Монгол хээ будаж, стрессээ тайлаарай

Hunnu.mn сайт өмнө нь Арт терапист буюу Урлагийн сэтгэл засалч Б.Нарантулгыг танилцуулсан. Энэ удаад түүний бүтээл болох “Стресс тайлж, тайвшруулах зургийн сэтгэл заслын ном” –ыг танилцуулж байна.  

Хүмүүс бид зөвхөн хэл яриагаар бус олон хэлбэрээр харилцан ойлголцдог. Жишээлбэл, бид хайртай хүнээ, аав ээжийгээ, үр хүүхдээ, хамтран ажиллагчаа болон хэн нэгэнтэй ярилцаагүй атал түүний юу бодож, мэдэрч байгааг гадарлаж, ойлгох үе олон бий. Үүний нэгэн адил дүрслэх урлагийн үндсэн элементүүд болох өнгө, дүрс, дүрслэл, бэлгэдэл, зураас нь уран бүтээлчийн бодол санаа, мэдрэмж, мөрөөдөл, тэмүүлэл болон тулгарч буй асуудлыг бидэнд өөрийн хэлээр ойлгуулдаг. Нэг үгээр хэлбэл, бүтээлч үйл нь бидний ухамсарт бус ухаантай холбогдож, түүнд хадгалагдаж буй мэдрэмжүүдийг илэрхийлдэг гэсэн үг юм. Тэгвэл зургийн сэтгэл засал нь энэхүү илэрхийллийг сэтгэлзүйн онoлоор задлан тайлбарладаг бөгөөд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, стресс, уур бухимдлыг бууруулж, сэтгэл гутрал, сэтгэлийн шарх зэргийг эмчлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Зургийн сэтгэл засалд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг тайвшруулах, стресс уур бухимдал, айдас түгшүүрийг бууруулахад ашигладаг чухал технологийн нэг бол МАНДАЛА хэмээх дугуй доторх илэрхийлэл бөгөөд хорвоо ертөнц үүссэн цагаас хойш хүн төрөлхтний түүхийн туршид чухал илэрхийлэл байсаар ирсэн. Жишээлбэл, нарыг тойрон эргэлдэх гараг ертөнц, дэлхийг тасралтгүй эргэн тойрох сарны хөдөлгөөн, дүрслэх урлагийн үүслийн түүхэн дэх дугуй дүрслэлүүд, бага насны хүүхдийн хамгийн анх сараачдаг дугуй дүрсүүд гэх мэт олныг дурдаж болно.

Санскрид хэлэнд Мандала нь "Ариун тойрог" гэсэн утгыг илэрхийлдэг. Олон шашинд дугуй дүрслэлийг хорвоо ертөнцийн хүчний төв цэгийн адил хүчтэй учир оюун ухааныг цэгцлэхэд тусалдаг гэж үздэг. Тиймээс Мандала бол асар их хүчний бэлгэдэл бөгөөд маш олон мянган жилийн туршид янз бүрийн соёлуудад тэнцвэрт байдлын илэрхийлэл, амьдралын тойрог, мэдрэмжийн нэгдлийг бэлэгдсээр ирсэн.

Энэ номын Мандалануудыг тайвшруулах, бясалгах, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол үндэсний үүл, уул, усан хээг түлхүү оруулж, тусгайлан зохиомжлон бүтээсэн байна.

Харин одоо энэхүү номыг зургийн сэтгэл заслын зорилгоор хэрхэн ашиглах талаар тайлбарлая. Гэхдээ ном дээрх зургуудийг удаан ширтэж оюун ухаанаа хоослон төвлөрөхийг хүчлэх хэрэггүй, ердөө эдгээр Мандалануудыг өнгө ялган будаарай. Ингэснээр та өөрийн Мандалад нэвтэрч, бие сэтгэлийн тайвшрал, амар амгалан мэдрэмжийг авч, таны анхаарал төвлөрөлт нэмэгдэн, бүтээлч үйл ажиллагаа дэмжигдэн, өдөр тутмын стресс, бухимдал, айдас, түгшүүр буурах болно.

Будах үйл явц яагаад ач холбогдолтой вэ?

Будаж буй явцад оюун ухаан зөвхөн гарын үйл ажиллагаа дээр төвлөрдөг. Ингэснээр тухайн агшинд тархи стресс айдас түгшүүр санаа зовсон асуудлуудад анхаарал төвлөрүүлэх боломжгүй болдог. Ийнхүү сөрөг бодлууд буурснаар мэдрэмж тэнцвэржин Мандалын бясалгалын мөн чанар илэрнэ. Будах үйлдлээр дамжуулан оюун ухаандаа чөлөөтэй бясалгах боломжийг олгосноор та өөрийн жинхэнэ дуу хоолойгоо сонсох болно.

Номоо хэрхэн ашиглах вэ?

Номыг хэрхэн ашиглах нь будах материалаа /өнгийн харандаа, пастель, фломастер, усан будаг/ сонгохоос эхэлнэ. Материалаа сонгохдоо өнгөнүүдийн холилт ямар байх, гэрэл сүүдрийг хэрхэн зохицуулах, эсвэл дан нэг өнгөөр будах уу зэргийг бодолцох хэрэгтэй. Ямар ч материал сонгосон бай танд яг зөв сонголт гэсэн мэдрэмж өгч байх ёстой. Дараа нь номоо гүйлгэн харж хамгийн ихээр анхаарлыг тань татаж, тантай ярилцаж буй Мандалаг сонгоорой. Таны ухамсарт бус ухаан яг энэ мөчид танд юу хэрэгтэй байгааг мэдэрч, таны анхаарлыг аль нэг Мандала руу татна. Ингэснээр та өөрт хэрэгтэй бясалгалыг хийж чадах болно.

Зарим Мандалаг будахад харьцангуй бага цаг шаарддаг бол зарим нь нэлээд цаг орно. Өөрийн цаг завдаа тохируулан нэг удаа суугаад дуустал нь будах уу эсвэл олон тасалж будах уу гэдгээ шийдээрэй.

Будахад зориулсан бяцхан зөвлөгөө

Өнгөө хэрхэн сонгох нь зөвхөн таны л хэрэг тул хэн ч танд ийм Мандалаг тийм өнгөөр буд гэж хэлэх эрхгүй юм. Та бүгдийг хүссэнээрээ л будаарай. Нэг Мандалаг олон янзын өнгөөр эсвэл дан нэг өнгөөр будсан ч болно. Энэ зөвхөн таны төсөөлснөөр л хийгдэх ёстой. Мандалагаа дотор, гадна талаас будаж эхлэх нь ялгаагүй бөгөөд эхэлсэн цагаас таны оюун ухаан бясалгалын хэлбэрт шилжинэ. Хэрэв та Мандалаг гаднаас нь эхэлж будаж байгаа бол дотоод ертөнцийнхөө төвд хүрэх замыг олж, түүнийгээ нээнэ. Харин эсрэгээрээ Мандалаг төвөөс эхэлж буй бол өөрийг тань тойрсон хорвоо ертөнцтэй холбогдож чадна. Сонгосон Мандалагаа будаж эхлэхдээ биеэ сул тавьж, тайван байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл номыг будахад ямар ч дүрэм журам, шүүлт гэж байхгүй.

Өнгөний талаарх мэдлэгт тань нэмэр болох дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.

Өнгүүдийг үндсэн өнгө, үүсмэл өнгө, завсрын өнгө гэж ангилдаг. Үндсэн өнгө: Улаан, шар, хөх. Энэ гурван өнгө нь цэвэр өнгө бөгөөд бусад өнгөнүүдийг хичнээн хольсон ч үндсэн өнгүүд гарахгүй гэсэн үг юм. Үүсмэл өнгө нь 2 үндсэн өнгийг хольсноор үүсдэг.

Улаан + шар = улбар шар, Хөх + шар = ногоон, Улаан + хөх = ягаан.

Үүсмэл өнгөнөөс завсрын өнгүүдийг гаргаж авна.

Та “Стресс тайлж, тайвшруулах зургийн сэтгэл заслын ном” –ыг бүх номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Зөвхөн өөрийн гайхамшигт Мандалад нэвтрэх аялалд тань амжилт хүсье.

hunnu.mn