Багш нарын хугацаагүй АЖИЛ ХАЯЛТ эхэллээ

Багш нарын хугацаагүй ажил хаялт өнөөдрөөс эхэлж байна. Ажил хаялтанд оролцож байгаа сургууль, цэцэрлэгийн мэдээллүүдээс эхний байдлаар хүргэе.

БГД-ийн 113 дугаар сургуулийн багш, ажилчид ажил хаялтанд захирал, эмч, манаачаас бусад 87 гишүүний 96,6% ирцтэйгээр нэгдэн оролцож байна.

СХД 122 сургууль 10:30 минутанд ирц 85% хувьтай ажил хаялт үргэлжилж байна.

БГД-ийн 30-р цэцэрлэгийн багш ажилчид ажил хаялтанд нэгдлээ.

БГД-ийн 77-р  цэцэрлэг багш нар ажил хаялтанд 100% нэгдсэн байна.

БЗД -ийн 203 цэцэрлэгийн хамт олон ажил хаялтанд нэгдэж байна.Хамтарсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

БЗД -ийн 53-р дунд сургуулийн хамт олон 90% тайгаар ажил хаялтанд нэгдэж байна.Хамтарсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

199-р цэцэрлэг 10 цагийн байдлаар ирц бүрэн байна.

ХУД-ийн 18-р сургууль ажил хаялтанд оролцож байна гэсэн мэдээллүүдийг ажил хаялтад оролцож байгаа сургууль, цэцэрлэгүүдийн зүгээс өгч байна.

Багш нар ийнхүү хугацаагүй ажил  хаясан энэ үед албаны нөхдүүд ямар байр суурьтай байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.

Хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн.Тэгвэл  ажил хаялттай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн баасан гарагт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлсэн байгаа. Тэрхүү   албан бичигт

“Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн.

Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй.

Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэсэн байгаа юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа багш нартай Гурван талт хэлэлцээр хийсэн. Нөгөө талаас Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Багш нарт олгож байгаа нэмэгдэл хөлсийг олон шат дамжлагаар явуулж байгаа нь чирэгдэл учруулж байсан. Тэгэхээр цаашид нэмэгдэл, урамшууллыг олгохдоо боловсронгуй болгох асуудлаар санал нэгдээд, ажиллаж байна. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Боловсролын үйлдвэрчний эвлэлийн түр холбоо 13-наас ажил хаяна гэж мэдэгдлээ. Тэдний төлөөлөлтэй уулзаад, нэгдсэн ойлголтод хүрнэ гэж найдаж байна. Ажил хаялтыг зохицуулсан хуулийн заалт бий. Гурван талт хэлэлцээрийг Засгийн газар биелүүлэхгүй бол ажил хаях эрх нээгддэг. Гэтэл бид хэлэлцээрт өөрчлөлт оруулаад, гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хүрээнд ажил хаялт байхгүй. Хоёрдугаарт, Гурван талт хэлэлцээртэй холбоотой хамтын маргаан үүсгэсэн тохиолдолд ажил хаях эрхтэй болдог. Одоогоор хамтын маргаан үүсгэсэн тохиолдол гараагүй байна. Тэгэхээр ажил хаях эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс багш нарын үйлдвэрчний эвлэл хуулийн хүрээнд хандах байх” хэмээн ярьсан байна.

Талуудын байр суурь ийм байна. Багш нарын хугацаагүй ажил хаялтын талаар эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Hunnu.mn