120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулна

Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Эхлээд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх бөгөөд зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил, үүнээс эхний эхний зургаан жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй. Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгааг онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ зээл нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдаж байгаа, зээлийг авахын тулд Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудтай бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай бодлогын 13,  ОУВС-тай 16, Азийн хөгжлийн банктай 6 арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэхээр тохирч, эхний шатны арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсний үндсэн дээр манай улсад зохих санхүүжилт олгож байгааг онцлов.

Ингээд санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр:Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд  Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс нь 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ.  “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж.

Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөх дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж байр сууриа илэрхийлэв.