Өвлийн олимпийн наадамд Оросын баг тамирчдыг оролцуулахгүй

Өмнөд Солонгос Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. Тэгвэл тус олимпийн наадамд Оросын баг тамирчдыг оруулахгүй байх шийдвэрийг Олон Улсын Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөл өчигдөр гаргалаа.

Пёнчаны өвлийн олимпийн наадмын тэнгэрт ОХУ-ын далбаа мандахгүй, төрийн дуулал нь эгшиглэх ёсгүй гэж үзсэн байна.

Сочигийн өвлийн олимпийн наадмаас медаль хүртсэн ОХУ-ын хэд хэдэн тамирчныг допинг хэрэглэсэн хэмээн үзэж, медалийг нь хүчингүй болгож, бүх насаараа олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан юм. Ингэснээр Сочигийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид медалиараа түрүүлээгүй, харин Норвег 11 алт, 6 мөнгө, 12 хүрэл медалиар түрүүлсэнд тооцогдох болсон.

Өчигдөр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Оросын допингтой нэр холбогдоогүй “цэвэр” тамирчдыг улсынхаа далбаан дор бус ОУОХ-ны далбаан дор оролцох боломжтой гэж зарласан байна. Мөн тэдгээр тамирчид алтан медаль хүртвэл ОУОХ-ны дуулал эгшиглэх ажээ.

 

Эх сурвалж: hunnu.mn