тэрийг тухайн үед мэдэхийн арга байхгүй. Зарим нь намайг та бараг л амыг нь татаж үзээд шүд нь байна уу, зовхийг нь сөхөж үзээд нүд нь байна уу гэж үзэхгүй яасан юм бэ гэдэг юм. Ямар ч монгол хүн тэгнэ гэж байхгүй шүү дээ. Тэгж хямарсан үед тэгээд үзэж байх сэтгэл зүй ч байхгүй. Тэр үедээ л хуванцраар орлуулаад хийчихсэн байгаа байхгүй юу. Хийгээгүй байсан бол мэдэгдэнэ шүү дээ. Тэр үед л бүгдийг нь хийгээд засаад янзалчихсан байсан байдаг. Олон улсын стандартын дагуу засч янзлах ёстой байдаг юм байна лээ.

- АТГ дөнгөж л ажлаа албан ёсоор эхлэх гэж байсан тэр үед ах тань зорилго чиглэлээ бол өөртөө тодорхойлсон байсан байх. Түрүүн өгүүлсэн ил захидлаас тэгж ойлгогддог юм?

-10 дугаар сарын 7-нд мөрдөн байцаах эрх аваад бүх хүмүүсээ ажилдаа шинээр авчихаад Олон улсын бага хуралд явсан. Мэдээж олон улсын хуралд явж байгаа юм чинь ирээд тодорхой хэмжээгээр төлөвлөгөө гаргаад, хамт олонтойгоо яриад шийдвэрлээд, мөрдөн байцаах ажиллагаандаа орох байсан байх. Би тэгж дотроо боддог. Чухам ямар ямар хэргүүд дээр ажиллаж эхлэх байсныг бид бол мэдэхгүй шүү дээ. Тэнд ажиллаж байсан Тамгын хэлтсийн дарга байсан Д.Алтангэрэл бол мэднэ. Мөрдөн байцаах албанд байсан Э.Амарбат бол мэднэ. Одоо Улсын Прокурорын туслахаар оччихсон.

Гэхдээ миний хар авдаг хүн бол ерөөсөө л Х.Доржпалам, Д.Алтангэрэл гэж хоёр хүн. Х.Доржпалам одоо тэтгэврийн өвгөн болсон.

-Тэр хоёрт ямар ашигтай байсан гэж? Та Х.Доржпалам гэж хүний талаар нэлээн хатуухан зүйл хэлээд байдаг?

Чухам ямар ашигтай байсныг бол би мэдэхгүй. Тэрийг бол хуулийн байгууллага тогтооно шүү дээ. Ямар ч зорилгогүйгээр тэгнэ гэж баймааргүй л юм. Би олон хүнтэй уулзаж, олон юм сонсоод  явж байна. Ерөөсөө Х.Доржпалам хаана явж байна тэр газар хүн үхэж байдаг гэж би өмнө нь ярьсан байдаг юм. Дарханд Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллах байх үед нь С.Төмөр-Очир гуай бурхан болсон. Баянгол дүүргийн ЦХ-ийн дарга байхад нь бас хүн амины хэрэг гарсан. АТГ-т очсоны хойно нь мөн Дорнод аймагт албан ажлаар явж байхад нь жолооч нь хоолны хордлого ч бил үү, юу ч билээ болоод бурхан болсон байдаг. Дараа нь ахтай олон улсын хуралд явж байгаад ах нас барсан. Ийм олон жишээний үндсэн дээр л миний ярьсан зүйл л дээ.

-Б.Дангаасүрэн агсан хуучин ажлаа л хиймээр байна гэж Б.Чимэд гуайд хэлж байсан гэдэг?

-Б.Чимэд багштай би уулзаж байсан. 2007 он гараад байхад ах Б.Чимэд багштай Засгийн газрын ордонд тааралдсан гэсэн. Б.Чимэд багшийг Дээд шүүхийн дарга байхад ах орлогч дарга байсан. Дараа нь манай ах Дээд шүүхэд нэгдүгээр орлогч дарга болсон. Хамтран ажилладаг, бие биенээ хүндэлдэг хүмүүс л дээ. Тэр үүднээс нь би Б.Чимэд багштай уулзаж байсан. Ер нь олон хуульчидтай уулзаж байсан. Хуульчидтай  уулзаад яваад байгаа чинь,  би үнэндээ хуулийн хүн биш учраас  хууль зүйн зөвлөгөө авах гэж л уулзаж байгаа шүү дээ. Хаанаас нь эхлэх вэ, яаж шийдэх вэ, яавал зүгээр вэ гэж. Ядаж л өргөдөл гомдол гаргахад, прокурорт яаж гаргах вэ, шүүхэд яаж гаргах вэ гэдэг чинь өөр өөр байдаг юм байна лээ. Тэр үүднээсээ би олон ч хүнтэй уулзсан даа.

ТГ-ын даргаар Б.Дангаасүрэн агсныг  томилсон нь шүүхээс түүнийг явуулсан оролдлого байсан гэх яриа бас бий...

-Тийм юм  байхгүй л дээ. Ах Улсын дээд шүүхийн шүүхийн хүрээлэнгийн захирал болсон шүү дээ. Батдэлгэр гэж хүн Эрдэнэтээс ирээд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсон. Тэр үед ахыг дээш нь дэвшүүлж тавьсан юм. Тийм л ажил хийж байсан. Ер нь бол 1990 онд  Ардчилсан хувьсгал гараад Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тэр хүний нэг нь яах аргагүй мөн. Гэхдээ Дээд шүүхийнхээ сахилгын хороонд ажиллаж байсан. Шүүхээс зайлууллаа гээд анх удаа байгуулагдаж байгаа төрийн өндөр албан тушаалд дэвшүүлэн тавина гэж юу байхав. Энэ бол хүмүүсийн зүгээр нэг дэл сул яриа байх.

-Та Н.Энхбаяр гуайтай нүүр тулж уулзаад энэ асуудлаар ярьж байв уу?

Н.Энхбаяртай, Ц.Элбэгдорж даргатай уулзах гэж  хоёр удаа очсон. Дандаа ажилтай байсан. Хуулийн хэлтсийн дарга байсан Г.Ганзоригтой уулзаж байсан. Одоо УП-ын газар бас нэг хүрээлэнгийн захирал хийдэг юм байна лээ. Ерэн  онд Дээд шүүх бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсны дараагаар ахтай хамт нэг өрөөнд хоёр жил гаруй хамт суусан юм байна лээ. Төрийн ордонд хоёр гурван ч удаа уулзаж нэлээн зүйлийг хоорондоо ярилцаж байсан.

-АТГ улстөрөөс хараат бус ажиллах боломжгүй юм байна гэдгийг бид хангалттай харж байна. Хэн эрх мэдэлтэй байна. Тэд бусад руу АТГ-ыг урдаа  барин ноцож байна шүү дээ. Хэрэвзээ ах тань мэнд сэрүүн байгаад энэ газар тодорхой хугацаанд ажилласан бол тэгж ингэж ажиллах байсан даа гэх бодол танд төрдөг л байх?

-2006 оны 12 дугаар сард АТГ байгуулагдахад,  өөрийн гэсэн байр байгаагүй. Эхлээд тав, зургуулханаа л байсан. 2007 он гараад, цагаан сар өнгөрөөд  хуучин “Улаан од” сонины байрыг  өгсөн. Тэр байрыг  8 сар өнгөртөл засч янзалж,  9 сард ч байна уу, нүүж орсон. Анх бол Онцгой байдлын газрын нэгдүгээр давхрын баруун жигүүрт хоёр гурван өрөөнд байдаг байсан юм билээ. Би ямар очиж үзсэн биш. Ах намайг хүрч ирээд уулзах уу гэж л байсан. Би ерөөсөө тийм газар очих сонирхол ч байхгүй, тийм зав ч байхгүй. Очдог ч үгүй байсан.

Ах маань чихрийн шижин өвчтэй байсан юм. Австрали явахаасаа өмнө надруу утасдаад “Улаанбаатараас холгүйхэн сувилал байдаг юм байна. Ирж байгаад тэнд хэвтдэг юм уу. Чи сүү янз бүрийн юм зөөж өгч байвал зүгээр юм даа. Энэ өвчнөөсөө салчихвал надад хэрэг байнаа”  гэж ярьж байсан юм. Тухайн үед чихрийн шижин өвчинг одоогийнх шиг ингэж сайн эмчилж, янзалдаггүй байсан л даа. 2005 онд ах Америк яваад ирэхдээ найз нь бэлэглэсэн гээд сахарын хэмжээг хянадаг аппараттай ирж байсан юм. Би ахыг Австрали руу явахдаа тэр аппаратаа авч яваад, биеэ хянаад байгаарай гэж хэлж байсан. Харин ах найзынхаа өгсөн юмыг хил гааль дээр хураалгачихна гээд авч яваагүйг сүүлд бэргэн эгч хэлж байсан.

-Та үе үеийн төр засгийн удирдлагуудад хандсан байх аа? Ер нь ямар хариу өгдөг юм бэ?  

-Хэрэг нэг удаа хаагдсан. Би төрийн гурван өндөрлөгт хандсан. Тухайн үед Н.Энхбаяр байсан. УИХ-ын дарга нь Ц.Нямдорж байсан. Ц.Нямдоржийн гарын үсэгтэй АТГ-ын даргын үнэмлэх ахад байдаг байсан. М.Энхболд Ерөнхий сайд  байж байгаад, дараа нь  С.Баярыг тавьсан. С.Баяр ажлаа аваад удаагүй байсан. С.Баярт хандсан. ГХ-ны сайд Сү.Батболд байсан. УЕП М.Алтанхуяг байсан. Энэ хүмүүст хандсан байдаг. Дараа нь шат шатны байгууллага Нийслэлийн прокурорын газар хандсан. Энэ хэргийг жинхэнэ хянаж шалгасан хүн бол тухайн үедээ НП-ын Хяналтын прокурор С.Хишигжаргал гэж эмэгтэй уншиж танилцаад хэргийг хаасан байдаг. УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч Отгонбаяр гэдэг залуу мөрдөж байсан юм байна лээ.

-Тухайн үед Х.Доржпалам, Д.Алтангэрэл нарыг хуулийн байгууллагаас шалгасан асуудал байдаг уу?

-Үгүй. Прокурорын байгууллага хүсэлт аваад шалгах ёстой ч, тэгээгүй. Харин  АТГ-ын дотоодын хяналт шалгалтыг Д.Сундуйсүрэн дарга  маш сайн хийсэн. Д.Сундуйсүрэн надад бичиг өгсөн байдаг. Хамт явсан улсууд ёсзүйн алдаа гаргасан, төрийн өндөр албан тушаалтантай хамт явж байж биеийн эрүүл мэндийн байдлыг харж үзээгүй ч байдаг юм уу, янз бүрийн худал мэдүүлэг өгч байсан ч гэдэг юм уу, тэр байдлыг нь харгалзан үзэж, Д.Алтангэрэл, Х.Доржпалам хоёрыг нэг өдөр нэг тушаалаар ажлаас нь халсан. Б.Энхтуяа, Х.Гунгаа хоёрыг цалингийн тодорхой хувиар хасах шийтгэл оногдуулсан. Д.Сундуйсүрэн үндсэндээ 10 сар гаруй АТГ-ын даргыг орлож ажилласан. 2008 оны 12 сарын 28 -нд бүтэн жилийн дараа дараагийн даргыг нь томилсон байдаг.

-Та ингэхэд ахынхаа дараа томилогдсон Ч.Сангарагчаа даргад  хандаж байсан уу?

-Хандсан. Би энэ хүнийг сайн мэдэхгүй. Энэ хүнтэй ч нэг их юм ярьж байгаагүй. Ч.Сангарагчаа бид хоёр чинь хоорондоо бас тааруу байсан. Яагаад гэхээр ажлаа аваад ахын сууж байсан өрөөнд суухгүй, би нас барсан хүний өрөөнд суухгүй гээд, дэвсэж байсан хивс ч байдаг юм уу, тэр байтугай ярьдаг утасны аппаратыг хүртэл солиулсан байгаа юм. Тэгж өвчигнөж байсан. Сүүлд Ч.Сангарагчаатай холбоотой 54 сая төгрөгний асуудал яригдаж байсан. Тэр нь  нөгөө ширээ сандал, компьютер ч байдаг юм уу, өрөөний тохижилтыг хийсэн мөнгө байгаа юм л даа. Д.Сундуйсүрэн бол Ч.Сангарагчаагийн өмнөөс л яваад байдаг байсан. Хүний үгэнд орж, өөрөө толгойгүй байсан болохоор л хоёулаа 2.6 жилээр шийтгэгдсэн шүү дээ. Яахав, сүүлд нь Дээд шүүх дээр цагаатгасан байдаг л юм байна лээ.

-Өнгөрсөн 10 жилд Б.Дангаасүрэн агсны гэр бүл ямар байдалтай байж өдийг хүрэв?

-Тэд бол гайгүй ээ. Улсаас хоёр хүүхдэд нь тодорхой хэмжээний тэтгэвэр тэтгэмж тогтоож өгсөн. Орон байртай, унах унаатай байж байгаа юм чинь. Амьд хүмүүс аргатай гэгчээр тэдний хувьд гайгүй л дээ. бид уулзалдана. Цагаан сараар манайд ирнэ. Хоёр хүүхэд нь нэлээн том болсон. Бага нь 9 сартай байхад аав нь бурхан болсон. Бага нь бол аавыгаа мэдэхгүй. Том охин нь 6 настай байсан. Тэр хүүхэд бол  сайн мэднэ. Хааяа яваад очихоор манай аавын дүү ирлээ гээд томордог байхгүй юу.

-Таныг ална хядна гэсэн заналхийлэл хэдэн жилийн өмнө байдаг байсан гэсэн. Одоо бол зүгээр үү.  Хэн таныг тэгээд байдаг байсан юм?

-Одоо бол тийм юм байхгүй. Нэрийг нь хэлээд байх шаардлага байхгүй. Тэд сүүлийн үед чив чимээгүй болчихсон шүү дээ. Утсаар ч ярихаа больсон. Ор сураггүй алга болсон. Утасныхаа дугаарыг нууцалж ярьдаг байсан.

-Таныг нас барсан гэх яриа бас гарсан байсан. тэр яг ямар учиртай юм болсон бэ?  

-Монголын сэтгүүлчдийн дунд нэлээн нэр хүндтэй Г.Жамьян гуай 2 жилийн өмнө “Барууны тэжээврүүд” гээд том ном бичсэн. Тэр номынхоо 63 дугаар хуудаст намайг үхсэн гэж бичсэн. Надад их эвгүй сэтгэгдэл төрж байсан. Амьд ажил төрлөө хийгээд явж байгаа хүнийг үхсэн гээд сонин сонин юм бичсэн байдаг. 63 дугаар хуудаст нь байдаг юм. Дараа нь өөртэй нь уулзах гээд очсон. Намайг яваад орсон таньж байна лээ. Та яагаад ингэж бичих болсон бэ гэтэл нэг сонин дээр чамайг нас барсан гээд эмгэнэл гарсан байсан гэсэн. Би тэр сонинг нь  олж авна гэсэн. Одоо хоёр жил болж байна. Бүр овог нэртэйгээ тусгай хар хүрээтэй эмгэнэл гарсан байсан, би нэлээн гайхсан гэж Г.Жамьян гуай хэлж байсан. Тэр номдоо  бол энэ хэргийн талаар  олон жил хөөцөлдөж, олон удаа хад мөргөж байсан боловч Б.Дансал нас барж энэ хэрэг бараг хаагдсан тухай бичсэн байгаа юм л даа. Г.Жамьян гуай энэ оны хавар 25 дугаар сувагт яриа өгсөн байна лээ. “Хавар болог, дулаараг, өдөр уртсаг. Тэр үедээ би Дансалтай очиж уулзана” гэсэн. Одоо хүртэл уулзаагүй л явж байгаа, мань эр. Дахиад тэр номоо олшруулаад зарж байгаа юм байна лээ л дээ. Харин 63 дугаар хуудас дээр намайг нас барсан гэж бичсэнээ аваад хаячихсан байна гэсэн.

-За та бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Та ярилцлагын төгсгөлд юу хэлмээр байна вэ?

-Хүн ямар нэг сэжиг харгүйгээр энэ хорвоог орхих ёстой шүү дээ. Нэгдүгээрт, Б.Энхтуяа гэж одоо АТГ-т ажиллаж байгаа тэр эмэгтэй худлаа мэдүүлэг өгсөн асуудлыг шалгах хэрэгтэй байдаг юм. Хоёрдугаарт, Сиднейд очиж байрлаж байсан айлын эзэгтэй Гомбожавын Эрдэнэцэцэг гэж эмэгтэй “дарга зочид буудалд байж байхад бид хүндэтгэж гэртээ цай уулгах гэж  авчирсан юм аа”  гэж надад худлаа ярьж байсан. Би  явахынхаа урд өдөр  уулзаад “чи яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ” гэсэн чинь дуугарахгүй байсан. Хүнд хар төрүүлж байгаа юм л даа. Тэднийд коллежийн охин байсан. Тэр хүүхэд шөнө 3-4 цаг хүртэл хичээл номоо давтдаг юм байна л даа. Тэгэхэд ах шөнө  унтаж байсан өрөөнөөсөө босоод  3-4 удаа нойлд орсон байгаа юм.  Хана түшээд нэлээн ядрангуй байдалтай байсан гэдэг. Тэгэхэд ээж аавдаа хэлээгүй байгаа юм. Дөрөвдүгээрт, задлангийн хариу хоёр өөр гарсан явдал. Тавдугаарт,  Австралийн мөрдөн байцаагч залуу надаас “Танай ах ямар нэг байдлаар өөрийгөө хорлох үйл ажиллагаа явуулж байсан уу” гэж надаас асууж байсан. Яагаад тэр хүн тэгж асуух болсныг би мэдэхгүй шүү дээ. Тийм газрын нарийн мэргэшсэн мөрдөн байцаагч хүн яахаараа надаас тийм зүйлийг асуух сэжим байсан юм бол гэж би дотроо боддог.

-Амиа алдсан шалтгаан нь жам ёсны бус нөхцөл байдлыг олж харсан байж магад гэж үү?

-Тийм утга санаа байдаг юм уу, эсвэл хүчтэй хордуулагчийн улмаас амьсгал нь боогдсон ч байдаг юм уу, Янз бүрийн юм байж болно шүү дээ. Миний хувьд юу боддог вэ гэхээр хамт явж байсан хүмүүстэй нь л уулзах хэрэгтэй байна. Зугтаагаад уулздаггүй. Хуулийн байгууллага бол тийм хүмүүсийг хооронд нь уулзуулдаг байгууллага биш гэж ярьдаг. Саяны миний ярьсан 6-7 зүйлийг тодруулаад, энэ хүмүүс тийм шалтгааны улмаас өөртэй чинь уулздаггүй байсан байна. Б.Энхтуяа гэж хүн тийм шалтгааны улмаас зочид буудалд нас барсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Тийм шалтгааны улмаас зочид буудалд байрлаагүй, тэр хүмүүсийг хоёр айлд хувааж байрлуулсан байна. Тэрнээс болж энэ хүн амиа алдсан ч гэдэг юм уу. Миний асуусан асуултад тийм бодитой хариултыг  Монголын төр өгчих юм бол би ингээд яваад байх шаардлага байхгүй.

-За цаг гаргаад ний нуугүй ярилцсанд баярлалаа.

Э.Болорхажид