Ногоон цайны нууц

Монголчууд бид ногоон цай хэрэглэсээр хэдэн зууныг үдсэн. Тэгвэл ногоон цайны өлгий орон нь Япон аж. Японоос хятадууд суралцаж дараа нь урд хөршөөс манайд нэвтрэн ногоон цай өдөр тутмын хэрэглээ болжээ. Ингээд ногооны цайны үр шим, болон үүх түүхээс танд өгүүлье.

Япончуудын ногоон цайг дээдэлж, хэрэглэдэг уламжлал хятадуудад нөлөөлөөд олон зууныг үдэж байна. Наран улсыг зорьсон хятадын буддын шашины лам хуврагууд Японд хүний эрүүл мэндэд тун тустай шингэн зүйл байгааг олж мэдэж, олзуурхан нэвтрүүлсэн нь ногоон цай юм. Камакурын үе буюу 1191-1333 онд Ейсай хэмээх лам нэгэн номдоо “Цай бол хүний эрүүл мэндэд гайхалтай ашиг тустай” гэж цайны ач холбогдлын тухай тэмдэглэн үлдээсэн нь бий.

Цай бол хүний насыг уртасгаж, биеийн эрүүл мэндэд олон жилийн турш үр өгөөжөө өгч чаддаг шидтэй. Цайг өдөр бүр хэрэглэж сурсан хүн амьдралаа уртасгаж, биеэ улам л тордсоор байгаа хэрэг. Эрт үед ч одоо ч цайг хэрэглэсээр байгаагийн нарийн учир энд оршдог. Эрт дээр үед цайг эмчилгээний буюу эм бэлдмэлийн хувиар их хэрэглэдэг байж. Энэ нь эдүгээ ч оргүй зүйл биш гэдэг нь шинжлэх ухаанаар хөдөлбөргүй батлагдсан юм.

Японы эрдэмтдийн судалж шинжилснээр цайг өдөр тутам хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвдөх нь нэн цөөн байж гэнэ. Энэхүү судалгааны дүн эрдэмтдийн анхаарлыг ихээр татснаар хорт хавдар аймшигт өвчин хамгийн ихээр газар авсан бүс нутгуудад судалгаагаа үргэлжлүүлэн явуулахаар шийджээ. Үнэхээр цай тогтмол хэрэглэдэг хүмүүс хорт хавдарт бага өртөж буй эсэхийг нотлохоор зорьсон нь энэ. Ингээд Шизоуки мужийг судалгааныхаа гол цөм болголоо. Тус мужийн хорт хавдартай оршин суугчдад нарийн судалгаа хийж, цайг хэр хэмжээгээр хэрэглэдгийг нь нэг бүрчлэн гаргажээ. Судалгааны дүнд тус мужийн төв болон баруун хэсэгт ногоон цайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, иргэд ч цайг тогтмол хэрэглэдэг тул хорт хавдар тусагсдын тоо энэ бүсэд нэн цөөн байж. Үүнээс ногоон цай нь хорт хавдрыг үүсгэдэггүй онцлогтой байж болох тухай албан ёсны таамаглал гарсан байна. Ингээд энэхүү таамаглалыг бүрэн нотлохын тулд хэд хэдэн шинжилгээ судалгаа хийх л хангалттай болж.

Ногоон цай нь хорт хавдар хэмээх аюулт өвчнийг хүн биед үүсгэхгүй байх гайхамшигтай чадвартайгаас гадна бас бус олон ашигтай тал бий.

Ойролцоогоор 60 жилийн өмнө Киото хотын их сургуулийн доктор хэвтэж эмчлүүлж буй өвчтөндөө байнга ногоон цай өгч хэрхэн үйлчлэхийг нь сайтар анзаарчээ. Энэ судалгааны дүнд өвчтний шээсэн дэх сахарын хэмжээ илт буурч байгаа нь нотлогдсон байна. Тус доктор судалгаагаа Япон даяар өрнөдөг цайны үзэсгэлэнтэй давхцуулж хийсэн бөгөөд өвчтний цусан дахь сахарын хэмжээ илт буурсан нь аргагүй анхаарлыг нь татахад хүрч. Эрдэмтэн маань Маття буюу Гьекуро төрлийн цайг ихэвчлэн өвчтөндөө зөвлөж байж. Өөр өөр өнгө, өөр амттай ч энэ төрлийн цайны үзүүлэх нөлөө нь тун төстэй байж. Эхлээд ургамлын навчаар цай хийж байгаад дараа нь навчийг нь нүдэж жижиглэн өвчтөнд өгч байж. Навчны найрлага, хуурай тослогоос шалтгаалан хуурай, шингэн цай хийхээ эрдэмтэн өөрөө сонгожээ. Хуурай цайг зөвхөн цайны үзэсгэлэнд л зориулж хийдэг бол шингэн цайг гэрийн нөхцөлд ч хийх боломжтой байлаа.

Гэвч харамсалтай нь тус эрдэмтний судалгаа шинжилгээний чухал ажил дэлхийн хоёрдугаар дайнаас шалтгаалан зогсоход хүрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд япончууд ногоон цайг цусан дахь сахарын хэмжээг багасгадаг хэмээн дахин үзэж ихээр хэрэглэх болоод байгаа.

Гэвч бас ногоон цайг ямар хүн хэрэглэх нь зохистой, зохисгүй тухай яриа бий. Хэрвээ зүрх судасны өвчтэй хүн бол цайнд агуулагддаг кофейнээс харшил авах магадлал бас бий гэнэ. Ийм өвчтэй хүмүүс өдөрт хоёроос олон удаа цай уухгүй байх нь зөв. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд ногоон цайг их хэмжээгээр хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Ногоон цайны ашиг шимийн тухай уншаад сонирхож буй хүмүүс энэ цай хэд хэдэн төрөл байдгийг мэдэх шаардлагатай.

-           Netto Sencha - шар-ногоон өнгийн энэ цайг бусад хоол хүнсний зүйлтэй хамтад нь хэрэглэхэд тохиромжтой

-           Gyokuro – Sencha-гаас илүү амтлаг, илүү сайхан амттай

-           Fukamushi – байгалийн цэвэр өвс навчаар хийсэн энэ цай нь нялуун амттай байдаг

-           Matcha – Энэ цай нь хүний бие организмын сэргээх үйлчилгээ сайтай

-           Hoji cha – Улаан шар өнгөтэй цай. Халуун, хүйтнээр нь ууж болно. Кофейн бага агуулдаг

-           Genmai cha – Genmai хэмээх цэвэрлээгүй будаагаар хийдэг цай. Цэвэр ногоон өнгөтэй амтлаг. Кофейн маш бага хэмжээгээр агуулдаг

 

Р.Гэгээ