Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн хоржоонтой тоглолт

Хөлбөмбөгийн түүхэнд элдвийн л хачин сонин тоглолт болсон нь дамжиггүй. Гэхдээ 1994 оны Гренада-Барбадосынх шиг нь байгаагүй гэнэм. Тус тоглолтын талаар анх сонсож буй хүнд бол итгэхэд үнэхээр бэрх. Гэвч энэ хоржоонт тоглолтыг үлгэр биш үнэн бодит гэдгийг батлах баримт түүх хангалттай үлджээ.

1994 оны нэгдүгээр сарын 27-нд энэ хоёр улсын шигшээ баг Карибын цомын тэмцээний урьдчилсан А хэсгийн сүүлчийн тоглолтыг хийх болжээ.

А хэсэгт Гренада эхлээд Пуэрто-Риког 2:0-ээр хожсон бол дараа нь Пуэрто-Рико Барбадосыг 1:0-ээр хожжээ.

Сүүлчийн тойргийн өмнө байдал ийм байв.

1. Гренада 3 /оноо/ 2 /бөмбөгийн зөрүү/

2. Пуэрто-Рико 3 /оноо/ -1 /бөмбөгийн зөрүү/

3. Барбадос 0 /оноо/ -1 /бөмбөгийн зөрүү/.

Хэсэгтээ тэргүүлсэн баг л дараагийн шатанд шалгарах байж. Ингээд Гренада-Барбадос тоглох боллоо. Барбадосынхон өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүгээр хожвол хэсгээсээ нэгээр шалгарна. Харин Гренадагийнхан хоёр болон түүнээс олон гоолын зөрүүгээр л хожигдохгүй бол хэсгээ тэргүүлнэ.

Хамгийн гол нь тухайн тэмцээнд хэсгийн тоглолтод тэнцвэл нэмэлт хоёр үе буюу 30 минут сунгахаар заасны зэрэгцээ нэмэлт үед “алтан гоол” оруулбал хоёр гоолтой дүйхээр үнэлдэг дүрэм үйлчилж байжээ.

Ингээд тоглолт эхэллээ. Барбадосчууд хоёр гоол оруулж, 2:0-ээр тэргүүлж эхлэв. Тэд одоо гоол алдахгүй л бол хэсэгтээ тэргүүлнэ. Гэтэл гай болж 83 дахь минутад гренадачууд хариу нэг гоол хийчихжээ. Тоо 2:1. Одоо бол Гренада хэсгээсээ шалгарахаар болоод явчихлаа.

Гэтэл барбадосчууд бөндгөрөө ажиллуулжээ. Хамгаалагч Сиели хаалгач Стаут хоёр хаалганыхаа өмнө ярилцангаа бие биедээ бөмбөгөө дамжуулж байснаа хамгаалагч шууд өөрийн хаалга руугаа цохиод гоол оруулчихлаа. Тоо 2:2. Дүрмийн дагуу үндсэн цаг тэнцээгээр дуусвал нэмэлт хоёр үе сунгана. Нэмэлт хоёр үеийн нийт 30 минутад барбадосчууд “алтан гоол”оруулбал хоёр гоолоор тооцож 4:2-оор хожсонд тооцогдсоноор хэсгээсээ шалгарах боломжтой. Харин үндсэн цагт нэмж нэг гоол орууллаа ч 3:2 болоод бөмбөгийн зөрүүгээр өрсөлдөгч Гренада хэсгээ тэргүүлэхийг барбадосчууд маш сайн тооцжээ. Тиймээс эхлээд юу ч гэсэн тоог тэнцүүлж нэмэлт үе сунгаад, “алтан гоол” дээр азаа үзэхээр өөрийн хаалгандаа гоол оруулсан нь энэ.

Барбадосчууд ингэж сэтгэж чадаж байхад гренадачууд бас юу дутахав. Үндсэн цагийн үлдсэн хэдхэн минутад тэд аль нэг хаалганд гоол оруулбал хэсгээсээ шалгарах тул өөрийнхөө хаалганд хүртэл гоол оруулахаар дайрчээ. Барбадосынхон үүнийг бас урьдчилаад тооцчихсон тул одоо өөрийнхөө хаалгыг ч, мөн өрөөлийн хаалгыг ч манах болов. Тэд хоёр хаалганд хоёуланд нь гоол алдалгүй цөөн хором тэссэний шанд үндсэн цагт 2:2-оор дууслаа. Ингээд нэмэлт хоёр үеийг сунгажээ.

Адтай барбадосчууд нэмэлт үед санасандаа хүрч, “алтан гоол” оруулснаар 4:2-оор Гренадаг хожин хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарсан байна.

Тоглолтын дараагаар Гренадагийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жеймс Кларксон толгойгоо сэгсрэн байж ийн ярьжээ. “Бид зальдуулчихлаа. Ийм дүрэм зохиосон хүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй. Тэд өөртөө гоол оруулсны дараагаар манай багийнхан өрсөлдөгчийн хаалга руу дайрах уу, өөрийнх рүүгээ дайрах уу гэдгээ ч мэдэхээ больсон. Амьдралдаа ийм утгагүй юм харж байсангүй. Хөлбөмбөгт чинь өрсөлдөгчийнхөө хаалганд л гоол хийх гэж зүтгэх ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр байдал яг эсрэгээрээ байлаа” хэмээн Кларксон өгүүлжээ.

Энэ тоглолтын дараагаар “алтан гоол”-ыг хоёр гоолтой дүйцүүлдэг дүрмийг цуцалсан юм билээ.

Р.Гэгээ