Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчид бэлдэнэ

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжиж, сэтгүүл зүйн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад Монголын Хуульчдын холбоо албан ёсоор дэмжиж ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ингэснээр Глоб Интернэшнл төвөөс Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчдын дунд хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, мөн тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулна.

Үүнээс гадна Монголын хуульчдын холбоо хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо. Үүнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаар НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор сургагч багш бэлтгэх, харилцан мэдээлэл солилцох ажлууд ч тус тус багтаж буй.

Ийнхүү мэргэшсэн хуульчид бэлдэж, сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, хуулийн зөвлөгөө өгөх боломжийг нээж байгаа нь байнгын хуульч ажиллуулах боломжгүй,  эрх зүйн мэдлэг дутмагаасаа сэтгүүлчид хохирдог явдлыг бууруулах зэрэг олон эерэг нөлөөтэй юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна