Б.Хурц & Ж.Батзандан

ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн  Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчээ. Өөрийнх нь нэр төрд халдсан учраас, нэр төрөө сэргээлгэхээр хандсан гэнэ. Ж.Батзандан гишүүний тухайд Б.Хурц гэж хүний асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Ийн мэдэгдэх үеэрээ Б.Хурцтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн.

Түүнийг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаанд Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдол олон ирж байсан гэлээ. Тухайлбал,  Дамирангийн Энхбат гэдэг хүнийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулж, Франц, Германаас хулгайлж, унтуулж, нойрсуулдаг тариа хийн хулгайлж, хууль бусаар авчирсан бүлэглэлийн төлөөлөгч бол Б.Хурц. Д.Энхбат Монголын шоронд бүтэн жил хоригдоод, дараа нь хилс хэргээр баривчлагдан ирсэн нь тогтоогдож, гарснаас хойш зургаан сарын дараа амиа алдсан юм. Гэр бүлийнхэн нь бидэнд маш их өргөдөл гомдол ирүүлдэг. Хууль бусаар хүн хулгайлсан хэрэгт Б.Хурцыг Европын холбоо, Герман, Английн шүүх хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Энэ хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Үүнийхээ төлөө Европын холбоо руу орох эрхгүй болсон хүн. Энэ асуудлыг ярих ёстой гэсэн юм.

Мөн тэрбээр саяхан Тагнуулын мөрдөн байцаагч нар С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаад, улс төрийн захиалгат аллага байна гэж үзэж, Монгол Улсын гурван иргэнд ял өгсөн. Захиалагч нь өнөөг хүртэл олдохгүй байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж тодорхой болгохгүй бол гурван хүнд ял тулгах замаар хэргийг хилсээр шийтгэчихлээ. Тагнуулын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө Генерал цол авсан. Энэ хэргийн захиалагчийг бид Генералаас асуух ёстой.  Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс нааш, С.Зоригийн хэргийн захиалагч нь ил тод болохоос нааш Б.Хурцын дараагийн албан тушаалын тухай УИХ ярьж болохгүй, хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийе гэж шаардаж хүсэж байгаа юм гэж байсан.

Мөн  Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд нууцаар авч өгөх ажиллагааг ТЕГ-ын дарга, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар сонгуулийг ашиглаж УИХ-д мэдэгдэхгүй хийсэн хэмээн тэрбээр мэдэгдлээ. Энэ мэт анхаарал татсан олон асуудлуудад Б.Хурц холбоотой учраас, тэр нь Монголын эрх ашигтай холбоотой тул нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл Б.Хурц Ж.Батзанданг өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Hunnu.mn