Ерөнхийлөгч хоригийг нь УИХ хүлээн авах эсэхийг өөрөө харна

Өнөөдөр УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өөрийн биеэр оролцож байна. 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьсан асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцэх юм. Тиймээс ч Ерөнхийлөгч ирж, оролцож буй ажээ.

"2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй" гэсэн байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч баримталж, хориг тавьсан.

Гэлээ ч эрх баригч МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэхүү хоригийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин АН-ын бүлэг хоригийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр УИХ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх болно.

Эх сурвалж: hunnu.mn