Шилжилтийн Засгийн газар байгуулна гэв

Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлыг цагаан сарын дараанаас ярина гэж чуулган дээр мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Монголын Ногоон намаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, УИХ тарсны дараа Шилжилтийн Засгийн газар байгуулна хэмээн мэдэгдлээ.

Тус намын дарга О.Бум-Ялагч хэлэхдээ “Манай улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд орсон. Тиймээс Монголын Ногоон нам Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал тавьж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал тавьсан. УИХ тарахаар Шилжилтийн Засгийн газар улс орныг удирдана. Шилжилтийн Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчин, ТББ-ууд нэгдэж байж байгуулах ажлыг бид эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл Шилжилтийн Засгийн газар УИХ-ыг тараах ажлыг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулинд засгийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Шилжилтийн Засгийн газрыг ард түмний төлөөлөлтэй байгуулна" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна