Дональд Трампын зээ охин БНХАУ-ын төрийн тэргүүнд мэндчилгээ хүргүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д гурав хоногийн айлчлал хийж байна. Өчигдөр Хориотой хотын номын сан байсан Бао Юн Лоу асарт Трамп, Ши Жиньпин нар эхнэрүүдийн хамт цай зооглож суух үеэр АНУ-ын ерөнхийлөгч өөрийн таблет компьютер дээр зээ охиныхоо мандарин хэлээр дуулж, шүлэг уншсан мэндчилгээний дүрс бичлэгийг Хятадын төрийн тэргүүнд үзүүлжээ.

Иванка Трамп, Жаред Кушнер нарын том охин Арабела дөнгөж 16 сартайгаасаа эхлэн хятад асрагч эмэгтэйгээр мандарин хэл заалгасан байна. Арабела охин үзүүлбэрийнхээ эхэнд Хятадын төрийн тэргүүнийг “өвөө”, тэргүүн хатагтайг “эмээ” гэж мэндэлсэн байна.

Охины мэндчилгээг үзсэн Ши Жиньпин үзүүлбэрт “+A” дүн өгч, түүнийг “бяцхан од” хэмээн өхөөрджээ. Тэр бас Арабелаг удахгүй Хятадад зочилно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын цагаан сараар Арабела охин бас ээжийн хамт Вашингтон дахь Хятадын элчин сайдын яаманд зочилж, дипломатчийн үүргээ гүйцэтгэж байсан юм.

Дараа нь дөрөвдүгээр сард Ши Жиньпинийг эхнэрийн хамт Флоридад айлчлахад Арабела мөн тэдэнд зориулан дуу дуулж, шүлэг уншиж байжээ.