Ч.Ганбаатар: 500 гаруй мянган хүн шороон ордоор тэжээгдэж байна

Техникийн ухааны доктор, Гавъяат уурхайчин Ч.Ганбаатар гуайтай ярилцав. Монголын уул уурхайн анхдагч хувийн хэвшлийн компани “Эрэл”-д уурхай хариуцсан даргаар ажиллаж байсан тэрбээр “алт  либералчилах” бодлого гэдэг зүйлийг  хэлж, ярьж, хэрэгжүүлж явсан намтартай. Уул уурхай тэрдундаа шороон ордыг хэрхэн яаж орон нутагт, иргэдэд, компаниудад, улсад  үр ашигтай байдлаар ашиглах вэ гэдэг асуудлаар тэр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

-Алт либералчилах бодлого гэдэг зүйлийг таныг ах сэдэж, хэрэгжүүлсэн гэж дуулсан юм. Таны тэр бодлогын үр шимийг Өвөрхангайн Уянга сумынхан амьдрал дээрээ мэдэрч яваа гэж ярих хүмүүстэй таарч байлаа. Та тэр талаараа яриач?

-Монголын шороон ордын олборлолтын түүх Богд хаант Засгийн газрын үеэс л эхлэлтэй шүү дээ. Харин 1990-ээд оноос эхэлж хөгжлийн өөр түвшинд орсон. Алт гэж ийм юм байдаг юм байна, олборлож болдог юм байна гэсэн ойлгоц Монголын нийгмийн сэтгэлзүйд ерээд оноос бүрэлдэж эхэлсэн. Тэр үед “Эрэл” компани Өвөрхангай аймгийн 5 сумын нутагт хайгуул хийсэн. Би тэр үед уурхай хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Тухайн үед “Эрэл” компани Өлтийн шороон ордыг олж ашиглаж эхэлсэн юм. “Эрэл” бол Монголын уул уурхайн анхдагч компани. Өмнө нь  хувийн хэвшлийн ийм компани  байгаа ч үгүй. Уул уурхай тодорхой хэмжээнд хөгжөөд явж байхад  олон бэрхшээл саадтай тулж байсан. Хувийн компани алт олборлож болохгүй гэсэн агуулгатай янз бүрийн л мэдээллүүд гардаг байсан. Тэр бүгдийг “Эрэл” компани  даван туулсан.  Аяндаа тэгээд нийгэм зөв ойлголт авч эхэлсэн л дээ.

Намайг Өвөрхангай аймгийн  Уянга суманд ажиллаж байхад нинжа олноор гарч ирсэн. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн хүмүүс хувиараа алт олборлож эхэлсэн. Монголын нийгэм маш их  ядуурчихсан учраас хүмүүс энэ салбар руу сүрэглэн, хууль бусаар дайрч эхэлсэн нь, алт олборлож байгаа компаниудад ч, өөрсдөд нь ч их хэцүү байсан. Дагаад дамын наймаа, биеэ үнэлэлт, тамхи гэхчлэн нийгмийн болж бүтэхгүй үзэгдлүүд их гарах болсон.

Компаниуд хэчнээн нөхөн сэргээсэн ч гэсэн олон хүн зэрэгцээд ухаж байгаа болохоор тухайн раойны газрууд хүн харахад дэндүү өрөвдмөөр болсон. Бид хэчнээн удаа техникийн нөхөн сэргээлт хийгээд нэмэр байхгүй, ухаад л хаячихдаг. Цагдаагийн хүч очоод ч зогсоож чаддаггүй нөхцөл байдалтай  байсан. Тухайн үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн дарга н.Цэрэндорж гэж хурандаа маш их тэмцсэн. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газар ч гэсэн бас их тэмцсэн. Манай  уурхай ч бас их тэмцэлдсэн, дийлдэггүй байсан. Сүүлд нь бид дийлэхгүй юм чинь яах вэ? гэдэг асуудал гарч эхэлж байгаа юм л даа. Тиймээс тухайн үед алтыг либералчилна гэдэг санаа гаргаж тавьсан юм. Либералчилна гэдэг чинь хоёрхон үгээр хэлэх юм бол нийгмийн тусын тулд, хүмүүсийн тусын тулд гэсэн үг шүү дээ. Алтыг либералчилна гэдэгт нийгмийн сэтгэлзүйг бэлдэхийн тулд би хоёр жил шахуу хэвлэл мэдээллээр аминдаа, өөрийнхөө хэмжээнд  хэлж ярьсан байдаг юм.

