3 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилтан угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд хордсон ажилчдын тоо нэмэгджээ. Тус үйлдвэрийн 51 ажилтан гүйлгэж, бөөлжин, халуурсан гэх ижил шинж тэмдгээр өвджээ.

Хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. 3 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ.

 Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.