2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудлыг Мянганы хөгжлийн зорилтод тусгажээ

Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ хандаж үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, өнөөдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсээр 20 гаруй жил болж байна.

Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудал тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын, монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай.

НҮБ-аас энэ өдрийг энэ жил “Бид сэргийлж чадна, харин Та, би сэргийлж чадна, харин Та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход төр, түмнээ төлөөлсөн эрхэм гишүүд Та бүхэн идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна гэдгийг онцлов.

Мөн ДОХ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, төрийн бус байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэж байна гэдгийг тэмдэглэлээ.