Харумафүжи монгол бөхөө шар айрагны шилээр цохисон эсэхийг шалгаж эхлэв

Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг элэг нэгт Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр толгой руу цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ.

Таканоива А.Баасандорж уржигдар эхэлсэн Кюүшюү башёд тархины гэмтлийн улмаас 14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн магадлагаагаар барилдаагүй юм. Тэгвэл Кюүшюү башёгийн өмнөх бэлтгэл барилдаануудын үеэр монгол сумочид хоорондоо уулзаж сууцгаах зуур Харумафүжи энэ хэргийг өдүүлсэн гэх сэжүүр байгаа тул Мэргэжлийн Сумогийн Холбооны төлөөлөгчид өнөөдөр Исэгахама дэвжээнд очиж, ёкозүна болон түүний багшийг байцаах гэнэ.

Харумафүжигийн энэ хэргийн талаар Японы иргэд үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна.

“Ёкозүна бол онцгой хүн. Үлгэр дууриалал болох ёстой хүн ийм үйлдэл хийсэн нь үнэн бол гутамшиг” гэж 30 гаруй насны япон эмэгтэй хэвлэлд өгүүлжээ.

“Ёкозүна бол сумогийн оргил. Ийм хүн зөвхөн биеийн хүчээс гадна сэтгэлийн асар их хүч чадалтай байх ёстой. Их харамсалтай санагдаж байна” хэмээн 50 гаруй насны япон эр өгүүлсэн бол Исэгахама дэвжээний ойролцоо амьдардаг 70 настай эмгэн “Энэ мэдээг сонсоод би итгээгүй. Харумафүжи их зөөлөн сайн залуу шүү дээ. Ямартай ч түүнийг нэг удаад уучилж, сумод үргэлжлүүлэн барилдах боломжийг олгоно гэж найдья” хэмээн хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: NHK