Сурагчидад “ЭРҮҮЛ МЭНД"-ийн хичээл хэрэгтэй байна

Манай орны хувьд 2016 оны байдлаар 15-аас доош насныхан 30.0 хувь, 65 буюу түүнээс дээш насныхан 3.8 хувийг эзэлж байгаа нь хүн амзүйн шинжлэх ухаанд залуу хүн амтай улсад ордог байна.

Гэтэл Монгол улсад өнөөгийн байдлаар эрүүл мэндийн боловсролын талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудын  мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгааг эрүүл мэндийн үзүүлэлт болон судалгааны үр дүнгүүд харуулсаар байна.

Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа нь тодорхойлогдсон/2013 онд/ бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг бусад үндэсний хэмжээнд хийсэн судалгаануудын дүн харуулж байна.  

“Монгол хүн амын хоол тэжээл” үндэсний 5 дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай, “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-нд мөн 10 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй, 5 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг, 5 сурагч тутмын 1  нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, 1 ба түүнээс олон удаа “АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН” гэж хариулсан байна.

Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003-2013 оны хугацаанд 4.6-аас 16.0 хувь болтлоо нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь 15-19 насны охид, эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр /36.4/ байгаа.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэдлэгтэй гэсэн боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хэрэглээ 18.2 хувь гарсан байна. (ҮСХ, НҮБХС, 2013) 15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 2 дахин өсч, 2016 онд 33.1 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна.

2016 оны байдлаар нийт халдварт өвчний 2 дугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ байгаагаас зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзлэж байна.

2016 онд шинээр илэрсэн сүрьеэтэй өвчтөний 64.0 хувийг 15 дээш насныхан эзэлж байгаагаас 0-15 насны хүүхдийн өвчлөл нь 13.0 хувийг эзэлж байна. Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаар группт орох хүний тоо улам бүр өссөөр байна.

Монгол улсын хүн амын өвчлөл ба нас баралтын “Осол, гэмтэл, гадны шалтгааны улмаас нас барах тохиолдол” сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 2016 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. Үүнд: осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт, 15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусдад шалтгаан эзэлж байна.

“Залуучуудын тамхины хэрэглээ” Монгол улсын судалгаагаар 13-15 насны сурагчдын 14.3 хувь, хөвгүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж гарсан. /Дэлхийн тамхины хэрэглээний тандалтын тогтолцоо-2014 он/

Эдгээр тоо, судалгаанаас харахад бид ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах нэн шаардлагатай байна.

Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь хүн ардаа өвчилсөн хойно нь эмчилснээс эдийн засгийн асар их хэмнэлттэй, илүү үр дүнтэй арга учраас сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгохын чухлыг аль хэдийнээ олон орон хүлээн зөвшөөрсөн байдаг.

Жишээ нь АНУ-д долоо хоногт доод тал нь 150 минутын эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын арга ухаанд суралцуулах хичээлүүдийг үндсэн хичээлийн хөтөлбөрт оруулан заадаг бөгөөд ахлах ангид 3,75 кредитийг жил болгон эрүүл мэндийн хичээл дээр авч байж дипломаа авах эрх нь нээгддэг байна.

Манай хойд хөрш болох ОХУ-д эрүүл мэндийн хичээл, амьдралын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олгох хичээлүүдийг үндсэн хөтөлбөрийн заавал орох хичээлүүдийн тоонд оруулдаг бол Өмнөд хөрш болох БНХАУ-д эрүүл мэндийн хичээл нь 18 цаг заавал орохоор хөтөлбөрт суусан байдаг байна.

Дэлхийн олон орны туршлагаас харахад амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг сургуулиар дамжуулан олгох нь хамгийн оновчтой, зардал багатай арга зам гэдэг нь тодорхой болсон учраас зөвхөн мэдээлэл олгох бус эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хандлагыг өөрчлөхөд илүү анхаарах болсон. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн 25-аас доошгүй хувийг эрүүл мэнд, амьдралын арга ухаанд суралцах хичээлд зориулдаг дэлхий нийтийн практик байна.

Манай Улсад үе үеийн Засгийн газрууд эрүүл мэндийн боловсролд ач холбогдол өгч, 1998 онд Гэгээрлийн сайдын “Сургалтын агуулгын талаар баримтлах чиглэл, Сургалтын төлөвлөгөө батлах тухай” 100 дугаар тушаал гарч сургалтын төлөвлөгөөний “нийтээрээ заавал судлах” хичээлд “Эрүүл мэнд” хичээлийг анги тус бүрт 12 цаг оруулж байхаар тогтон хэрэгжүүлж, 2014 оныг хүртэл эрүүл мэндийн бие даасан хичээл байдлаар орж байв. Эрүүл мэндийн боловсролын стандартыг анх 2004 онд боловсруулан мөрдсөнөөр уг хичээлийн цаг нэмэгдэж, тусгай хөтөлбөр, сурах бичигтэй болж, багш, сурагчдын аль аль нь энэ хичээлийг заах, заалгах дуртай, сонирхолтой, амьдралд ойрхон, хэрэгтэй хичээл болж эхэлсэн билээ.

Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн.

Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги /2010-2015/ төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлд интеграци байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна.

2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.

Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна.

Энэхүү оновчгүй, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан тоот хүргүүлж байсан.  Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг асар бууруулаад зогсохгүй сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байгааг дээрх өвчлөлийн тоо, судалгаа харуулаад байна.

Иймд манай улсын эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, үндэсний стандартыг эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх нэн шаардлагатай байна.

2017 оны 8-р сард Эрүүл мэндийн яам болон БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт дахин оруулах ажлыг гүйцэтгэж байна.

Өнөөдөр ЕБС-ийн хичээлийнй хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашдын авах арга хэмжээний талаар хамтрагч талуудын нөлөөллийн уулзалт боллоо. Уулзалтанд Эрүүл мэнд, БСШУС-ын сайд нар оролцож Эрззл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашдын авах арга хэмжээний талаар хамтрагч талуудын нөлөөллийн уулзалт боллоо. Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасахын өмнө энэ хичээлийн сургалтын материал, заах багш, эмч нар нь бүрэн бэлтгэгдсэн. Тиймээс  өнөөдөр ч энэ хичээлийг үргэлжлүүлэн хичээлийн хөтөлбөрт оруулаад явах боломж байгааг Эрүүл мэндийн яам болон БСШУСЯ-ны мэргэжилтэнүүд илэрхийллээ.