А.Санжмятав: Багшийн цалинг 50%-иар нэмэгдүүлэх байр сууринд нэгдлээ

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос өнөөдөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

"Өчигдөр цэцэрлэг, сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарласан.

Харин орой нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, зөвшилцөлд хүрсэнээр ажил хаялтаа зогсоохоор болсон юм.

Тиймээс 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувиар нэмэгдүүлэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо үзэж байна.

Зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг, цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд гарын үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараар шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдод энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэрэв Монголын багш нар хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багшийн цалинг нэмүүлэх түр хороо Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг онц ноцтой зөрчсөнд тооцож, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав мэдэгдлээ.