Хаанаа 14 жил хүлээлгэсэн  Жавзанбадам

Энэтхэгийн зүүн өмнөд, Хятадын баруун өмнөд зүгт Бутан хэмээх нутаг дэвсгэр багатай улс бий. 800 мянга орчим хүн амтай энэ улс Хэмжээт Эрхт Хаант засаглалтай. Их тайван, амирлангуй орон гэгддэг.

Тус улсын хаан нь 37 настай Жигмэдгэсэрнамжил Ванчиг. Залуухан хааны хатан нь Жавзанбадам юм. Тэд 2011 онд гэрлэсэн. Гэхдээ Жавзанбадамыг бүр долоон настайд нь хаан өөртөө сонгож хараад бүтэн 14 жил хүлээсний эцэст гэргийгээ болгосон гэдэг.

Жавзанбадам энгийн нэгэн иргэний охин биш. Түүний өвөө нь Бутаны Трашинганга хотын захирагч байж. Харин элэнц өвөө нь улсынхаа зүүн мужийн захирагч байсан гэнэ. Хааны гэр бүлтэй Жавзанбадам ойр өссөн ажээ.

“Гэрлэх мөчөө би удаан хүлээлээ. Гэхдээ удаан хүлээсэн нь чухал биш. Хамгийн гол нь зөв хүнтэйгээ гэрлэх нь л чухал. Би зөв хүнийг гэргийгээ болгосон гэдэгтээ эргэлздэггүй” хэмээн Хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг өгүүлжээ.

Бутаны өмнөх хаад олон хатан авах эрхтэй байсан гэнэ. Харин Жигмэдгэсэрнамжил Ванчиг гэрлэснийхээ дараагаар “Жавзанбадам миний цорын ганц хатан минь байх болно” хэмээн мэдэгджээ.

Хааны гэр бүлийг олон нийтийн өмнө биеэ зөв авч явахыг шаарддаг. Жишээ нь, гар гараасаа хөтлөлцөх гэх мэт жирийн гэмээр харилцааг ч хориглодог байж. Харин Хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг орчин цагт хуучны ийм үзэл суртлын эсрэг зогсчээ. Тэрбээр хатантайгаа тэврэлдэж, гар гараасаа барилцаж буй зургуудаас “зугтдаггүй”.

“Хатан маань үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй. Бид хоёрыг хайр бас урлагт дурлах сэтгэл холбодог” хэмээн Хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг өгүүлсэн удаатай.

Хаан Оксфордод сурч байхдаа Жавзанбадамын хамаатны нэгэн бүсгүйтэй найзалж байсан гэдэг. Гэвч хатнаа сонгохдоо олон жил харж, бодож явсан бүсгүйгээ авчээ.

Хатан Жавзанбадам Энэтхэгт урлаг судлаачаар суралцаж төгссөний зэрэгцээ Лондонд олон улсын харилцааны чиглэлээр мөн суралцсан. Байгаль орчноо хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлсэд цаг заваа зориулдаг. Сургууль цэцэрлэгүүдээр зочилж, хүүхдүүдтэй харилцах дуртай. Бутаны албан ёсны хэлээр болон хинди, англиар чөлөөтэй ярьдаг.

Тэрбээр 2016 оны хоёрдугаар сард хүү төрүүлж, Жигмэднамжил Ванчиг хэмээх нэрийг хайрлажээ. Хаан угсааг залгамжлах хүү төрсөнд бэлгэдэж бутанчууд 108 мянган мод суулгасан юм.

 

Р.Гэгээ