Б.Жаргалсайхан: Утаагүй зуух энэ тэр гэдэг чинь худлаа, ном уншдаггүй улсууд тэгж яриад байгаа

Шулуухан хэлчихдэг, хатуу үгтэй Б.Жаргалсайхан “утаагүй зуух” гэдэг бол үлгэр гэж хэдэн жилийн өмнө хэлж байсан. Мань эр хэлэхдээ “Иргэдийг богино хугацаанд тохилог цэвэрхэн гоё орон сууцтай болгох шаардлага байна. Одоо америк, европт тун бага эрчим хүч зарахаар дулааны эх үүсвэрийг нь шийдсэн утаагүй орон сууцнууд битүү байна. Гэтэл манайд утаагүй зуух энэ тэр гээд байж байна. Бүгдээрээ худлаа. Ном уншдаггүй улсууд тэгж яриад байгаа. Мөнхийн хөдөлгүүр хийчихлээ гэдэгтэй адилхан зүйл яриад байна. Утаагүй зуух хийчих юм бол энерги хадгалагдах хуулийг зөрччихнө. Монголчууд утаа гаргахгүйгээр энергийн асуудлыг шийдчих юм бол Нобелийн шагнал авах хэрэгтэй болно. Ямар мундаг юм. Манай хотын дарга гэх зэрэг хүмүүст Нобелийн шагнал өгөх хэрэгтэй. Би бол физикч хүн” хэмээж байв.

Гол нь өнгөрсөн хэдэн жилд улстөрчдийн тараасан “УТААГҮЙ ЗУУХ” үр дүнгээ өгөөгүй. Утаа гамшигийн түвшинд хүрчихсэн. Иргэд утаанд идүүлж, хордсоор байна. Харамсалтай нь улстөрчид утааны хортой үзүүлэлт багассан, дахиад зуухаа тараанаа л гэж байна. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг л даа.

Тиймээс ч Бу.Жагаагийн хэлж ярьж байсныг эргэн сануулах үүднээс ярилцлагыг нь хүргэж байна. Тэр бол харьцангуй эрүүл хөгжлийн тухай ярьдаг нэгэн билээ. Энэхүү ярилцлагыг хийхээс өмнөхөн түүнийг жүжигчин Т.Бархүүг зодсон гэх мэдээлэл хэвлэлд гараад байсан юм. Бидний яриа тэр зодооны талаар эхэлж, улс орон, улстөр, хөгжлийн гацаа зэрэг асуудлуудаар үргэлжилсэн юм.

Уучлаарай, таныг жүжигчин Т.Бархүүг зодсон гэх мэдээлэл гараад байх юм. Харин та дуугай байгаад байх юм?

Харин намайг хүн зодсон гээд гүжирдээд л биччихсэн байна лээ. Жүжигчин Т.Бархүүг зодсон гэнэ үү. Би тэр нөхөртэй зодолдоогүй ээ.

Тэгвэл та хоёрын дунд үл ойлголцол гарсан юм уу?

Үгүй. Бид хоёр тэнд тааралдсан. Би түүнд “Одоо намайг элэглэхээ больчих тэгэх үү. Надад таалагдахгүй байнаа” гэж л хэлсэн юм. Тэгсэн Т.Бархүү “Уучлаарай. Тэгвэл Жагаа ахаа. Би одоо дахиж тэгэхгүй ээ” л гэсэн. Тэгэхээр нь би “За за. Тэгвэл баярлалаа. Амжилт хүсье” гээд л өнгөрсөн. Гэтэл мешок мэт цохьсон л гэнэ. Юу юу ч гэнэ үү.

Бие хамгаалагчаараа бариулж байгаад цохьсон, өч төчнөөн хүн харсан л гэсэн байсан?

Надад хамгаалагч байдаггүй. Тэнд олон хүн харж байсан. Би тэнд хүнтэй нийлж хүн барьж авч балбасан юм байхгүй. Гол нь асуудал эндээ биш. Хүний амьдрал юм чинь хүнд муудах сайдах, ойлголцохгүй асуудал гарах үе бий. Гэхдээ асуудлыг соёлтойгоор шийдэх үү. Бүдүүлгээр шийдэх үү гэдэг хувилбарууд байна. Би улстөрч хүн. Хэм хэмжээгээ мэднэ. Сонгууль угтуулаад миний нэр нүүрийг газар доор хийж гишгэх санаатай л явуулга гэж би шууд харж байна. “Өдрийн шуудан” гэдэг сонин дээр тэгж бичсэн байсан. Тэр сонин Ардын намынхны сонин шүү дээ. Тэгэхээр ойлгомжтой. Одоо намайг хаана хальтирч унах нь вэ гээд анаад байж байгаа. Б.Жаргалсайхан хальтираад уначих юм бол “Өө нөгөөдөх чинь нисээд үхчихсэн байна лээ” гэж л бичих нь байна. Энэ бол сонгуулийн явуулга. Миний нэр нүүрийг яаж барах вэ. Яаж дэвсэх вэ л гэж хийж байгаа ажил. Уг нь 20 жил доромжилж, гишгэж, нулимсан шүү дээ. Зөвхөн өнөөдөр ч биш. Би тэсээд явж л байна. Цаашид элдвээр хэлж бичнэ. Намайг нэр дэвшээд гараад ирчих вий гэж айж байна шүү дээ.

Салж, тараад л улстөр бужигнаж эхэллээ. Мэдээж болох л ёстой зүйл болж байна л даа. Та улстөрийн өнгийг хэрхэн харж байна вэ?

2008 оны сонгуульд намууд чухам ямар мөрийн хөтөлбөртэй орсон бэ гэдгээс эхлэн бодох ёстой. Хоёр намын хувьд их хэмжээний бэлэн мөнгө амлаж гарсан. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний амлалтаараа иргэдээ худалдаж авч гарсан. Гэтэл сүүлдээ тэр нь хувьцаа болоод явчихлаа. Худалдаж авчихаад мөнгөө төлдөггүй гэсэн үг. Ер нь бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлого энэ яавч биш. Энэ ард түмнийг нийтээр нь бэлэнчилдэг, зүгээр суудаг. Юм бодох чадваргүй болгож устгах гэж байна. Хийж бүтээж байгаа улс орон хөгждөг. Бүтээдэггүй, бэлэнчилдэг ард түмэн сөнөж мөхөөд дуусч байгааг бид харж байна шүү дээ. Индианчууд яасан. Америкчууд нутагт нь орж ирээд бас л бүх зүйлийг нь бэлэнчилж өгсөөр байгаад, архинд оруулаад мөхөөж байна. Аборигенууд яасан. Англичууд Австралийг анх нээгээд очиж суурьшсан. Бас л уугуул иргэдэд нь бэлэн юм өгсөөр байгаад, хөгжүүлээгүй. Цөл дотор зэрлэгээр нь үлдээсэн, устгаад дууссан. Орост Якутууд байж байна. Тэд бас л олигтой амьдарч чадахгүй ядуу, зутруу байна. Бид Өвөрмонголоо харъя. 30-40 сая хятадууд орж ирээд бүхий л эрх дарх, газар нутаг, баялаг, хөрөнгө мөнгө бүгдийг нь л авсан. Одоо манай Ар Монгол үлдэж байна. Ар Монголыг устгая гэвэл амархан. Архинд сайн оруул, уулга. Хагас дутуу хоол өг. Мэдлэг боловсрол, мэргэжилтэй болгож, ажил хөдөлмөр эрхлүүлэх хэрэггүй. Тэгж байлгавал энэ ард түмэн амархан устана. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад ард түмнийг тийм л зам руу хөтлөөд байна. Хөтлөх зуураа байгалийн баялаг, үржил шимтэй газар нутаг, үл хөдлөх хөрөнгө гээд бүгдийг нь орж ирээд авна. Тэр хооронд монгол, монголынхоо эзэн байх уу гэдэг асуудал гарна. Ерөөсөө 20, 30 жилийн дараа л тийм асуудал гарна. Харин тэр үед өнөөдрийн улстөрчдөөс хариуцлага хүлээх хүн байхгүй. Монгол үндэстэн тэрчигтээ хохирно л гэж ойлгох хэрэгтэй. Уг нь манай улс залуучуудын эх орон. Гэтэл залуучууд нь улстөрийн эрүүл идэвх байхгүй. Улс орныхоо хөгжлийг тоохгүй. Нийгмийн амьдралд оролцохоо больчихсон. Энэ байдлыг нь их далимдуулж байгаа. Сонгуулиар бэлэн юм амлаж гарч ирээд байгаагийн шалтгаан нь энэ. Өнгөрсөн хугацаанд тав, гурван мянган төгрөг тарааж л ирлээ шүү дээ. Уг нь эрх барьж байгаа намуудын мөрийн хөтөлбөр бүтээн байгуулалтын, хөгжлийн хөтөлбөр байх ёстой. Ажилгүй залуусаа ажлын байртай, тогтмол боломжийн цалин орлоготой болгох, нийгэмд хамгийн их тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэх ёстой. Манайд эрүүл мэндийн асуудалд нөлөөлж байгаа хэд хэдэн зүйл бий. Амьжиргааны төвшин доогуур байгаа нь мэдээж нөлөөлж байна. Иргэд ариун цэвэр сахихгүй, хувийн соёл, сахилга батгүй байна. Тиймээс олноороо халдварт өвчнөөр өвдөж байна. Эхчүүд эрүүл агаараар амьсгалж чадахгүй байгаа учраас хүүхдийн эндэгдэл маш их байна. Тулгамдаад байгаа ийм асуудлуудыг шийдэх хөтөлбөрийг энэ намууд одоо болтол дэвшүүлсэнгүй. Яахав Хувьсгалт нам, Ардчилсан нам хоёр манай намын мөрийн хөтөлбөрийн нэр гарчиг энэ тэрийг нь хуулаад бид ингэх гэж байгаа гээд ярьж байна лээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Я.Содбаатар “тэгж ярих юм бол Хүний төлөө гэдэг хөтөлбөрийг бид санаачилсан” гээд Ардчилсан нам руу дайрч байна лээ. Уг нь аль аль нь л биднийх. Аль аль нь биднийг л дуурайж яриад байгаа юм шүү дээ. Мэдээж ярихаас гадна хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ хоёр намын бэлэнчилдэг сэтгэлгээ хөгжил биш. Мөнгөний амлалтаа хэрэгжүүлж, дахин сонгуульд гарахын тулд нийлсэн. Тэр нь олигтой бүтсэнгүй л дээ.

