Дэлхийн хамгийн шуналтай харамч эмэгтэй

101 жилийн тэртээ Генриетта Хоулэнд Гетти Грин гэх эмэгтэй өөд болжээ. 81 настайдаа өөд болсон энэ эмгэн ивэрхийтэй болсон ч гэсэн 150 ам.доллараар эмчлүүлэхээс татгалзаж олон жилийн турш өвчиндөө шаналсан юм. Гэвч мөнгөгүйдээ бус харин мөнгөө үрэхгүй гэсэн харамч, шуналтай зандаа ээрэгдэн ийнхүү тарчилжээ.  Гэтэл тэр тухайн үедээ дэлхийн хамгийн баян эмэгтэй байж. Одоогийн ханшаар түүний хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар! Малын тоо мянга хүрэхээр муулах юм олддоггүй гэдэг шиг л юм болсон хэрэг.

Гетти Грин гутал, хувцсаа огт солихгүй. Бүр урагдаж, цоортол нь өмсөнө. Түүнийг “Уолл Стритийн шулам” гэх юм уу эсвэл “Дэлхийн хамгийн шуналтай харамч эмэгтэй” гэж хочилно. Бүр домог мэт зүйлс яригдана.

Гэртээ тэр халуун ус хэрэглэдэггүй. Савангаар зөвхөн их хиртсэн зүйлийг л угаахаас биш жирийн үед хүйтэн усаар нүүр гараа угаачихна. Учир нь ус халаахад төлбөр гарна! Шинэ сонин авч уншчихаад хүүгээ гүйлгэж сониноо тэр дор нь заруулна. Дэлгүүрт ороод хэдэн цагаар үнэ буулгах гээд яриад зогсчихно.

Тэрбумтан хэрнээ асрагч, үйлчлэгч авч ажиллуулахгүй. 33 настайдаа Эдвард Гринтэй гэрлэхдээ өөрийн хөрөнгөндөө гар дүрэх аргагүй болтол нь гэрээ үйлдсэн гэдэг. Хожим нөхөр нь түүний данснаас мөнгө нууцаар авч байсныг мэдээд дансаа өөрчилж, нөхрөө гэрээсээ хөөжээ. Гэхдээ дандаа хар харанхуй зүйл гэж юу байхав. Салсан нөхөр нь өвдөж зовсон үед тусалж байсан гэдэг.

Гетти Грин зургаан настайгаасаа эхлэн хараа муутай өвөөдөө дэлхийн санхүүгийн мэдээллийг уншиж өгөх болжээ. Өвөө нь түүнийг хүмүүжүүлсэн юм билээ. 13 настайдаа чамгүй хөрөнгөтэй гэр бүлийнхээ санхүүг бүрэн атгах болсон байна. Харин гэрлэхээсээ өмнө эцгийнхээ 7.5 сая ам.долларын хөрөнгийг өвлөн авчээ.

Гетти Гриний хувьд хамгийн аймшигтай зүйл бол татвар. Тэр өөрийн олсон мөнгөө татварт өгнө гэхээс байж яддаг байж. Тиймдээ ч зарлага бараг гаргадаггүй. Өөрийн гэсэн гэр орон ч үгүй. Хамгийн хямдхан байр түрээсэлж амьдарна.

Үр хүүхдээсээ хүртэл мөнгө харамлана. Нэг удаа хүү Нэд нь хөлөө бэртээжээ. Хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй хүн хамгийн сайн эмнэлэгт хүүгээ хэвтүүлэх байх гэтэл харин ч эсрэгээрээ ядуучуудын эмнэлэгт хандсан байна.

Эмнэлгийнхэн түүнд болон хүүд нь таагүй хандсан тул сүүлдээ бүр гэрээрээ өөрөө эмчлэх болж, эцэстээ хүү нь нэг хөлөө тайруулав.

Гетти Грин гэнэтийн халдлага, дээрэмчдээс сүнсээ зайлтал айна. Тиймээс галт зэвсэг эзэмших эрх авч, буугаа байнга биедээ авч явах болжээ.

Гэхдээ тэр санхүүгийн бирж дээр бол жинхэнэ туршлагатай сайн тоглогч. Гетти Гриний худалдаж авсан хувьцааны үнэ удалгүй өсдөг нь жам байж. Өвөөгөөсөө хар багаасаа сурсан эрдэм нь хөрөнгөө улам өсгөхөд, мөнгөө огт үрэхгүй байхад сургажээ.

81 настайдаа зүрхний шигдээсээр өөд болсных нь дараа л түүний хүү Нэд болон охин Сильвиа сая нэг хүссэнээрээ мөнгө үрж эхэлж. Нэд хамгийн үнэтэй тансаг машиныг худалдан авч, харин охин Сильвиа нь сайн үйлсийн санд мөнгө хандивлах дуртай өгөөмөр сэтгэлтэн болжээ. Гэлээ ч тэд харамч эхийнхээ насаараа гамнаж, хайрлаж цуглуулсан хөрөнгийг үрж, жаргаж байгаагаа хүлээн зөвшөөрдөг байсан гэнэ.