Үрэгдсэн дүүгээ үүрсэн хүү

Америк гэрэл зурагчин Жо О`Доннелл энэ зургийг 1945 оны наймдугаар сард Японы Нагасакид авчээ. Нагасакид хаясан атомын бөмбөгийн хор уршгийг харуулсан гэрэл зургийг дарахаар Жо О`Доннелл тэнд очиж, олон зуун зураг дарснаас энэ зураг олны анхаарлыг гойд татсан байна.

Зураг дээр 10 орчим насны хүү дүүгээ үүрч зогсоно. Гэвч дүү нь амь үрэгдчихсэн. Хөмхийгээ зуусан энэ хүү дүүгийнхээ цогцсыг шатаалгахаар хүлээж зогсоо гэнэ. Амь үрэгдсэн хүмүүсийг Нагасакид зүгээр л галд хаяж шатааж байж. Хүү үүнд л дугаарлаж зогсоо ажээ.

“Энэ хүү 10 орчим настай л байх. Дүүгээ үүрчихсэн байгааг нь би харсан. Японд хүүхдүүд дүүгээ үүрээд тоглох нь тухайн үед их элбэг. Гэхдээ энэ удаад бол байдал их эмгэнэлтэй” гэж гэрэл зурагчин дурсан ярьжээ.