Италийн шигшээ сүүлийн 60 жилд анх удаа бүтэлгүйтэв

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг ирэх зун Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авч чадсангүй. Тэд ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод Шведийн шигшээ багтай 0:1, 0:0-ээр тоглосноор ийнхүү Италийн түүхэн дэх хамгийн сул бүрэлдэхүүн гэж мэргэжилтнүүдийн дүгнээд байсныг баталлаа.

1958 оноос хойш Италийн шигшээ ДАШТ-д алгасалгүй шалгаран оролцсоор ирсэн юм. Италийн шигшээ багийн ахлагч, домогт хаалгач Жанлуижи Буффон “Өөрийгөө бодож харамсах юм надад алга. Харин Италийн хөлбөмбөг л хайран байна. Бид энэ тоглолтод зүгээр нэг хожигдчихсонгүй. Шигшээгийн сүүлчийн тоглолт маань ийм маягаар өндөрлөсөн нь харамсалтай. Гэхдээ би эх орныхоо төлөө зүтгэсэн он жилүүддээ огт харамсахгүй” гэж Буффон өгүүлсэн байна.

2018 оны ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд Оросын 11 хотноо явагдана. ДАШТ-ий хэсгүүдийн сугалаа энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд болох юм.

Р.Гэгээ