ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээ дутагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?

ХҮҮХДЭД ХАЙРЛАХ БА ХАЙРЛУУЛАХ ХЭРЭГЦЭЭ

Эцэг эхчүүд хүүхдээ тэднийг тэжээж, хэрэгцээтэй зүйлсийг нь авч өгснөөр, дулаан орон гэрээр хангаж өгснөөр хайрлаж байгаа гэж боддог. Харин хүүхэд үүнийг эцэг эхийнхээ үүрэг гэж хүлээж авдаг. Тэгвэл хүүхдэдээ хайрлаж байгаагаа хэрхэн илэрхийлэх вэ гэж та бодож байгаа байх. Хүүхэд болгон хайрыг өөр өөрөөр хүлээж авдаг. Үүнийг хайрын хэл гэж нэрлэдэг. Урмын  үг сонсох, ээж ааваараа тэврүүлэх, бэлэг авах, ээж аавтайгаа хөгжилтэй дурсамжтай цагийг өнгөрөөх зэрэг. Та хүүхдээсээ ямар үед хайрлагдсан гэдгээ ээж ааваасаа мэдэрдэг вэ гэж асууж үзээрэй!

ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭРЭГЦЭЭ БАЙДАГ 

Хүрээлэн буй орчин нөхцлөөс гадна  сэтгэл зүйн хувьд аюулгүй гэдгийг мэдрүүлэх нь чухал юм. Гэртээ тайван байх орчныг бүрдүүлэх үүнд эцэг эхчүүд хэрүүл зодоон хийхгүй байх, хүүхдэдээ эцэг юмуу эхийнх нь талаар буруу ойлголт сэтгэгдэл төрүүлэхгүй байх, хүүхэддээ байнга тушаал буулган өөрийнхөө хүссэнээр байлгахыг шаардах, ах дүүсийн хоорондох асуудалд үргэлж буруутгах зэрэг нь сэтгэл зүйн таагүй байдлыг үүсгэдэг. Хүүхдэд нэн тэргүүнд тайвшруулагдах хэрэгцээ байдаг. Ялангуяа 0-1 насанд эцэг эхчүүд хүүхдээ уйлах бүрт нь хариу үйлдэх тайвшруулах хэрэгцээтэй байдаг. Энэ насан дээр нярай хүүхэд өөрийгөө тайвшруулж чаддаггүй учраас ээж нь юмуу асран харж байгаа хүн нь тайвшруулах нь зүйтэй. Энэ насан дээр бусдаас тайвшралыг авч өссөн хүүхдийн хувьд аливаа стресстэй нөхцөлд айдас түгшүүрийг мэдрэхгүй, асуудлыг даван туулах чадвартай болохоос гадна өөрийгөө тайвшруулж чаддаг.

ӨӨРИЙГӨӨ БУСДАД ОЙЛГУУЛАХ БОЛОН ОЙЛГОХ ХЭРЭГЦЭЭ БАЙДАГ

Намайг та ойлгодоггүй гэж хүүхэд тань хэлж байсан уу? Хүүхдийг тэгвэл хэрхэн сайн ойлгох вэ? Би том хүн учраас хүүхдэд юу ч хэлж болно, хүүхэд сонсох ёстой гэсэн байдлаар ханддаг. Гэтэл, хүүхдэд ч гэсэн хүндлүүлэх гэсэн сэтгэл зүйн хэрэгцээ байдаг. Хүүхдээ хүндэлж харилцан ярьж сурна гэдэг эцэг эхийн хувьд маш чухал. Бүх харилцаанд хэн нэгэн хүн таныг анхааран сонсох үед таныг үнэхээр сайн ойлгож байна гэсэн мэдрэмж төрүүлдэг. Ямар ч үед хүүхэд тань тан дээр ирээд юм ярих үед нь цаашаа, завгүй байна, за за мэдэж байна, дараа болъе гэж цааргалах үед хүүхэд тань яг тэр үед өөрийг нь ойлгодоггүй гэсэн мэдрэмжийг хүлээн авдаг. Тиймээс ямар ч их ажилтай байсан та ажлаа түр зогсоогоод хүүхэддээ анхаарлаа бүрэн хандуулан юу хэлэх гэж байгааг нь сонсоорой. Хүүхэддээ анхаарлаа бүрэн хандуулж байгааг илтгэх зүйлст нүд рүү нь эгцэлж харах, аядуу зөөлөн дуу хоолойгоор харилцах, хүүхэдтэйгээ нэг төвшинд суух болон хүүхдээсээ нээлттэй асуултуудыг асуух зэрэг багтана.

ХҮҮХДИЙНХЭЭ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ ДУТАГДАЖ БАЙГААГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Сургуулийн гүйцэтгэл буурах, хоцрогдох
  • Хичээсэн ч ахиц гарахгүй, дүн сайжрахгүй байх
  • Байнга санаа зовж, түгших
  • Сургуульд явах дургүй
  • Хэт их хөдөлгөөнтэй байх
  • Маш их хар дарж зүүдлэх
  • Байнга үгнээс зөрөх
  • Уурлаж уцаарлах
  • Сэтгэл гутралтай, гунигтай байх

Хэрвээ дээрх шинж тэмдэг таны хүүхдэд ажиглагдвал сэтгэл зүйн тусламж хэрэгтэй болсныг илтгэж байгаа тул шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг хүсье!

Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд ОУБ-ын Тэргүүн

Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төвийн Тэргүүн

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул