“Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх Дэлхийн форум” зохион байгуулна

Энэ сарын 4-6-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо “Хөрөнгө илрүүлэх дэлхийн форум”  зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн форумыг “Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх санаачилга”-ын (StAR) дэмжлэгээр АНУ болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улс  хамтран зохион байгуулна.

Тус форумын нээлтийн уулзалтаар Нигери, Шри Ланк, Тунис, Украин улсуудын талаар авч үзэх юм. Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх салбарт ажилладаг мэргэжилтнүүд болон дээрх дөрвөн орны төлөөлөгч нар оролцож цаашдын ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Энэхүү форум авлигын замаар гадагш гарсан хөрөнгийг мөрдөн шалгах үүрэг бүхий мөрдөн байцаагч, прокурор нарыг чадавхжуулах, хөрөнгийг эргүүлэн авах, буцаах талаар санхүүгийн төвүүдтэй харилцах хамтын ажиллагааг дэмжих тавцан болдог юм.

Дээрх дөрвөн орны шалгаж байгаа хэргүүдэд гарсан дэвшил, техникийн туслалцааны үр дүнд өссөн хүчин чадал, хэргүүдэд хамаарах улс орнууд хоорондын хамтын ажиллагааны ахиц, дэвшлийн талаар хэлэлцэх ажээ. Энэ удаагийн арга хэмжээг өмнө хийж байсан Хөрөнгө илрүүлэх Арабын форум, Хөрөнгө илрүүлэх Украины форум зэрэгтэй ижил, хэлбэр агуулгаар зохион байгуулах юм байна.