Японы сансрын нисэгч сансарт 9 сантиметр өслөө гэж “бужигнуулав”

Японы сансрын нисэгч Норишигэ Канаи сансарт 21 хоног ажиллах хугацаандаа биеийн өндөр нь 9 сантиметрээр өсөөд буй талаар олон нийтийн сүлжээнд бичсэн нь олон улс даяар шуугиан болсон.

“Хатагтай, ноёд оо! Өнөөдөр би та бүхэнд нэг содон мэдээ хүргэе. Би биеийн хэмжээс хэрхэн өөрчлөгдөж буй хянуулсан юм. Тэгтэл миний биеийн өндөр 9 сантиметраар өссөнийг тогтоолоо. 21 хоногийн хугацаанд би ингэж өсчээ. Дунд, ахлах ангид суралцаж байхдаа ч ийм хурдтай өсч байсангүй. Одоо “Союз” сансрын хүлгийнхээ суудалд багтах эсэхдээ эргэлзэж, эмээх боллоо” хэмээн 41 настай Норишигэ Канаи бичсэн юм.

Сансарт дэлхийн таталцлын хүч үйлчилдэггүй тул хүний биеийн өндөр 1-2 сантиметраар нэмэгддэг. Гэтэл Конишигэ Канаигийнх 9 сантиметрээр нэмэгдсэн нь олны анхаарлыг гойд татаж, ярианы сэдэв болсон. Цаашид энэ янзаараа өсөөд байвал дэлхийд ирэхдээ бие нь муудаж ч магадгүй гэж яригдах болсон.

Гэвч дуулиант мэдэгдэл хийсэн сансрын нисэгч дараахан нь биеийн өндрөө буруу хэмжсэнээ дуулгаж, уучлалт гуйжээ.

“Уучлаарай, би биеийн өндрөө буруу хэмжсэн байна. Миний биеийн өндөр хоёр сантиметр нэмэгдсэн юм байна” хэмээн Конишигэ Канаи мэдэгджээ. Ийнхүү Японы сансрын нисэгч дуулиан дэгдээгээд дараа нь уучлалт гуйгаад амжлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна