Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтыг эргэн харах шаардлагатай

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын ажлын хэсгүүд нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 2015, 2016, 2017 оны эхний улиралд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Багахангай, Чингэлтэйгээс бусад дүүрэгт 60 албан тушаалтныг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бөгөөд тэдэнд 92.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Шүүхийн шийдвэрээр ажил албанд нь эргүүлэн томилсон 7 албан тушаалтанд 58.3 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасныг Авлигатай тэмцэх газраас 9 дүүргийн удирдлагуудад анхаарууллаа.

Баянзүрх дүүрэг нь 2015 онд 50 жилийн ойн баяр тэмдэглэн  ойн арга хэмжээнийг дүүргийн харъяа “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв” ОНӨҮГ-аар дамжуулж зохион байгуулсан бөгөөд нийт 597 иргэн, аж ахуйн нэгжээс 278 сая төгрөгийн хандив авчээ. Түүгээр зогсохгүй хандив өгсөн аж ахуйн нэгжүүдтэй холбоотой шийдвэрийг удаа дараа гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Багахангай дүүрэг 2015-2016 онд нийт 84 сая төгрөгийн хандив авсан нь мөн хууль зөрчсөн болохыг Ажлын хэсгээс танилцууллаа.

Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.3-т “энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана” гэсэн заалтыг зөрчиж хөрөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Багахангай дүүрэг “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг, “Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг, Баянзүрх дүүрэг волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг, Чингэлтэй дүүрэг шагнал, урамшуулалд 132 сая төгрөг гэх мэтээр Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал урамшуулал, баяр наадам, тэмцээн уралдааныг зохион байгуулахад зарцуулж байгаа нь Авлигатай тэмцэх газрын анхаарлыг татаж байна. Тиймээс Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т заасан “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг цаашид нарийвчлан тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэх, өөрчлөн засах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газар үзэж, энэ талаар холбогдох саналыг уламжлахаар бэлтгэж байна.