Амлалтаас гадна долдугаар сарын 1-ний асуудлаар чимээгүй байх гэж хамтарсан Засгийн газар байгуулсан гэхэд хилсдэхгүй хэмээн Д.Тэрбишдагва гишүүн хэлсэн байна лээ.. Та юу гэж бодож байна?

Долдугаар сарын 1-ний таван хүний амь насны асуудал байна. Сонгуулийн булхай луйвар байна. Ингээд ярих юм бол олон юм бий. Тэгэхээр улс орноо хөгжүүлж чадах улстөрийн хүчин үнэхээр чухал. Ард түмэн ч үүнийг илүү их хүсч байгаа болов уу гэж бодож байна.

МАН дангаараа засгаа эмхлүүлэх гэж нилээдгүй л юм боллоо. Гэхдээ энэ сонгуулийн дараа ч хамтран засгаа байгуулна гээд тохиролцчихсон гэх яриа Сонгуулийн хууль батлагдахаас өмнө гарсан. Та ч сонссон л байх?

Манай улс залуучууд орон гэж би түрүүн хэлсэн. Манай залуучууд ухаалаг, сэргэг. Шинэ юм хүлээж авахдаа түргэн. Мэдээллийн хэрэгслүүд байна. Энэ нөхцөлд дандаа ингэж хуурч мэхлээд байвал Ливи шиг л болно доо. Залуучууд нэг л өдөр бүгдээрээ босно. Тэгж удаан тэвчиж чадахгүй гэж бодож байна. Ард түмнээрээ, залуучуудаараа дандаа даажигнаж, доромжилж, сонгуулиар Үндсэн хуулиа зөрчиж, улс орныхоо баялгийг хувааж идэх асуудал үргэлж байгаад байж болохгүй. Аливаа муу юманд хэмжээ хязгаар гэж бий.

Бусад орнуудыг хараад байхад төр барьж байгаа улстөрийн намуудын үнэлгээ хэдэн чухал үзүүлэлтээр үнэлэгддэг юм байна. Хүн амын орлогыг хэдэн хувиар нэмэгдүүлсэн юм бэ. Ажлын байр хэдэн хувиар өссөн юм. Нийгмийн асуудлууд, ялангуяа ядуу буурай хүмүүсийн тоог хэдэн хувиар буулгасан юм бэ. Улс орны эрчимтэй хөгжлийг хэдэн хувиар урагшлуулав. Аж үйлдвэржүүлэлт ямар төвшинд хийгдсэн юм. Импортоор авдаг бараагаа хэрэг зэрэг багасгаж, экспортоо нэмэгдүүлсэн юм бэ. Эцсийн бүтээгдэхүүний хэмжээг хэр зэрэг нэмэгдүүлсэн юм бэ гэх зэрэг олон чухал үзүүлэлт байдаг юм. Харин манай хоёр нам юу яриад байгааг ойлгож байна л даа. 21 мянган төгрөг өгсөн шүү дээ. Бид амласнаа биелүүлсэн гэж хэлэх гээд байгаа. Тэгвэл 2004 онд талхны үнэ 250 төгрөг байсан. Өнөөдөр талхны үнэ 1000 төгрөг болчихсон байна. Махны үнэ 1500 төгрөг байсан. Өнөөдөр 7000 мянга болчихсон байна. Бензин 1000 төгрөг байсан. Өнөөдөр 1800 байна. Өөрөөр хэлбэл иргэдээ шулаад буцаагаад 21-хэн мянган төгрөг л өгсөн. Жишээлэхэд, баруун халааснаас нь 100 төгрөг авчихаад зүүн халаасанд нь 21 төгрөг л хийж байна. Хүмүүс тэнэг биш. Үүнийг ойлгож байна. Тэгэхээр сонгуулиар иргэд маш хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах, эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй. Снгуульд идэвхтэй оролцож хоосон амлалтад нь хууртаж, гуравхан мянган төгрөгийн төлөө өөрийгөө худалдах биш. Тэгж чадвал энэ байдлыг сонгуулиараа засч чадна.

