Зөрчил, дутагдал дахин гаргуулахгүй байхыг анхааруулав

Авлигатай тэмцэх газрын Зөвлөмжийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү гардуулан өгөв.

Уг Зөвлөмжид төрийн нууцад хамаарахгүй бараа, материалыг төрийн нууцад хамааруулан худалдан авдаг зөрчлийг салбарын хэмжээнд гаргуулахгүй байх, энэ чиглэлээр дотоод хяналтыг сайжруулах, энэ төрлийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож хэвших, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг Сангийн яаманд бүртгүүлж хэвших, салбарын хэмжээнд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийж, төсөвт өртгийг олон хэсэг хуваадаг буруу жишгийг таслан зогсоох, “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам”-ын хэрэгжилтийг хангаж, цаашид авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж тус сангийн төрийн нууцад хамаарахаас бусад санхүүжилт, зардлын тайлан, холбогдох тушаал, шийдвэр, аудитын дүгнэлт, сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, Цэргийн үүрэгтний үнэмлэхийг орон нутагт олгох асуудлыг нарийвчилсан журмаар зохицуулж, үнэмлэх олгохдоо харилцан адилгүй хураамж авч байгааг эргэж нягтлан, адил хэмжээний хураамж авах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг асуудлыг тусгажээ.

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бүх шатны байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үеэр илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Засгийн газрын гишүүн-сайд нарт хүргүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулсан билээ.