Криптовалют цахим халдлагын өмнө хүчин мөхөсдөхөө харууллаа

Криптовалютын цахим бирж "Nicehash" вэб хуудас хакердуулж, хэрэглэгчдийнхээ 60 сая ам.долларыг алдсан тухай мэдээлэл анхаарал татаж байна.  “The Crypto Currency Investing” цахим хуудаст мэдээлснээр хакерууд  60 сая ам.долларыг нэг биткойн хэрэглэгчийн данс руу шилжүүлжээ. "Nicehash”-аас мэдэгдсэнээр 24 цагийн турш бүх гүйлгээгээ зогсоосон бөгөөд хакерыг холбогдох байгууллагын шугамаар эрэн сурвалжилж байгаа гэсэн байна.

"Nicehash” веб хуудсыг хакердсан байж болзошгүй сэжигтнүүд эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой байх магадлалтай гэсэн мэдээлэл байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, манай улсад Криптовалют буюу цахим мөнгийг худалдаж авч, ханшийн өсөлтөөр ашиг олох тухай ярьж, хэлж байгаа хүмүүс улам нэмэгдэж буй. Биткойн, Onecoin-ы талаар нэр бүхий эдийн засагчид ч ярьж байгаа.

 Тэгвэл Криптовалютын зах эрсдэлтэй болохыг дээрх мэдээлэл харуулж байна. Ер нь бол  криптовалютууд ямар дүрмээр зохицуулагдах вэ гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа нь эрсдэл гэдгийг хэлэх хэрэгтэй. Эдийн засагч Б.Түмэнцэнгэл хэлэхдээ “Одоогоор олон улсад ч Биткойныг зохицуулах нэгдсэн зохицуулалт боловсронгуй болоогүй. Цөөн хэдэн төв банк зохицуулалт гаргасан ч гол зорилго нь зах зээлд оролцогчдод тэгш байдлыг бий болгох, мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилготой холбоотой. Ер нь зохицуулагч нарт одоохондоо ажиглах байр суурь давамгайлж байна уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр, цаашид нэг эсвэл хэд хэдэн оронд криптовалютыг хязгаарлах ч юм уу хууль, журам гараад эхэлбэл мэдээж Биткойны үнэд нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.  Хоёрт, Биткойны үнэ өөрөө их савлагаатай, эмзэг зүйл. Жишээ нь 1-2 мэдэгдэл л өндөр хэлбэлзэл үүсгэж байна. Цаашид үнэд нөлөөлөх үйл явдлуудыг урьдчилж таах боломжгүй. Блокчейн технологийн потенциалийг мэдэхийн тул төв банкууд өөрсдөө маш анхааралтай ажиглаж, судалгаа хийж буй. Роланд Бергер гээд зөвлөх компанийн мэдээлснээр бол 2016 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан. Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдах байх” гэж байсан юм.

Эх сурвалж: Hunnu.mn