С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн 14,926 хуудас  материалыг нууцын зэрэглэлээс хасахыг дэмжив

1998 оноос хойш Монголчуудын анхаарлын төвд байсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 14,926 хуудас бүхий  материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, хадгалалтын статусыг өөрчлөн, Ерөнхий прокурор дахь энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал төрийн нууцад үлдэнэ гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдэгдэв.

Гэхдээ эцсийн шийдийг Улсын дээд шүүх гаргах юм.

Уг шийдвэртэй холбоотойгоор  С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр шат  шатны шүүхээс ял авсан гурван хүний асуудал дахин сөхөгдөх үү? гэсэн хэвлэлийнхний асуултадШүүхийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах бооломжтой байдаг. Хоёрдугаарт,  хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна” гэсэн хариултыг Ц.Нямдорж өглөө.

Захиалагчийн хэргийг тусгаарлаж, хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байгаа аж.

Эргэн сануулахад, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  чуулганы танхимд хэлэхдээ “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэж байсан юм.

Мөн Ерөнхий  прокурор   С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр энэ оны эхэнд байгуулсан байдаг.

 

Эх сурвалж: Hunnu.mn