Тухайн үед Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналт гээд төрийн бүхий л байгууллагууд ямар ч байсан алтыг либералчилах нь буруу биш юм байна гэсэн мессежийг авч эхэлсэн юм. Тэгээд би Өвөрхангай аймгийн Уянга суманд голцуу  Өвөрхангайн компаниудад тодорхой хэмжээний газруудыг хувааж өгсөн юм. Гэхдээ “та хэд албан ёсны компаниа байгуулаад ир,  тодорхой хэмжээний газар дээр ажилла” гэсэн. Тухайн үед олон л хүмүүс над дээр ирж байсан. Ганц хоёрхон жишээ хэлье л дээ. “АУМ АЛТ” компанийн захирал Ц.Мягмардорж, “Нутгийн Буян” компанийн захирал  Л.Бат-Орших, за тэгээд н.Давааноров, н.Пүрэвдаш гээд олон залуучууд байна. Одоо бүгдээрээ л амжилттай сайн яваа залуус.

Уянга сумын эзэдтэй  олон компани бий болж,  эксковатарчин, бульдозорчин, усан буучин гээд уул уурхайн  олон ажилтан мэргэшиж ажиллаж байна. Үүний хүчинд Уянга сум уул уурхайн хамгийн олон бизнесмэнтэй, чинээлэг хүмүүс хамгийн олонтой, Монгол орны хамгийн хөгжилтэй том сум болчихсон. Би ийм бодлого явуулаагүй бол одоо Архангай аймгийн Цэнхэр, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Бугант сумтай адилхан л олигтой  хөгжилгүй,  энд тэндхийн хэдэн компаниуд хувааж авсан, сум орон нутагтаа ямар ч өгөөж байхгүй тиймэрхүү л дүр зурагтай байх байсан. Тухайн үед Уянга суманд явуулсан миний бодлого бол маш зөв болжээ гэж би боддог.

-Та тухайн үед Уянга сумыг хамгийн тэргүүний сум болно гэж ярьж байсан юм билээ. Харин нутаг орны удирдлагууд бол тухайн үед таны үгэнд итгээгүй юм шиг байна лээ. Тийм үү?

-Тэр чинь бүр дээр үеийн яриа юм л даа. Тухайн үед аймгийн засаг дарга н.Жанцандорж гуай, сумын засаг дарга н.Тогоохүү, ИХ-ын дарга нь одоо сайдаар ажиллаж буй  Н.Чинзориг байсан. н.Жанцандорж дарга  нэг өдөр биднийг өрөөндөө дуудаад “Уул уурхайн компаниуд орон нутагт ажиллаж байна. Нутаг оронд ямар өгөөжтэй байх вэ” гэдэг асуудлаар санал солилцсон юм. Тэгэхэд н.Тогоохүү дарга уул уурхайн компани орон нутагт ажиллаад ер нь ямар үр өгөөжтэй юм бэ гэж асууж байсан. Тэгэхэд нь би “Уянга сум  хэдэн жилийн дараа Монгол орны хамгийн тэргүүний сум болно, хамгийн олон чинээлэг хүмүүстэй сум болноо” гэж байсан. Тухайн үед намайг тэгж хэлэхэд хүмүүс үл итгэсэн, ойлгохгүй байгаа байдлаар харж,  дамшиглаж “Хэрвээ тийм болчих юм бол манай сумынхан чамайг ёстой бүх насаар чинь тэжээгээд явна даа” гэж  н.Тогоохүү дарга хэлж байсан. Одоо тэр хурлынх нь протокол байдаг байх аа. Н.Чинзориг сайд бол мэдэж байгаа даа. Тэр хурал нэг тиймэрхүү уур амьсгалтай болоод өнгөрч байсан. Дараа нь алт либералчилах миний бодлого явагдаж,  олон компани бүртгэлтэй болж, сумандаа мөнгө төгрөг төлдөг болоод ерөнхийдөө аятайхан дүр төрх харагдах шинжтэй болж эхэлсэн. Тэр үед дарга удирдлагууд бол ингэж шийдэж болдог юм байна гэсэн ойлгоцыг авсан байх. Тэрний хүчинд л Уянга сум мундаг сум болсон.

-Та гавьяат уурхайчин хүний хувьд уул уурхайн салбар, тэрдундаа алтны  салбарын нөхцөл байдлын талаар  өөрийн бат тогтсон итгэл, үнэмшил, үнэлэлт дүгнэлттэй явдаг байх. Өнөөгийн нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ?

-Уул уурхай бол Монгол орны хөгжлийг дараачийн түвшинд гаргаж, гурван сая монголчуудыг тэжээх салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Яахав,  уул уурхайтай холбоотой сайн муу янз бүрийн л зүйл яригдаж ирсэн. Хүн болгон уул уурхай руу орох гэж оролддог, ялангуяа алтны шороон орд руу орох гэж ноцолдож ирлээ. Алтны шороон ордыг олборлох технологи энгийн байдаг учраас Монголчууд ажиллах бүрэн боломжтой юм л даа. Тиймээс ч энэ салбарт Монголын мэргэшсэн компаниуд, мэргэшсэн хүмүүс олон болж. Тэднийг бодлогоор зохицуулж л явах хэрэгтэй болохоос хаана, бооно гээд бол улс дийлэхгүй,  хэсэг хүмүүсийг  хохироож бол болох байх.

-Алтны компаниуд байгаль орчныг бохирдуулаад дууслаа гэдэг мэдээлэл   хэвлэлээр ч их гардаг, ТББ-ууд ч их дуугардаг. Төрийн зүгээс Урт нэртэй хуулийн хүрээнд алтны салбарыг тодорхой хугацаанд барилаа. Шинэ Засгийн газрын тухайд “Алт-2”хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг салбарын сайд  мэдэгдээд байна. Алтны салбарт хууль журмыг чанд мөрдүүлнэ гэж шинэ сайд дуугарч байна. Та ер нь алтны салбар дахь төрийн бодлого болон ТББ-уудын байр суурийн талаар ямар санаа оноотой байдаг вэ?

-Монгол орны валютын нөөцийг алт бүрдүүлж байгаа. Тиймээс алт олборлохоос хэзээ ч ухарч болохгүй. Ухрах шийдвэр гаргах мулгуу толгойтой улс байхгүй гэж би ойлгодог. Нэгдүгээрт, алтны салбарын талаарх сөрөг ойлголт нийгэмд яагаад бий болсон бэ гэхээр алтны шороон ордыг ашиглахад хөрсөө хуулаад,  угаагаад дахиж хуулаад, дахиж угаагаад тухайн раойндоо бол их эмх цэгцгүй харагддаг юм л даа. Зүй нь  хариуцлагатай уул уурхайн компаниудад зөвшөөрлийг нь өгөөд, уулын ажил юм уу, байгаль орчин нөхөн сэргээх төлөвлөгөөг нь зөв хийлгээд, нөхцлийг нь бүрдүүлээд ажиллах юм бол хүндрэл ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт, Монгол орны шороон орд хэдхэн сумын хэдхэн багийн нутагт байгаа. Өвөрхангай аймгийн нэг багийн хоёр жалганд, Архангай аймгийн Цэнхэр сумын нэг багийн бас хоёр жалганд,  Заамарын Туул дагасан ганц жалганд, Сэлэнгэ аймгийн гурав, дөрвөн сумын  гурав, дөрвөн багийн  жаахан жаахан жалгуудад бий. Баянхонгорт ганц хоёр суманд байгаа. Анзаараад байхад хүмүүс тэдгээр газрын зургийг дахин дахин янз бүрээр аваад л, тараагаад л, нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг л дөө. Яахав тэр буруу биш. Зөв ашиглаач, олборлооч  гэсэн мессеж гэж би ойлгодог. Гэхдээ төр засаг ч бай, хэн нэгэн улсууд ч бай, тэр жалгуудад шороон орд ашиглаж байгаа хүмүүстэй тэмцэлдээд ашиг олохгүй,  үр дүн ч гарахгүй.

