Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11 сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 12 сарын 05-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 123 айл өрхийн 1156 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 1242 айл өрхийн 23733 бод мал, 2113 бог мал, 2184 тэжээвэр амьтан, нийт 28030 мал, амьтныг тарьж, 81125 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. 

Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байна.

Харин даваа гаригаас Мандал сцмын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг нээжээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газар тус сумын харьяат малчин Б-гийн 2 үхэр, 11.29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч,  өвчилсөн болох нь тогтоогдсон. Цэнхэрмандал суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Өвчилсөн 69 бод малыг устгаж, 3900 бог мал вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтын бүсэд 13 айл өрхийн 683 бод, 9362 бог, нийт 10045 мал байна.