Тэмцэгч О.Магнай нарын хүмүүс бол сонгуулиас юу ч хүлээхгүй байгаа гэсэн. Хувьсгал хийх л цорын ганц зам үлдсэн гээд байгаа. Үнэхээр өөр гарц байхгүй гэдгийг та хэрхэн хүлээж авч байна?

Гарц байгаа л даа. Улстөрийн намуудад боломж олгохгүй байна. Иргэдийг улстөрийн мэдлэг боловсролтой болгох асуудал дээр төрөөс анхаарах ёстой. Гэтэл маш хаалттай байна. Манай иргэдэд улстөрийн боловсрол, соёлтой болох боломж байхгүй байна. Энэ нөхцөлд үнэхээр иргэдийн дургүй хүрэх юм бол удирдлагагүй, зохион байгуулалтгүй маш том хаос үүсч болно. Ливид тэгсэн шүү дээ. Грект бас замбараагүй байдалд орж, сүүлдээ юугаар ч зогсоож чадахаа больсон. Манайх бас тийм байдалтай байгаа. Энэ бол төрийн хийж байгаа ажил. Улстөрийн ухамсар, улстөрийн соёл, хариуцлагатай болгох боломжийг улстөрийн хүчнүүдэд олгох ёстой. Гэтэл одоо намууд улстөрийн ажил хийж болохгүй гэсэн агуулгатай хууль гаргаад хэрэгжүүлж байна. Хэлэх, ярих, бие биетэйгээ уулзах, ярилцах чинь хүний эрх гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан, хамгаалчихсан. Гэтэл тэр эрхийг нь боогдуулж байна. Мэдээллийн хэрэгслийг бас хорьчихсон. Энэ буруу шүү дээ. Ингэх тусам иргэд эрх чөлөөгөө хүснэ, үгүйлнэ. Илүү их тэсрэлт болно. Хүн ядуу байж болно. Хоолгүй байж болно. Гэхдээ хүн эрх чөлөөг нь боомилохыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэрийг манай улстөрчид ойлгох хэрэгтэй.

Оны эхний сар үнийн өсөлтөд нэрвүүлсэн сар байлаа. Талууд бурууг бие бие рүүгээ чихээд л. Мэдэж байгаа ч хүн алга?

Нефтийн үнэ тэгтлээ өсөөгүй байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд шунахай. Хэдэн цаас олъё л гэж бодсон байхгүй юу. Долларын ханш өсчихлөө гээд л далимдуулаад, дур зоргоороо үнээ нэмээд. Харин төр нэмүүлэхгүй байж чадах байсан. УИХ, Засгийн газар яаралтай хуралдаад Ажлын хэсгүүд байгуулаад энэ асуудлыг яаралтай нуга дарж болох байсан. Харамсалтай нь тэгээгүй. Тэгээд 300 мянгаар нэмчихээд 50 мянгаар буулгаж байгаа юм шиг байж болохгүй. Тийм зальтай байж болохгүй. Нефтийн үнэ үнэхээр дэлхийн зах зээл дээр өссөн бол яахав. Аж ахуйн нэгжүүдийг ойлгож байна. Гэтэл нөхцөл байдал өөр байна. Сайн дураараа нэмсэн үнийг байранд нь аваачих ёстой. Энд маргаад байх юм алга. Хамгийн хортой нь үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа юм. Үнийг нэмэхэд амархан. Буулгахад хэцүү. Энэ дунд ядарсан иргэд л хохирч байгаа.

Төр нуга дарж болох байсан гэж байна л даа. Харин импортлогчдын зүгээс энэ улс чинь чөлөөт зах зээлийн тогтолцоотой орон уу гэдэгт эргэлзэж байна гэж байгаа шүү дээ?

Эдийн засгийг авч явдаг үндсэн суурь болох импортын бүтээгдэхүүн дээр төр хяналтаа хатуу тавих хэрэгтэй. Заавал төрийн зохицуулалт байх ёстой. Мөн спиртний хэдэн үйлдвэрийг төр буцаагаад мэдэлдээ авах хэрэгтэй. Заавал хүн хордуулж байж, хөрөнгө мөнгөтэй болох шаардлага байхгүй. Архи, спирт хийж олон хүний зовлонгоор баяжиж хөлжиж яах гээд байгаа юм. Энэ асуудлыг шийдэх л хэрэгтэй. Финлянд, Германд үүний эсрэг байна. Хоол хүнс, барилгын материал, оймс гутал гээд хүмүүст хэрэгтэй юм хийж мөнгөтэй бол л доо. Нефтийн компаниудын тухайд үйлчилгээ үзүүлж, түүгээрээ л мөнгө олдог болгох хэрэгтэй. Үнэ тогтоох мэдэл төрд байх хэрэгтэй. Тэртээ тэргүй манай 10 компани Оросын Роснефть гэж ганцхан компаниас л авч байгаа нь нууц биш. Тэнд айхтар ухаан энэ тэр ч хэрэггүй. Ер нь бол монголчууд ойрын ирээдүйд япончуудад баярламаар байгаа юм. Япончууд гар утасны батерейнаас 10 дахин урт хугацаанд ажиллаж чаддаг, тав дахин илүү хүчин чадалтай батерей хийлээ гээд зарлачихсан. Ирэх таван жилд бүх суудлын автомашин 100 хувь цахилгаан болно. Тиймээс Оросын хараат байдлаас, дээрэнгүй бодлогоос сална гэсэн үг.