Нинжа, уул уурхайн компаниуд бүгд нийлээд бараг 500 гаруй мянган хүн тэр шороон ордоор тэжээгдэж байна.  Монголын хүн амын бараг ¼ нь зөвхөн шороон ордоор амьдарч байна. Тэгэхээр үүнийг хааж үгүй болгох юм бол тэр олон хүнийг амьдралгүй гудамжинд хөөж гаргаж буй хэрэг юм. Мөн Монгол орны валютын их нөөц байхгүй болно. 2020 он гэхэд 20 тонн алт авах зорилт дэвшүүлж байгаа биз дээ.  Энэ бол зөв бодлого гэж бодож байгаа. Ерөнхийдөө  алтны шороон ордыг  зөв ашиглах юм бол сум орон нутаг тодорхой хэмжээгээр хөгждөг гэдэг нь харагдаж байна л даа.

-Та түрүүн шороон ордод ажиллаж байгаа хүмүүстэй тэмцээд хэрэггүй гэж хэлсэн. Тэгвэл зохицуулах бодлого нь яг юу байх ёстой гэж?

-Шороон ордод ажиллаж байгаа компаниудтай, нинжа нартай тэмцээд хэрэггүй ээ. Нинжа нараа бүртгэлжүүл, албажуулж ажиллуул. Бичил уурхайг дэмжих хууль гарчихсан. Тэр журмаар л тодорхой татвараа төлөөд явдаг болгох хэрэгтэй. Мөн “энэ газар хэсэгт л  та хэд үйл ажиллагаагаа явуулна шүү” гээд нарийн тогтоож өгөх хэрэгтэй. Тэрний дараа талбайгаа бие биедээ худалдана уу, түрээслэнэ үү. Засаг төрд тэр нь ямар ч хамаа байхгүй. Төрийн оролцоо хэрэггүйгээр  өөрсдөө зохицуулаад л явчихна. Сум орон нутгаас ямар шаардлага тавих вэ гэхээр “бидний зөвшөөрсөн раман дотор ажиллах сонирхолтой бол том жижгээс нь хамааруулаад жилд 20-50 сая төгрөг байгаль орчныг нөхөн сэргээхэд зориулж төлж бай” гээд тусгай данс нээлгээд хийлгэж байх хэрэгтэй. 30 аж ахуй нэгжээс авлаа гэж бодоход жилд тэрбум төгрөг цуглана. 5 жилийн дараа 5 тэрбум төгрөгтэй болчихно. Сүүлд нь тэдгээр аж ахуйн нэгжүүдийг техникийн нөхөн сэргээлт хийхийг шаардаад хийлгэж авах хэрэгтэй. Тэгсний дараа 5 тэрбум төгрөгтэй болчихсон сум чинь ямар ч компаниар тэр жалгуудад биологийн нөхөн сэргээлтийг хийлгэчихнэ биз дээ. Жинхэнэ мод, ургамлаа  тарьдаг компаниудыг нь сонгоод хийлгүүлж болно, сэргээгээд авчихна. Үүнд нэг их бодлого боловсруулаад, тэмцэлдээд янз янз болоод байх юм байхгүй. Тийм журмаар нь явах нь их зүйтэй гэж би боддог юм.

-Ер нь бичил уурхайн зохицуулалт гадны орнуудад ямар хэлбэрээр явагдаж байна вэ. Манай тухайд нинжа гэсэн тодотголтой бүхэл бүтэн хүн сүрэг бий боллоо, нийгмийн замбараагүй үзэгдлүүд гараад байна гэж олон жил ярьж ярьж л сая нэг зохицуулалт руу шилжиж байна?  

-Нинжа нар Африкт ч, Америкт ч, Оросд ч, хаа ч гэсэн байна. Гэхдээ Оросд бол хууль нь чангараад, нинжа нараа хавчаад хэцүү болчихож. Оросын уул уурхайн компаниуд  маш том эрхтэй байна. Ялангуяа алтны компаниудын тусгай хамгаалалтад нь зөвшөөрөлгүй бол хүн нэвтрэх арга байхгүй. Өөрийнх нь эзэмшил руу орж байгаа бол буудах хүртэл эрхтэй байна. Ер нь бол хоттой хонь руу нь ороод хонийг нь хагалаад идвэл хэн ч гэсэн дургүйцнэ биз дээ.

