Шатахуун импортлогчдыг шалгаж, бодит үнийн судалгаа хийхээр болжээ

Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн түгээлтэндээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогчидтой хэлэлцээр хийх учиртай ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаан хойшилсоор байсан юм. Харин өнөөдөр тус зөвлөл хуралджээ. 

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд Засгийн газрын талаас: Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг байна. 

Хувийн хэвшил талаас: “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ий гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ий гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг.

Мөн үүн дээр нэмэгдэж, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч нар саналын эрхтэйгээр оролцдог байна.

Үнийн зөвлөлөөс шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэх эсэх шийдвэр эцсийн байдлаар гарах тул ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Төрийн төлөөллүүд шатахуун импортлогч хувийн хэвшлүүдтэйгээ тохиролцоонд хүрч чадахгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болоод байгаа. 

Үнийн зөвлөлийн хурал болж импортлогчдыг шалгах, бодит үнийн судалгаа хийх шийдвэр гаргасан тухай Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл жиргэжээ. 

hunnu.mn