Оросын дээрэнгүй бодлогоос сална гэдэг чинь сайхан сонсогдож байна. Улстөрчдийн хувьд боловсруулах үйлдвэрийг л гарцаа гээд байгаа. Бас байгалийн хийн хоолойг нутаг дээгүүрээ өнгөрүүлчихвэл гэсэн горьдлогын чанартай яриа ч олон жил л яригдлаа?

Боловсруулах үйлдвэр гэдэг үлгэр. Бүтэхгүйтэй адилхан зүйл. Яагаад гэхээр манай газрын тосыг боловсруулна гэхэд нэгдүгээрт дэд бүтэц байхгүй. Их өндөр үнээр дэд бүтэц босгоно. Дээр нь манай нефтид агуулагдах бензин 10-20 хувьтай, маш бага. Чанарын хувьд их өтгөн, муу нефтьтэй. Тусгай шингэнээр, өндөр даралттай усаар хөөж гаргадаг. Тиймээс олзворлолтын зардал өндөртэй. Нефтийн үйлдвэр жилд доод тал нь 3-5 сая тонныг боловсруулдаг байж ашигтай ажилладаг юм. Манай тухайд хэцүү байх. Ер нь нефтийнхээ асуудалтай зууралдах хэрэггүй. Монголын ухаалаг засаг төр монгол орныг яаралтай цахилгаан эрчимжүүлэх хэрэгтэй. Бид нефтийг юунд хэрэглэдэг вэ. Дулаан гаргахын тул, автомашин, онгоц, галт тэрэг явуулахын тулд, уул уурхайн үйл ажиллагааг явуулахын тулд шүү дээ. Гэтэл биднийг нефть боловсруулах гэсээр байтал ойрын таван жилийн хугацаанд бүгдээрээ цахилгаан болох гэж байна. Тиймээс цахилгаан станцаа яаралтай барих хэрэгтэй. Гэр хорооллын утааны асуудлыг цахилгаанаар шийдэх хэрэгтэй. Тэр нүүрснээс хий гаргана гээд байгаа нь ч эцсийн дүндээ маш өндөр зардалтай. Бензин шатааж дулаан гаргаж байгаатай адилхан. Тэгэхээр утгагүй болчих юм.

Тэр байгалийн хий дамжуулах хоолой ч бүтэхгүй. Тийм юм хэзээ ч байхгүй. Хятад манайхаар дамжуулчих юм бол бид чинь хэрэлдэж байгаад очоод крантыг нь хаачихна шүү дээ. Хятадууд биднээс болж тэгж зовъё гэж бодохгүй. Өөрсдөө Оростой хил залгаа учраас Читаар дамжуулаад байгалийн хийн бүх хоолойгоо хэдийнэ шийдчихсэн.

Ингэхэд Та Монгол Улс Тавантолгойн ордоо таван оронтой хэрхэн хамтарч ашиглах тухай төсөл барьж явсан. Тэр юу болсон бэ?

Уул уурхайн том төслүүдийг гадаадын аль нэг компанийг зусардаж шийдэх биш. Монгол Улсын хөгжилд, ард түмний чинээлэг азжаргалтай амьдралын төлөө зориулж ажил болгох хэрэгтэй. Монголын ард түмэн үүнийг хөгжлөөр дамжиж хүртэх ёстой. Жишээлбэл, энэ нүүрсний асуудлыг шийдэхдээ Хятадын Засгийн газартай нэг асуудал ярьж болж байна. Монголд 400 мянган айлын хувийн гоё хаусууд бариад өгчих. Монгол Улсын замын асуудлыг шийдээд өгчих. 10 эмнэлэг, 10 том супермаркет, 10 соёлын төв бариад өгчих. Тэнд нь бассейн, саун гэхчлэн залуучуудад хэрэгтэй бүх зүйл байг л дээ. Ийм байдлаар ярилцаж болно. Гэтэл эд нар юм хийхгүй байна. Хийж чадах ч үгүй.

Би өөрийнхөө саналыг УИХ, Засгийн газарт өгсөөн. Харамсалтай нь ойлгож байна, мэдэж байна, хэрэгжүүлэхгүй гэдэг юм. Хэрэгжүүлэх сэтгэл байхгүй. Тийм учраас бид арай өөр асуудал яриад байгаа.

Арай өөр гэдэг нь?

За тэрийг дараа ярина. Гэхдээ удахгүй..

Эдийн засгийн өсөлтийн тухай том тоонуудыг улстөрчид яриад байгаагийн цаана иргэд нь бидэнд наалдсан юм алга гэх бухимдлаа дайж байна л даа. Энэ дээр та юу хэлэх вэ?

Эдийн засгийн өсөлт гэж монголд хөрөнгө оруулсан хэмжээг яриад байна. Улаанбаатарт баригдаж байгаа барилгуудын ихэнхийг хятадын компаниуд хөрөнгө оруулж барьж байна. Өмч нь биднийх биш, хятадынх. Тэр байшинд нь орох мөнгөтэй хүн алга. Орж чадахгүй байна. Гэхдээ тэр чинь манай дээр бүртгэгдчихсэн. Эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулаад байж байна. Мөн Рио Тинто Оюутолгойд хөрөнгө оруулсан уу гэвэл оруулсан. Тэнд барилга байшин барьж байна. Тэр нь монголын эдийн засгийн өсөлтөд бүртгэгдсэн үү, бүртгэгдсэн. Гэтэл хүн амын орлого ерөөсөө нэмэгдээгүй. Амьжиргаа сайжирсангүй, ядуурал, ажилгүйдлийн тоо буурсангүй. Гол асуудал ийм байна. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй.

 

Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын нам есөн жил хамтрах Улс төрийн холбоо байгууллаа. Танайх нэмэгдэх үү?

Н.Энхбаяр, М.Энхсайханы нам болон манай нам хамтарч ажиллана гээд гэрээтэй шүү дээ. Гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Бид сонгуулийн хуулийг хүлээсэн юм. Энэ улс төр хаашаа хөдлөх нь вэ гэдгийг харж, шийдье гэж.

Гэрээтэй ч гэсэн шинээр холбоо байгууллаа л даа. Тэгэхээр та Н.Энхбаяртай дахиад нийлэх үү?

Яагаад заавал Н.Энхбаяртай гэж. Манай нам яагаад өөр намтай нийлж болохгүй гэж. Ер нь зөвхөн Н.Энхбаяр, МАХН гэдэгтээ асуудал байгаа юм биш. Шударга улстөрийн хүчин хурдан гараад ирээсэй. Тэгвэл тэд нарт саналаа өгөх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл, хүлээлт хүмүүсийн дунд байгаа юм.

МАН болоод АН-ын нэгдэл хэн хэнийг нь саармагжуулсан цаг үед Н.Энхбаяр МАХН-тай эргэж ирсэн нь зөв байсан. Гэсэн ч тэр М.Энхсайхантай нийлснээр өөр лүү нь эргээд байсан массыг түлхлээ гэх ажиглагчид ч бий?

Би М.Энхсайханыг боловсролтой, зарчимтай, шударга. сайн улстөрч гэж боддог юм. Манай нийгэмд чинь шударга хүнд дургүй шүү дээ. Шударга нэгийгээ дандаа ад үзэж байдаг. Би улстөрчийн хувьд дүгнэхэд М.Энхсайхан шударга мундаг залуу.Тэрэн дээр ярих юм байхгүй. Надад М.Энхсайханд долигоноод зусардаад байх шаардлага байхгүй. Н.Энхбаярын хувьд ч гэсэн мундаг улстөрч. Ямар ч байсан Монгол Улсын өрийг хаасан. Хэрэв тэгээгүй бол бид өнөөдөр Оюутолгой, Тавантолгойг бүгдийг нь өгчихсөн сууж байж байгаа. Оросууд ирээд асуух ч үгүй, шууд дээрэмдээд авна. Хаасан тулдаа бид олон улсын хуулиар хамгаалагдчихаж байгаа юм.

Ер нь энэ том дарга нарт долигонодог хүмүүс жигтэйхэн бий болчихсон. Нэг хүн гараад ирэх юм бол долигоноод л… Би ойлгож байна. Ерөнхий сайд С.Батболдод бол долигоноод сүйд болж байгаа. УИХ-ын даргадаа долигоноод сүйд болно. Ц.Элбэгдоржийгоо бас долоочих гээд магтан дуулаад л, урд хойно нь сунаж унаад л гүйнэ. Энэ юутай холбоотой юм. Ядуутай холбоотой. Ядуугаа дагаад соёл, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун муутай. Тэрнээсээ болоод арчаагүй байдал гаргацгааж байгаа юм. Н.Энхбаярыг дарга байхад одоогийн Ардын намын гээд байгаа нөхдүүд бүгдээрээ л улыг нь долоох гээд гүйдэг байсан биз дээ. Магтан дуулаад, дэвхэрч харайгаад, шүлэг бичээд л. Тийм биз. Тэгээд тэр хүн өөрийнхөө бий болгосон нөхдүүдээ сайн мэднэ. Яаж дэмжиж гаргаснаа ч сайн мэдэж байгаа. Яаж дарж байхгүй болгох вэ гэдгээ тэр хүн сайн мэднэ. Яагаад гэвэл өөрөө гаргасан юм чинь.

Тийм боломж бий болов уу?

Байна. Сонгуульд ялаад гарч ирэх юм бол хариуцлага тооцох бүрэн боломж бий.

Түүнийг орж ирэхээс өмнө монголын улс төр цэвэр байсан гэж ярьдаг хүмүүс бий л дээ. Тийм болохоор тэр эргэж ирээд юуг өөрчлөх юм бол ч гэж?

Н.Энхбаяр алдсан бол, алдаагаа ойлгоод муу хүмүүсээ цэвэрлэе гэж байгаа бол юу нь буруу байгаа юм. Хүн амьдралынхаа тэн хагаст алдаж, онож явдаг. Үлдсэн амьдралдаа алдаагаа ухамсарлаж, засч тэгээд диваажинд явдаг. Хүний амьдрал ер нь тэр шүү дээ. Алдаа мадаггүй, өндөг шиг өө сэвгүй амьдрал гэж хаа байхав. Англи Улсын Ерөнхий сайд асан У.Черчиль гэхэд арваад удаа намаасаа хөөгдсөн байдаг. Гэсэн ч сүүлд нь 30 жил Английг тэргүүлсэн шүү дээ.

Таны дүүгийн “Дайцүке” ХХК-ийн мэдэлд байгаа Таван толгойн ордын 101 га газрын лицензийг орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгой компани “манайх” гээд байдаг юм билээ. Энэ асуудал шүүх дээр байгаа гэж байсан?

Шүүх дээр байхгүй ээ. Зүгээр л янз бүрийн цуу яриа дэгдэж байгаа юм. Би тэр лицензийг авъя гэж бодож байгаа. Яагаад болдоггүй юм. Надад нэг ч лиценз байхгүй. Би нэг лиценз авъя л даа. Яагаад болохгүй байгаа юм. Би Монгол Улсаа хөгжүүлье л гэж бодож байгаа монгол хүн. Гадныханд өгөх гээгүй. Өргөж зөөгөөд гадагш нь гаргах гээгүй. Намайг авчихна гэж айгаад байгаа бол энэ ярилцлагаар дамжуулаад хэлье. Би авна гэж бодож байгаа.

“Дайцүке” гэдэг компани хөрөнгө оруулалтын журмаар Энержи ресурсын талбайгаас жаахан талбай аваад юм хийж үзье л гэсэн юм. Юу нь буруу байгаа юм. Яагаад болдоггүй юм. Бусад нь өчнөөн л лицензтэй юм байна лээ. Надад ганц ч байхгүй. “Дайцүке” ч миний нэр дээр байхгүй. Тэр лиценз чинь Энержи ресурсынх. Худалдаж аваад хөрөнгө оруулалт хийх л санал тавьсан юм. Би болон миний дүү нэр дээрээ авчихсан юм байхгүй байна. Компани нь манай дүүгийнх гэдэг нь үнэн. Яагаад байж болдоггүй юм. Бүгдээрээ л компанитай биз дээ.

Ингэхэд та хэдэн үйлдвэртэй вэ?

Би өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэр байгуулсан. Ноолуурын хоёр үйлдвэр. Зэсийн нэг үйлдвэр. “Марубени”-гаас зээл авч “Эрдмин” үйлдвэрийг барьж дууссан. Одоо монгол хүмүүс ажиллаад явж байна. Цаашлаад эрчим хүч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж ажиллая гэж бодож байна. Энэ тэгээд миний буруу юм уу. Гадныхан бол авч болдог. Монгол хүн, монголын аж ахуйн нэгж авч болдоггүй юм уу.

Манай компанид одоогийн байдлаар 800-гаад хүн ажиллаж байгаа. Маргааш ч гэсэн хүн ажилд авахад бэлэн байна. Гэвч бэлэн тараадаг 21 мянган төгрөг, цөөнгүй хүний ажил хийх сонирхлыг бууруулчихаад байна. Би монгол хүнийг залхуу гэж хэлээгүй. Залхуурч болохгүй ээ гэж хэлдэг. Тэгвэл бид ядуурна, хоосорно. Тусгаар тогтнолоо алдана. Тийм учраас сонор сэрэмжтэй бай, хариуцлагатай бай. Бүгдээрээ ажил хэрэгч бол гэж хэлээд байгаа юм.

Тэрдундаа манай залуус бүгдээрээ энэ зургаахан сарын хугацаанд улстөрч болох хэрэгтэй. Улстөрийн нам хүчин, улстөрчдийг юу ярихыг маш сайн сонс, хяна. Тэгээд дүгнэлт хий. Хуучин монгол гуталтайгаа зөндөө л ноцолдлоо. Одоо нийгмийг шинэчлэх цаг болсон. Тэгэх юм бол бид Кувейтээс дутахгүй амьдрах боломжтой улс шүү. Жижиг сажиг ялих ялихгүй юманд битгий хуурт.

Нэг хэсэг залуус ч их л идэвхтэй харагдаад байгаа л даа. Гэхдээ албан тушаал, эрх мэдлийн төлөө улайраад байгаа юм шиг?

