Утаанаас салах арга зам бол Яндангүй байшин буюу Hybrid house

Агаарын бохирдол ихэссээр байгаа тухай яриад олон жилийг үдлээ. Улаанбаатарын утаатай тэмцэж сүүлийн 20 жилд гадны дэмжлэг зээл тусламж нийлсэн 240 тэрбум төгрөг утаатай хамт замхран оджээ. Энэ мөнгөөр утааг бууруулна гэж утаагүй зуух, сайжруулсан түлш, дулаалга гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Бас нийлүүлсэн. Харин утаа өнөөдрийг хүртэл байсаар байна. 

Бид утаатай биш утааг үүсгэгчтэй нь тэмцэх цаг болсон. Улаанбаатрын талаас илүү хувийг эзэгнэн буй гэр хорооллын хашаа бүрт байгаа 1-3 янданг үгүй хийж чадвал онц байдал зарлах хэмжээнд хүрээд байгаа утааны асуудлаа шийдэх боломж бидэнд байна. 

Тэгвэл гэр хорооллын айлууд яндангүй амьдарч чадах уу?

-Өвлийн тэсгэм энэ хүйтэнд гал түлэхгүй гэр хороололд яаж амьдрах юм бэ гэж та хариулах байх. 

Гэхдээ "яндангүй" амьдрах боломж байна. 

Утаа, агаарын бохирдлыг шийдэх хамгийн оновчтой, үр дүнтэй байж болох шийдлийг монгол инженерүүд олж, үүнийгээ амьдрал дээр бодитоор туршиж эхэллээ. Энэ бол “пассив хаус” буюу байгалийн гэрэл, дулааныг түлхүү ашиглах архитектурын шийдэл бүхий “Яндангүй байшин” юм. Олон улсын жишигт ийм загвар шийдэл түгээмэл байдаг ч манайд өдий хүртэл нэвтрээгүй байна. Харин Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн зохицуулагч, архитектор, техникийн ухааны доктор Б.Батболд олон жилийн судалгааны ажлынхаа үр дүнд энэхүү төслийг санаачлан боловсруулсан бөгөөд нийгэмд хямд өртөгтэй, дулаан алдагдалгүй сууц барих туршлагыг нэвтрүүлэх боломжийг одоо ч үргэлжлүүлэн судалсаар байна.

Яндангүй байшинг барихад үндэсний 21 компани дэмжиж, жишиг сууц барих бүх материалыг хандивлажээ. Ингээд Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо буюу нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй Д.Сэлэнгийнхийг есөн айлаас шалгаруулж, 64 метр кв талбай бүхий яндангүй байшинг 15 хоногийн дотор барьжээ. 

Өмнө нь монгол гэрт нүүрс түлж амьдардаг байсан Д.Сэлэнгийн гэр бүл өнгөрсөн баасан гараг буюу 12 дугаар сарын 01-ний өдөр огт гал түлдэггүй яндангүй байшиндаа орсон юм.

Энэ үеэр Д.Сэлэнгэ “Ийм богино хугацаанд ийм тохилог сууцтай болчихно гэж үнэхээр төсөөлсөнгүй. Байшин минь үнэхээр дулаахан байна. Өнөөдрөөс эхлээд манайх нүүрс үнстэй зууралдах, утаа гаргаж агаар бохирдуулах шаардлагагүй боллоо. Нийгэмд хэрэгтэй энэ ажлыг санаачилсан, дэмжсэн бүх байгууллага, хүмүүстээ маш их баярлалаа” гэж догдлон ярилаа. Мөн хороо, хэсэг болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж яндангүй байшинтай нь танилцлаа. Тэд “Гал түлдэггүй хэрнээ нарны гэрлээр ийм дулаан байна гэж төсөөлж байсангүй” гэцгээн халууцсан бололтой гадуур хувцсаа тайлцгаав. Энэ үед байшин доторх дулаан хэмжигч 20 хэмийг зааж байв.

Яндангүй байшингийн гол онцлог:

  • Нар руу харсан буюу нүүрэн талдаа шалнаас тааз хүрсэн том цонхтой учраас байгалийн дулааныг хангалттай шингээж авдаг.
  • Дотроо хоёр давхар боловч давхар хооронд онгорхой зайтай /войд/ учраас дулаан агаар давхруудад чөлөөтэй нэвтэрдэг.
  • Халаалтын хувьд нар болон эрчим хүчний хосолмол /hybrid/ хэрэглээтэй.
  • Дотроо 00, шүршүүртэй.
  • Хямд өртөгтэй.
  • Богино хугацаанд барих боломжтой.
  • Загвар, архитектур сайтай.
  • Байгаль орчинд ээлтэй.

Энэ мэтээр дурдаар байвал яндангүй байшингийн давуу тал маш олон. Халаалтын төхөөрөмж л гэхэд хүрмэн чулуугаар хийсэн учир эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаггүй, эрчим хүч маш бага зарцуулдаг гэх мэт онцлогтой байх жишээтэй.

Зардлын тооцоо, харьцуулалт:

  • Энгийн галлагаатай гэр болон байшинд амьдарч буй өрх хүйтний улиралд дунджаар 500-600 мянга орчим төгрөг түлшиндээ зарцуулдаг.
  • Яндангүй байшингийн эрчим хүчний зардал хүйтний улиралд 100-120 мянган төгрөг буюу дээрхээс тав дахин бага.
  • Яндангүй байшинг барих бүх өртөг 35 сая төгрөг буюу орон сууцны зах зээлийн үнээс 3-4 дахин хямд. /Нийт 64 ам метр/

Төлөвлөсөн зургийн дагуу иргэн Д.Сэлэнгийнд барьж өгсөн яндангүй байшин. ЧД, 8-р хороо.

Байгалийн гэрэл, нарны туяа чөлөөтэй нэвтрүүлэх зориулалттай том цонхны урд заавал навчит мод тарих ёстой. Энэ нь зуны улиралд хэт халуунаас халхалж өгдөг бол өвөл нь навчаа гөвөөд нүцгэрдэг онцлогтой юм байна. Мөн дээврийн усаа хуримтлуулж, мод бутаа услана.

Давхар боломжууд:

“Яндангүй байшин” төслийн бас нэг том давуу тал нь зөвхөн утааг шийдээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн амьдралд олон эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм. Яагаад гэвэл энэ загварын байшин барихад:

  • 100 хувь дотоодын үйлдвэрийн бараа материал ашиглах учраас дотоод эдийн засгаа дэмжинэ.
  • Нэг байшин барихад заавал тусгай зөвшөөрөлтэй том компани шаардлагагүй. Ердөө 5 хүнтэй баригад байх боломжтой учраас ажлын байр нэмэгдэж, барилгын мэргэжил, туршлагатай иргэдийн цалин орлого нэмэгдэнэ гэх мэт.

Сонирхолтой нь:

Яндангүй байшин бол зөвхөн айл өрхийн сууцны шийдэл биш ажээ. Өнөөдөр нийслэлийн ихэнх хэсгийг хамарч буй гэр хорооллуудад байгаа нийтийн үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоо, аж ахуйн нэгжүүд бүгд яндантай. Бүгд утаа үйлдвэрлэгч. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ч яндангүй байшинг хямд зардлаар барьж болно.

Үүнээс гадна гэр хороололд яг ийм загвараар цөөн /10-20/ хүүхдийн сургууль, цэцэрлэг барьж болно. Заавал олон арван тэрбумаар нэгдсэн том барилга барих гэж төсвийн гачаалд орохгүй. Ялангуяа, бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ ирж очих гэж өглөө оройн цагаар хорт утаанд хамгийн их хордож, даарч хөрч явдаг шүү дээ. Тэгвэл хороо, хэсгүүдэд, хоёр гудамжны дунд яндангүй цэцэрлэг, бага сургууль барьчихвал хүүхдүүд дээрх бэрхшээлээс салчихна. Басхүү тэдгээр цэцэрлэг, бага сургуульд багшлах хүмүүсийн шинэ ажлын байрууд гараад ирнэ. Мөн л нийгэмд эерэг нөлөөтэй.

Амьдралын зөв хэв маяг:

“Яндангүй байшин” нь зөвхөн утааг шийдээд зогсохгүй иргэдийн амьдралд зөв хэв маяг, эерэг дадал хэвшлийг бий болгох сайн нөлөөтэй. Жишээ нь, орон сууцны хорооллуудад нийтийн эзэмшлийн талбай гэж байхаасаа байхгүй нь их. Айл өрхийн мэдлийн газар гэж байдаггүй. Тэгвэл яндангүй тохилог сууцтай айл хашаандаа мод бут тарьж, хүлэмж барьж, хүнсний ногоогоо өөрсдөө ургуулаад идэж болно. Тахиа шувуу тэжээх ч боломжтой. Эрүүл, шинэ хүнс хэрэглэсэн хүн эрүүл саруул амьдарна. Иргэд хүнсний ногооны болон өндөгний хальс гэх мэт биологийн гаралтай хог хаягдлаа хурааж байгаад зүлэг ногоогоо бордож, орчноо илүү сайхан болгохыг хичээнэ. Энэ нь хог хаягдлын менежментэд олон эерэг өөрчлөлт авчирна. Нэгэнт гал түлж, үнс тоос гаргадагүй орчин улам цэвэр цэмцгэр болно. Сайхан орчинд байгаа хүн илүү эрүүл, илүү бүтээмжтэй байж илүү урт насална. Энэ бүхэн нийлээд амьдралын зөв хэв маяг, зөв дадал хэвшил, сайхан нийгмийн эхлэл болох учиртай.

Яндангүй байшинтай хашаандаа граш, хүлэмж нэмж барьж болно.

Өнөөдөр утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш болжээ. Аймаг, сумын төвд ч утаа нэмэгдсээр, асуудал болсоор байгаа. Тэгвэл яндангүй байшинг хаана ч барьж болно. Мөн нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байх ч боломжтой. Утаанаас салж, амьдралын хэв маягаа өөрчлөх эсэх сонголт таны гарт байна.

 

 

  • ZOCHIN
    (112.72.11.109)
    MEDSEN CH NAAD MONGO IDEHEES OOR AVIYASGUI TOR ZASGIINHAN CHIN TOOHGUI DEE.ARD TUMEN OORSDOO l IIM SUUTSTAI BOLSON N DEER.
    2017-12-08T06:10:51Z
  • ZOCHIN
    (112.72.11.109)
    MEDSEN CH NAAD MONGO IDEHEES OOR AVIYASGUI TOR ZASGIINHAN CHIN TOOHGUI DEE.ARD TUMEN OORSDOO l IIM SUUTSTAI BOLSON N DEER.
    2017-12-08T06:10:50Z