Тэрний оронд аль аль нь үүрэг хүлээгээд, компанитайгаа гэрээ хийгээд “тодорхой хэмжээний хаягдлыг чинь ашиглаад ийм ашиг танайд өгье” гэсэн байдлаар тохироод, мөн сум орон нутагтай гурвалсан гэрээ хийх маягтайгаар ажиллах хэрэгтэй. Ер нь дэлхий нийт тийм л болчихож. Дураараа аашилдаг биш болж. Ингээд явах юм бол байгаль орчин энэ тэртэй холбоотой асуудлууд шийдэгдээд явчихна.

Одоо Бичил уурхай эрхлэх хууль гарч, сум орон нутаг нь мэддэг болчихлоо. Орон нутгийнхан өөрсдөө шийдвэр гаргаад, ажлаа явуулах бүрэн боломжтой. Сум орон нутаг компанитай гэрээ хийгээд “Танай энэ авсан талбайн хаягдал дээр манай сумаас тэдэн бичил уурхайчныг оруулнаа”  гэж  тохироод,  бичил уурхайнуудаас, компаниудаас миний хэлдгээр орон нутаг тодорхой хураамжийг тусгай дансанд төвлөрүүлж авдаг байх хэрэгтэй. Газар ухсан л бол, шатсан ч бай, шатаагүй ч бай, чи энэ мөнгийг төлөх л ёстой гэсэн зарчимаар шаардлага тавьчих. Тэд юм гараагүй мөнгө төлөхгүй гэж хэлэхгүй.  Одоо хүмүүс ухамсартай болсон учраас ийм нөхцөл санал болгоход тавьсан шаардлагыг биелүүлээд, хууль эрх зүйн орчны хүрээнд ихэнх нь ажиллаад явна.

-Орон нутгийн иргэдийн төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд хамтдаа нийслэлд ирж алтны компанийн талаар хэлж ярьдаг жишээ цөөнгүй бий. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?  

-Сум орон нутаг, аймгийн удирдлагуудыг би  сэхээтэн улсууд гэж ойлгодог. Сэхээтэн гэдэг чинь сэхээрсэн улсуудыг хэлдэг. Сэхээрсэн улсууд нийгмийг чирж явах ёстой. Нийгмийг чирж явахын тулд Монгол орны нийгэм эдийн засгийн байдал ямар байна вэ. Монгол орны хөгжилд одоогийн байдлаар юу нь илүү тус болохоор байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх ёстой юм.  Монгол орны газар нутгийн бараг 70 гаруй хувь нь газар тариалан, малчдын мэдэлд байгаа шүү дээ.  Уурхайчдын мэдэлд тэр их газар байхгүй биз дээ. Гэтэл зарим улсууд нь ганц жалга дээр нь  булаацалдаад, улстөрийн оноо авах гэдэг юм уу, хаашаа юм. Тэр улсуудыг сэхээтэн, сэхээрсэн улсууд гэж хэлэхэд хэцүү. Монгол орны мал  уул уурхайгаас болоод өсөхгүй болчихоогүй шүү дээ. 60 сая болоод үржээд байгаа. Уул уурхайгаас болоод мал өсөхгүй байна гэж хэлэхгүй л байгаа биз дээ. Мал нь өсөөд багтахгүй байгаа биз дээ. Сэтгүүлчид ч гэсэн анхаарах хэрэгтэй. Нийгмийн сэтгэлзүйг юу руу нь зөв хандуулах вэ, яах вэ гэдэгт хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй. Улстөрчид юм уу, тодорхой зорилготой хүмүүсийн нөлөөгөөр уул уурхай, алт болохгүй байна гэдэг ойлголтыг тараахаасаа өмнө зөв ойлголтыг нийгэмд өгөхөд анхаарах ёстой юм.

-Та уул уурхайн анхны хувийн хэвшлийн компанид уурхай хариуцсан захирлаар ажиллаж байсны хувьд байгаль орчноо хамгаалъя гэсэн хөдөлгөөнүүдийн тэмцэлтэй анх нүүр тулж байсан хүмүүсийн нэг байх?

-Байгаль орчноо хамгаалъя гэсэн янз бүрийн хөдөлгөөнүүд гарч ирээд бараг 20-оод жил боллоо. Энэ хөдөлгөөнүүд байгаль орчноо хамгаалахад юу хийсэн юм бэ. Алт олборлогчдыг юм уу, аль нэг аж ахуй нэгжийг дарамталж, шахаж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх, зарим нэг нь бүр хүний өмч хөрөнгө рүү буудах, давраад Засгийн газар руу хүртэл буу барьж ороо биз дээ, тэр н.Мөнхбаяр гэдэг нөхөр. Энэ чинь гэмт хэрэг биз дээ. Хүний эд хөрөнгө рүү халдаж байгаа хүнд засаг төр өршөөнгүй хандаад байдаг. Гадаадынхнаас маш өндөр шагнал авсан гээд хөөрөөд байдаг. Гадаадынхан яах гэж шагнал өгсөн юм мэдэх үү? Байгаль орчноо хамгаалахад нь өгсөн юм уу? Бодох хэрэгтэй асуудал. Ер нь Монгол орон аль болох жижиглэн хуваагдаж, олон санаатай, хоорондоо эвсэхгүй байх юм бол гадныхан юм уу, элдэв ашиг сонирхолтой талууд нөлөөлөхөд амар байдаг. Ер нь ямар ч оронд. Тэр үүднээс энэ улсуудыг чинь хөхиүлэн дэмжиж, дотор нь ийм мессеж  чулуудуулж, тодорхой хүмүүсийг санхүүжүүлж, тэд нь хүмүүс дарамталж мөнгө аваад сурчихсан, амьдрах аргаа болгочихсон байдаг. Би тийм улсуудтай үнэхээр зохицдоггүй. Над дээр хэд хэдэн улсууд “мөнгө өг” гээд орж ирж байсан.

-Нэр цохоод хэлж болох уу?

-Хэд хэдэн хүн байна л даа. Тийм холбооны хүмүүстэй муудалцаад “Шийддэг нь та нар биш ээ. Хуулийн дагуу яв. Би хууль зөрчсөн байвал хуулийн өмнө хариуцлага хүлээнээ. Та нартай ярих юм байхгүй л” гээд явуулдаг. Угаасаа ярих юм байхгүй юм чинь. Тэгэхээр намайг  “Чи Монгол орноо боддоггүй. Шороо ухдаг хүн” гэсэн юм урдаас ярьдаг. Чи тэгээд сүйтгээгүй юу хийсэн юм, Монгол оронд юу хийсэн юм гэхээр тэдэнд хэлэх үг байдаггүй. Ер нь алт олборлож байгаа ч гэсэн, юу ч хийж байсан тусгаар тогтносон улсынхаа газар шороо, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахыг боддоггүй Монгол хүн гэж ганц ч байхгүй байх. Гэхдээ сүүлийн үед төр засгийн өндөрлөгт байгаа сонин хүмүүс эргэлзмээр шийдвэрүүд гаргаж,  эргэлзмээр үйл ажиллагаа явуулж байх юм. Ялангуяа уул уурхайтай холбоотой янз бүрийн үйлдлүүд гаргаж байна л даа. Монгол орныг боддог хүмүүс үү гэдэгт эргэлздэг.  Хувийнхаа эрх ашгийг боддог тодорхой бүлэг хүмүүс байна уу гэж ойлгодог болсон.

-68 хувийн татвар ногдуулсан үед Монголын алт нисдэг тэргээр хил давж байсан гэдэг... Та тэрийг хүлээн зөвшөөрөх үү?

-Янз янзын хэлбэрээр гадагшаа гардаг байсан нь нууцгүй шүү дээ. Буруу шийдвэр гэдэг тийм аюултай. Нууц хэлбэр лүү оруулж байсан. Монгол орны алтны сан хөмрөг тодорхой хэмжээгээр багасч, тодорхой хэмжээний алт нь хууль бусаар гараад явчихсан нь үнэн, ойлгомжтой. Төр засгийн толгойд байгаа улсууд ямар нэг бодлогогүй, явцгүй шийдвэр гаргана гэдэг өрөвдмөөр байдаг.

-Ер нь Монгол Улс алтны салбараас илүү үр шим хүртэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Хөгжүүлэх л хэрэгтэй. Жишээ татахад, Газрын тосны маш их баялагтай  АНЭУ байна. Сан байгуулаад газрын тосны орлогоосоо хадгалдаг. Хэчнээн зуун тэрбум ам.долларын сантай, баян орон байна. Нефтийн үнэ нь буугаад, үйлдвэрлэл нь жилээс жилд буураад эхэллээ. Тэгэнгүүт нөгөө сангаасаа 50 тэрбум ам.доллараар шинэ хот байгуулахаар болчихлоо. Эдийн засгаа солонгоруулна гэж байна.  Монгол орон тийм л юм бодох хэрэгтэй. Тийм л нөөц сантай болох хэрэгтэй. Тэрнээс энэ баялгаа авахаа боль, уурхайнуудаа хаа гэсэн ойлгоц бол зөв биш. Бидний тусгаар тогтнолын баталгаа үүлэн чөлөөний нар шиг хэврэг байхыг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс бид одоо л нөөц бололцоогоо ашиглаад тодорхой хэмжээний мөнгөний эх үүсвэртэй л байх хэрэгтэй. Тайвань, Катарыг хар л даа. Катар луу Арабын бүх улсууд хаалт хийлээ. Мөнгөтэй улс болохоор амьдраад байгаа биз дээ. Буцаад нөгөөдүүл нь аятайхан болоод Америкаас хүртэл дэмжлэг аваад яваад эхэллээ шүү дээ. Мөнгөтэй орон, капиталаа цуглуулж чадсан орон гэдэг бол жижигддэггүй юм байна. Манай улсын нэг сумын нутгаас бага л газар нутагтай орон шүү дээ. Монгол орон ийм завшаантай мөчид л улс орноо тийм дархлаатай болгож авахгүй бол тусгаар тогтнол үеийн үед баталгаатай байхад хэцүү. Азийн эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөтэй, санхүү, мөнгө цаасны эх үүсвэр нь Монголд цуглачихсан байхад манай улсад хэн ч халдаж чадахгүй шүү дээ.

-Манай алтны компаниудын ашиглаж буй технологийн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий дээр алт олборлодог хэдхэн аргачлал бий. Тэрний нэг нь  шлюзийн арга. Одоо бидний хэрэглээд байгаа усан буу зэрэг олон төхөөрөмжүүд чинь бүгд л шлюзийн арга юм. Бас нэг арга нь масовый  биш ч гэсэн нэлээн нарийн барьдаг тунаах, хөвүүлэх зэрэг технологиуд  байдаг. Мөн  химийн арга байдаг. Энэ олон аргууд дотроос шороон ордод шлюзийн арга дэлгэрчихсэн. Алтны 75-80 хувийг барьдаг технологи юм л даа.

Энэ арга бол угаалга хийхэд маш тохиромжтой арга. Дэлхийн ихэнх орон Америк, Канад, Орос, Хятад бүгд энэ аргыг одоо ч гэсэн ашиглаж байна. Томоохон шороон ордуудыг энэ аргаар л ашиглана. Өөр аргаар ашиглахад зардал өндөртэй, ашиг багатай болчихдог. Монгол оронд алт олборлодог бүх хүн энэ аргаар явж байна. Шлюзийн арга дотроо хэд хэдэн өөр өөрийн онцлогтой төхөөрөмжүүд байдаг л даа. Уг нь бол тухайн ордод нь таарсан технологи байх ёстой юм. Усан буу шлюзийн, скрубер шлюзийг сонгож ашиглах уу гэдгээ тухайн ордынхоо нөхцлөөс шалтгаалаад сонгох ёстой байдаг. Манайхан голцуу скруберын аргыг хэрэглээд байгаа юм. Энэ арга бол Монгол орны ихэнх нөхцөлд таарч байгаа. Харин Архангайн Цэнхэрийн ордод зохимж муутай юм уу гэж би боддог. Тэндхийн хөрс нарийн, шаварлаг ихтэй. Шаврыг задлахад хүчин чадал дийлдэггүй тиймэрхүү тал байдаг л даа. Гэхдээ зардал өндөртэй ч гэсэн энэ аргыг хэрэглээд гарсан хаягдлаа дахиад ашиглаж байгаа. Гарсан хаягдал шавар  1 жил өнжөөд ирэхээр хүчил төрөгчтэй нэгдээд, хөлдөөд, гэсээд задрах процесс явагдаг. Дахиад угаахаар алт илүү сайн баригддаг жишээтэй. Ер нь шороон ордыг дахин дахин угаах л ёстой юм. Хэд ч дахиж угааж болно.

-Та ингэхэд Оюутолгойн гэрээ, Дубайн хэлэлцээрийн  талаар ямар бодолтой явдаг вэ?  

-Монгол орон  том төслүүдээ  хэрэгжүүлэх нь зөв. Гэрээ хийсэн бол хүлээсэн үүргээ хүлээх ёстой юу, ёстой. Гэрээгээ дордуулж болохгүй, сайжруулах ёстой. Хамгийн анх хийсэн гэрээг буруу гэж би боддоггүй. Яагаад гэвэл энэ том төслийг хөдөлгөчихсөн. Хөдөлгөсөн учраас сайжруулахын төлөө л үе үеийн улстөрчид тэмцэлдэж байх ёстой. Монгол оронд өгөөжийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь одоогийн парламент анхаарах ёстой.

Дубайн хэлэлцээрийн тухайд үнэхээр дордуулчихсан шүү дээ. Тухайн үеийн улстөрийн сонирхол,  хөрөнгө мөнгөний сонирхол байсан байх гэж боддог. Ямарч байсан дордсон уу, дордсон. Хөрөнгө мөнгөний сонирхлыг баталж чадахгүй л дээ. Гэхдээ яагаад ийм дордуулсан шийдвэр гаргав гэдэг сонирхолтой. Монгол орон байтугай дэлхий нийтэд ил болсон зүйл. Ч.Сайханбилэг юу бодож гарын үсэг зурсан юм. Тэр хүний бодлыг сонсох л хэрэгтэй. Тухайн үедээ ямар нөхцөл байдалд орчихсон юм. Яагаад тэгэх болов. Ерөнхий сайд хүн чинь Монгол орныхоо нөхцөл байдлыг ерөнхийд нь сайн мэдэж аваад тийшээ явсан байж таарна. Монголд ашигтай гэж бодоод зурсан байж таарна. Ямар өнцгөөс нь хараад зурчихав. Харыг цагаан, цагааныг хар гээд зурчихсан бол тэр хүн эрүүл хүн үү, өвчтэй хүн үү? Бодох л асуудал.

Ер Монгол орны нийгэм хаашаа яваад байгаа юм. Хэд хэдэн ханлиг улсад хуваагдсан юм шиг болж, Монголын нийгэм. Ялангуяа уул уурхайн компани, малчид хоорондоо байнга тэмцэлдэж байна. Жалгын хэдэн малчид нь уул уурхайн компанийн үйл ажиллагааг явуулахгүй очоод зогсдог. Иргэний нийгэм нь,  дээрээс нь сэхээрүүлэх ёстой засаг дарга нар нь ард түмнээсээ оноо авахын тулд очоод  нэмэгдчихдэг. Жалга жалгын ханлиг улсуудтай, ханлигийн хаадуудтай болчихсон. Ханлигийнх нь хаадуудад хэдэн төгрөг өгөх юм бол гайгүйхэн байдаг юм уу, яадаг юм. Иймэрхүү юмыг төрөөс зохицуулах л хэрэгтэй. Монголын 3 сая хүн чинь бүгд л эзэн болох гэж оролддог. Энийг нь  гадныхан улам дэмжээд байгаа юм. Яагаад гэвэл Монгол орон ийм уур амьсгалтай байхад гадаадынхан жолоодоход амархан л байгаа байхгүй юу.

Мөн нэг зүйлийг хэлэхэд  сумын засаг даргыг аймгийн засаг дарга нь томилдог байх хэрэгтэй. Сонгууль энэ тэр ах дүү олонтой нь, хэн сайн архидуулсан нь сумын засаг дарга болдог. Хэн сайн сенсаацлаж, ард түмний цөсийг хөөргөж байна вэ, сайн дарга болдог. Хүмүүс цуглуулж, малчдын сэтгэлд нийцэх гэж янз бүрийн юм ярьдаг. Архи уучихсан улсууд чинь сэтгэл нь хөөрөөд адреналин нь ихсэхээр зарим хэсэг нь өөрийгөө жолоодож чадахаа байдаг. Ийм уур амьсгалыг л Монголд бий болгоод байна. Сум багийн засаг даргаар  зөв хүмүүсийг томилмоор байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Болорхажид