Тийм залуучууд Ардын намд их байх шиг байгаа юм. Үсээ хойш нь тослоод тавьчихсан, зангиа зүүчихсэн. Тэр нэг их явахгүй байх аа. Тэдний тоонд ч ач холбогдол өгөөд яадаг юм. Тэд Монголын залуучуудын төлөөлөл биш шүү дээ. Албан тушаалд сууж хөлжиж баяжих гэж байгаа бол тийм юм байхгүй. Тэрийг зөвшөөрч болохгүй.

Монголын улстөр үе дамжсан улстөрчдөөр шинэчлэгдэх нь гэдэг дээр та ямар бодолтой байна вэ?

Тэр болоогүй ээ. Тэрийг 100 жилийн дараанаас болъё. Гараанаасаа шударга байя. Нийгэмд ядуурал асар их байна. Амьжиргааны төвшин нэмэгдэж, хүн амын орлого эрс дээшлэх ёстой. Ядуу хүн байхгүй болох ёстой. Тэрний дараа магадгүй удамшсан, уламжилсан асуудлууд яригдах байх. Өнөөгийн нийгэмд шийдэх ёстой асар их зүйл байгаа учраас уламжлалын асуудал ярих болоогүй. Англи, Америкт чинь 200, 300 жил явж байж өнөөдөр тэр уламжлах асуудлыг ярьж байгаа.

Та уул уурхай, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа Японоос татах уу?

Хаанаас ч байж болно. Зөвхөн уул уурхай, эрчим хүчний салбарт биш. Иргэдийг орон сууцтай болгох тал дээр нэлээн анхааралтай ажиллаж байгаа. Монголд ашигтай хөрөнгө оруулалтыг татъя гэж бодож, бэлдэж байна. Иргэдийг богино хугацаанд тохилог цэвэрхэн гоё орон сууцтай болгох шаардлага байна. Одоо америк, европт тун бага эрчим хүч зарахаар дулааны эх үүсвэрийг нь шийдсэн утаагүй орон сууцнууд битүү байна. Гэтэл манайд утаагүй зуух энэ тэр гээд байж байна. Бүгдээрээ худлаа. Ном уншдаггүй улсууд тэгж яриад байгаа. Мөнхийн хөдөлгүүр хийчихлээ гэдэгтэй адилхан зүйл яриад байна. Утаагүй зуух хийчих юм бол энерги хадгалагдах хуулийг зөрччихнө. Монголчууд утаа гаргахгүйгээр энергийн асуудлыг шийдчих юм бол Нобелийн шагнал авах хэрэгтэй болно. Ямар мундаг юм. Манай хотын дарга гэх зэрэг хүмүүст Нобелийн шагнал өгөх хэрэгтэй. Би бол физикч хүн.

Харин таниас яг асуух гэж байлаа..?

Шинжлэх ухаан талаас нь хараад байна. Би Эрхүүгийн Их сургуулийн физик, математикийн анги төгссөн. Сансар судлалын физикч хүн. Оросоос ирээд бизнес, улстөр лүү орсон юм.

Бизнест, улстөрд орон зайгаа олж авахад амаргүй л байсан байх?

Өнгөрсөн 20 жил бол хүнд байсан. Маш их дарамтлуулсан, доромжлуулсан. Гэхдээ энэ бүх зүйлийг даван туулсан. Яагаад гэхээр монгол хүний, монгол улсын төлөө юм чинь яая гэхэв дээ гэж боддог байсан. Одоо ч тэгж бодож байгаа.

Залхмаар үе байгаагүй юу?

Жаахан ядрах тохиолдол бий. Гэхдээ итгэл хэзээ ч алдардаггүй. Энэ ард түмэн чинь их хувь заяатай. Дэлхий ертөнцийг удирдаж байсан аугаа их түүхтэй. Их авьяаслаг ард түмэн учраас үүний төлөө залхаж болохгүй.

Ер нь таны хувьд бизнест амжилт олоход голчлон нөлөөлсөн хүчин зүйл юу бол?

Шинжлэх ухаан их сонирхдог байсан. Шинжлэх ухааны боловсрол хүнд хамгийн чухал. Шинжлэх ухаанд тулгуурлаж бизнес хийнэ гэдэг хамгийн чухал гэж би үздэг. Дэлхийн том баячууд, бизнес эрхлэгчдийн ихэнх нь физик, математикчид байдаг. Оросын баячуудыг аваад үзэхэд Роман Абрамовичаас эхлээд дандаа физик математикийнхан. Ер нь шударгаар бизнесээ эрхлээд, хийж бүтээгээд хөрөнгөтэй болох нэг асуудал. Нам улстөрийг дагаж гүйж байгаад улсын мөнгийг өөртөө завшиж баяжих бас өөр асуудал. Сүүлийн 10 жилд улстөрийн аргаар мөнгө хийсэн баячууд их төрлөө. Тэгэхээр ялгаж салгаж харах ёстой.

Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.

Э.Болорхажид