Г.Номуундарь охины бичлэгт дурдагдсан хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон

Хар тамхи, хүчингийн хэргийн талаарх анхаарал татсан бичлэгээрээ нийгмийн анхаарлыг татсан Г.Номуундарь охинтой холбоотой асуудал хуулийн байгууллагаар хэрхэн шийдэгдэх вэ гэдэг хүлээлт үүсээд буй. Тэгвэл Г.Номуундарь охины өмгөөлөгч Р. Булгамаа, О.Чулуунцэцэг болон Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хэвлэлийнд мэдээлэл хийж байна.

Өмгөөлөгч Р.Булгамаа "Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сард цагдаа, хуулийн байгууллагад хандсан. Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан. Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна. Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Тиймээс мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна.” гэсэн юм.

Харин өмгөөлөгч О.Чулуунцэцэг "Охиныг бичлэг хийсний дараа хар тамхины газраас ирж шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон... Хэрэгт холбогдсон хоёр этгээд байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байсан” гэсэн юм.

Охины аав Д.Ганхуяг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна” гэж байсан. Тэрчлэн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр энэ хэргийн талаарх мэдээллийг шалгаж өгөх хүсэлтийг хуулийн байгууллагад гаргасан байдаг.