Х.Баттулга: Тавантолгойг үнэгүй авахыг оролдсон бүлэг дахиад босоод ирлээ!

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төсвийн тодотголд хориг тавьсан асуудлыг хүлээн авах эсэх талаар хэлэлцэж байна. УИХ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбар хийхдээ ажилгүйдээ бус харин хүлээж авах боломжгүйдээ энэ хоригийг тавьсан гэдгээ мэдэгдлээ.

“Хийх ажилгүйдээ бус харин ийм зүйлийг хүлээн авч болохгүйдээ хориг тавьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд ч хориг тавьсан. Онцгой нөхцөл байгаа. Ч.Хүрэлбаатар олон удаа УИХ-д суусан, олон удаа сайдаар ажилласан.

Хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг удирдаад байгааг энд сууж байгаа бүх хүн мэднэ. Тэрний төлөөлөл сайд болох нь бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь ашиггүй бол. Тийм учраас харамсаад Сангийн сайд дээр хориг тавьсан.

Төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөгийг олгох нь өнөөдрийн нөхцөл байдалтай уялдахгүй харамсалтай шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад тохиолдолд халамжийн бодлогоос татгалзах ёстой.

Харамсаж байна. 55 тэрбум гэдэг их мөнгө. Ажлын байр нэмэх хэрэгтэй. Дутагдаад байгаа цэцэрлэг барих хэрэгтэй. Гэр хорооллоос, хөдөөнөөс сонгогдсон гишүүд зөндөө байгаа. Ийм байдлаар хөгжихгүй. Бизнесийн салбараас УИХ-д орж ирсэн гишүүд олон байгаа.

Өмнө нь Тавантолгойг үнэгүй авахыг оролдсон бүлэг дахиад босоод ирлээ. УИХ-ын дэд даргын томилгоогоо эргэж хараач ээ.

Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан, бүгдийг атгачихсан. Одоо яамд руу орж байна. Ийм тодорхой болчихсон учраас хоёр хориг тавьсан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана. Өргөн хүрээтэй хуралдана. Хаалттай хурлыг оноос өмнө зарлана...” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ.