Популизмд дийлдвэл зээлийн хүү буурах хугацаа богиносох бус, сунах дүр зураг харагдана

Зээлийн ХҮҮ гэж том асуудлыг хэрхэн яаж барих тухайд улстөр, эдийн засгийн хүрээнд идэвхтэй ярилцаж буй.  Төрийн ордонд Монголбанк, Сангийн яам, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл, арилжааны банкны төлөөлөгчид оролцож зээлийн хүүгийн асуудлаар ярилцсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтэсийн захирал Б.Түмэнцэнгэл “Монголд арилжааны банкны зээлийн дундаж хүү өндөр байгааг хэрхэн бууруулах вэ?” гэсэн асуултад хариулт болгон дараах зүйлийг бичжээ.

Монголд арилжааны банкны зээлийн дундаж хүү өндөр байгааг хэрхэн бууруулах вэ?

Зээлийн хүү юунаас бүтэж байгааг харвал хариулт нь амархан гараад ирэх болно.

Зээлийн хүү = 1.Эх үүсвэрийн хүү + 2.Үйл ажиллагааны зардал + 3.Эрсдэлийн зардал + 4.Цэвэр ашиг

1. Цэвэр ашиг: Банкны систем 2017 оны эхний 10 сарын байдлаар 222 тэрбумын ашигтай, үүнийг бууруулах шаардлагатай гэж зарим хүн их ярьж байна. Абсолют дүнгээрээ энэ тоо мэдээж өндөр сонсогдож байгаа. Гэхдээ 27.7 их наяд төгрөгийн активыг эргэлдүүлэхэд ийм хэмжээний ашиг гарч буй гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв банкны ашгийг өөрийн хөрөнгөд (2017.10.31 байдлаар 3.3 их наяд) харьцуулж үзвэл өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) = 6% орчим байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр, банк эргэлдүүлж ашиг олж буй актив хөрөнгийн 10% орчим нь л өөрийн хөрөнгө буюу банкны эздийн мөнгө. Энэ мөнгөөр жилд 6%-ийн ашиг олжээ гэсэн үг. Хөгжиж буй орнуудын хувьд банкны ROE ядаж 13%-аас дээш давж байж сайн ашигтай ажиллалаа гэж үздэг.

Тэгэхээр, хачирхалтай сонсогдож магадгүй ч -- банк байгуулаад жилд 6%-ийн ашиг олж байснаас тэр мөнгөө банкинд хадгалуулчихсан илүү ашигтай байна гэсэн үг.

 

2. Эрсдэлийн зардал

14 банкны хувьд нийт чанаргүй зээлийн хэмжээ 974 тэрбум байгаа нь нийт зээлийнх нь 7.4%-тай тэнцэж байна. Ийм хэмжээний зээл эргэж төлөгдөхгүй байлаа ч банкууд хадгаламж эзэмшигчдэд мөнгийг нь анхны шаардлагаар гаргаж өгөх үүргийг хүлээдэг. "Уучлаарай, таны хадгаламжийг зээл болгоод гаргатал энэ нөхөр эргүүлж төлсөнгүй" гээд сууж байж болохгүй. Ийм байдал үүсгэхгүйн тулд эргэн төлөлт нь асуудалтай болсон зээлүүдэд "Эрсдэлийн сан" гэдэг тусгай дансыг нээж, чанаргүй зээлтэйгээ дүйцүүлж хадгаламж эзэмшигчид буцааж өгөх мөнгөө хуримтлуулж бэлддэг. Энэ мөнгө банкны хувьд зардал бөгөөд, эцсийн дүндээ зээлийн хүүнд шингэдэг.

Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд эрсдэлийн сангийн зардлыг бууруулах шаардлагатай. Үүний тулд нэг талаас эдийн засгийн орчныг тогтвортой байлгах хэрэгтэй. Эдийн засаг сайнгүй үед иргэд, ААН-ууд зээлээ төлөхгүй, эрсдэлийн сангийн зардал өснө гэсэн үг. Харин нөгөө талаас банкууд эрсдэлийн удирдлагаа сайжруулж, чанаргүй зээл гаргах эрсдэлээ багасгах хэрэгтэй. Үүний тулд засаглалын тогтолцоогоо сайжруулах, зээл судлах, зээлдэгчийн санхүүгийн тайланд хийх шинжилгээ дүгнэлт хийх аргачлалаа боловсронгуй болгох гэх мэт арга замууд бий. Зээлийн мэдээллийн сангийн хөгжил үүнд чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Түүнчлэн, нэгэнт чанаргүй зээл үүссэн үед маргааныг түргэн шуурхай, зардал багатай шийдэх хуулийн тогтолцоо (одоогийн байдлаар чанаргүй зээл шийдвэрлэж дуустал 5-7 жил ч шаардагддаг), чанаргүй активыг борлуулах зах зээлийн дэд бүтэц (актив удирдлагын тогтолцоо) ч үр дүнтэй. Мөн хэрэглэгчийн санхүүгийн боловсол нь зээлдэгч орлого зарлагаа оновчтой төлөвлөх, зээлээ хугацаанд нь төлөх чадварыг дээшлүүлдэг.

3. Үйл ажиллагааны зардал: Банкуудын нийт зардлын задаргааг авч үзвэл 20% нь үйл ажиллагааны зардал байдаг. Банкууд IT ашиглах, үргүй зардлуудаа бууруулах г.м. арга хэмжээ авснаар үйл ажиллагааны зардлаа бууруулах боломжтой. Түгээмэл яригддаг Пос машин, АТМ-тэй холбоотой зардлууд үүнд хамаарах юм. Гэхдээ үйл ажилллагааны зардал нь орлоготой нь харьцуулахад хэр түвшинд байгаа, үр ашигтай бизнес хийж байна уу гэдгийг харуулдаг Cost/Income харьцаа банкуудын хувьд 40-50% байдаг нь тийм ч өндөр үзүүлэлт биш. Уг харьцаа 60% давбал шар гэрэл, 80% давбал улаан гэрэл буюу зардал хэт өндөр, үр ашиггүй гэж үзэх нь түгээмэл. Эндээс үйл ажиллагааны зардлыг огцом буулгах орон зай хомс гэж дүгнэх боломжтой (магадгүй блокчейн г.м. цоо шинэ технологи ашиглаж, зардлыг огцом хэмнэх, эсхүл мобайл банк хүчтэй дэлгэрч салбарууд хаагдах г.м. том өөрчлөлт гарч ирэхгүй л бол).

 

4. Эх үүсвэрийн зардал

Зээлийн хүүнд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол эх үүсвэрийн зардал. Учир нь банкуудын нийт зардлын 70% нь хүүгийн зардал байдаг (Үлдсэн 20% нь боловсон хүчин, захиргаа аж ахуй, 10% нь эрсдэл болон бусад зардлууд). Үүнд эх үүсвэрийн 50% гаруйг бүрдүүлдэг хадгаламжийн хүүгийн зардал өндөр нөлөөтэй.

Тийм ч учраас хадгаламжийн хүүгийн зардал зээлийн хүүний гол бүрэлдэхүүн болдог (Жишээ нь 10 сарын байдлаар 19.9%-ийн зээлийн хүүний 13.1 нэгж буюу 2/3-ийг хадгаламжийн хүүгийн зардал бүрдүүлжээ). Иймд хадгаламжийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг нь зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг асуултын гол хариулт болно.

Үүний тулд мэдээж ханш тогтвортой байх хэрэгтэй, инфляци нам дор байх шаардлагатай, зээлжих зэрэглэл сайн - хямд эх үүсвэр татах бололцоотой байх ёстой гээд эргээд л макро орчны тогтвортой байдлын асуудал яригдаж эхэлнэ.

Гэхдээ дэлхийн 130-аад орны хадгаламжийн хүүг жагсааж үзвэл 13%-ийн хадгаламжийн хүүтэй Монгол эхний 5-д ордог. Тэгэхээр бид Аргентин, Венесуельтэй зэрэгцэх өндөр эрсдэлтэй орон уу гэвэл --үгүй. Тэгэхээр, хадгаламжийн хүүний энэхүү оньсгыг тайлах хэрэгцээ гарах болов уу.

Үүний гол шалтгааныг эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тайлбарлаж болно. Монголын эдийн засагт зээлийн эрэлт маш их. Том банкуудаас санхүүжилт авч чадахгүй нь жижиг банк, тэнд чадахгүй нь банк бусууд, тэнд чадахгүй нь ломбард, өдрийн зээл гээд явна. Хүү нь ч энэ дарааллаар өснө. Харин энэ их хэмжээний зээлийн эрэлтийг санхүүжүүлэх эх үүсвэр хангалтгүй. Хадгаламжийн төвлөрөл өндөр учрас ялангуяа өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид хэлэлцээрт давуу талтай. Банкууд хадгаламжийн хүүгээрээ өрсөлддөг гол шалтгаан энэ юм.

Тэгэхээр, зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг хэлэлцүүлгүүд нэлээн буруу, мэргэжлийн бус явагдаад байгаа нь анзаарагддаг. Хүүнд шингэдэг эдгээр зардлыг хэрхэх вэ гэдэг дээр бус, дээд хязгаар яаж тавих вэ гэдэг үр дүнгүй аргын талаар хүчтэй яригдаж байна. Энэ арга яагаад үр дүнгүй вэ гэхээр, хүүнд хязгаар тогтоосон дэлхийн 76 орны туршлагыг Дэлхйин банкнаас судлаад, Still Popular but Blunk instrument буюу, үр дүн муутай мохой арга гээд дүгнэчихсэн.

Зүйрлэвэл, жишээ нь талхны үнийг 500 төгрөг гээд тогтоочивхол, бөөнөөр нь их хэмжээгээр авах хүнд л талх зарна, эсхүл жижигхэн талх л зах зээл дээр үлдэнэ. Энэ нь хэнд тустай вэ?

Уул нь 90 онд 300% байсан зээлийн хүү 40%, 30%, 20% руу удаан ч гэсэн орж ирж байна. Энэхүү трендийг цааш үргэлжлүүлэх арга замыг зөв тодорхойлохгүй бол, популизмд дийлдвэл зээлийн хүү буурах хугацаа богиносох бус, сунах дүр зураг харагдана.

 

Дэлхийн улс орнуудын хадгаламжийн хүү (2016 он)

Country Name 2016

1 Argentina 24.3

2 Venezuela, RB 15.1

3 Madagascar 15.0

4 Turkey 14.6

5 Mongolia 13.3

6 Uganda 13.2

7 Iran, Islamic Rep. 12.8

8 Brazil 12.4

9 Armenia 11.6

10 Malawi 11.6

11 Ukraine 11.5

12 Zambia 10.8

13 Mozambique 10.8

14 Moldova 10.7

15 Tanzania 10.5

16 Georgia 9.9

17 Kenya 8.7

18 Honduras 8.6

19 Sri Lanka 8.2

20 Suriname 8.1

21 Rwanda 8.0

22 Myanmar 8.0

23 Egypt, Arab Rep. 7.9

24 Azerbaijan 7.7

25 Nigeria 7.5

26 Dominican Republic 7.2

27 South Africa 7.2

28 Indonesia 7.2

29 Benin 7.1

30 Burkina Faso 7.1

31 Cote d'Ivoire 7.1

32 Guinea-Bissau 7.1

33 Mali 7.1

34 Niger 7.1

35 Senegal 7.1

36 Togo 7.1

37 Russian Federation 7.0

38 Colombia 6.8

39 Bangladesh 6.2

40 Lebanon 5.9

41 Namibia 5.6

42 Haiti 5.6

43 Uruguay 5.6

44 Angola 5.5

45 Guatemala 5.5

46 Mauritius 5.2

47 Vietnam 5.0

48 Pakistan 4.8

49 Ecuador 4.8

50 Sierra Leone 4.2

51 Sao Tome and Principe 4.1

52 Bhutan 4.0

53 Liberia 3.8

54 Guinea 3.8

55 Chile 3.8

56 Maldives 3.8

57 Paraguay 3.8

58 Jamaica 3.6

59 Seychelles 3.5

60 Morocco 3.5

61 New Zealand 3.2

62 Oman 3.2

63 Tonga 3.1

64 Congo, Dem. Rep. 3.1

65 Malaysia 3.0

66 Jordan 3.0

67 Swaziland 2.9

68 Fiji 2.8

69 Peru 2.6

70 Cabo Verde 2.6

71 St. Kitts and Nevis 2.5

72 Macedonia, FYR 2.5

73 Central African Republic 2.5

74 Cameroon 2.5

75 Congo, Rep. 2.5

76 Gabon 2.5

77 Equatorial Guinea 2.5

78 Chad 2.5

79 Qatar 2.4

80 Samoa 2.4

81 Kyrgyz Republic 2.3

82 Belize 2.3

83 Australia 2.1

84 Botswana 2.1

85 Panama 2.1

86 Antigua and Barbuda 1.9

87 Dominica 1.9

88 St. Vincent and the Grenadines 1.9

89 St. Lucia 1.9

90 Comoros 1.8

91 Algeria 1.8

92 Aruba 1.7

93 Djibouti 1.7

94 Kuwait 1.6

95 Philippines 1.6

96 Bosnia and Herzegovina 1.6

97 Korea, Rep. 1.6

98 Grenada 1.5

99 China 1.5

100 Trinidad and Tobago 1.5

101 Bolivia 1.4

102 Cambodia 1.4

103 Thailand 1.4

104 Mexico 1.3

105 Bahamas, The 1.2

106 Kosovo 1.2

107 Costa Rica 1.2

108 Guyana 1.2

109 Vanuatu 1.2

110 Romania 1.1

111 Lesotho 1.1

112 Nicaragua 1.1

113 South Sudan 1.1

114 Montenegro 1.1

115 West Bank and Gaza 1.0

116 Albania 0.8

117 Timor-Leste 0.8

118 France 0.8

119 Solomon Islands 0.7

120 Papua New Guinea 0.6

121 Israel 0.5

122 Estonia 0.4

123 Micronesia, Fed. Sts. 0.4

124 Czech Republic 0.4

125 Barbados 0.3

126 Brunei Darussalam 0.3

127 Japan 0.3

128 Singapore 0.2

129 Hungary 0.2

130 Bulgaria 0.2

131 Canada 0.1

132 Switzerland (0.2)