Р.Амаржаргал: Хүний нас гэж байна, өдий насан дээрээ моделийн бизнесээ хөгжүүлж явна гэдэг том чанар

Монголын загварын шилдгүүд нэг дор цугладаг “Гоёл” наадам саяхан болж өнгөрсөн билээ. Жил жилийн “Гоёл”-ыг чимж ирсэн, “Мөнхийн залуу” тодотголт Э.Одгэрэл энэ ч мөн тус наадмыг чимсэн гэхэд болно. Ямартаа л УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Э.Одгэрэл гарч ирлээ” хэмээн пост бичих вэ дээ. Улстөрийн хүрээнд ноён нуруутай гэгддэг Р.Амаржаргалын пост хэн хүний анхаарлыг татсан. Тэгвэл тэрбээр энэ талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Үнэхээр загвар өмсөгч талаас нь бахархаж, хүндлэлгүй яах вэ. Би өөрөө танихгүй. Хааяа таарахаараа “Сайн. Сайн байна уу” гээд л өнгөрдөг. Гэхдээ Монголд бүхэл бүтэн загвар өмсөгч гэдэг салбарыг бий болгож, энэ салбартаа маш олон жил тууштай явж байгаа нь асар их хөдөлмөрч, тууштай, дайчин хүний шинж чанар. Хүний нас гэж байна. Тэгэхэд өдий насан дээрээ моделийн бизнесээ хөгжүүлж явна гэдэг том чанар.

Моделийн эдийн засаг гэж ч нэрлэж болохоор. Энэ чинь хүч хөдөлмөр байхгүй юу. Үүнийг монголчууд ч үнэлж, хүндлэх хэрэгтэй. Өөрөөр бол би тэр хүнийг мэдэхгүй. Энэ чинь цоо шинэ салбар шүү дээ. Мэдээж ганц Э.Одгэрэл биш. Миний мэдэхийн “Шилмэл загвар”-ын захирал Ч.Оюунгэрэл гэж эмэгтэй байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болж байсан. Орчин цагийн Монголын гоёл, загвар гэдгийг чин сэтгэлээсээ өнөөдрийг хүртэл авч яваа хүн шүү дээ” хэмээн ярьсан байна.