Гавьяат дасгалжуулагч Д.Банди таалал төгсчээ

Монголын боксыг дэлхийд данслагдахад үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат дасгалжуулагч Д.Банди таалал төгсчээ. Түүний гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж байна.

Тэрбээр  хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би өнөр олон хүүхэдтэй айлын хэнз хүү. Дээрээ гурван эгчтэй, нэг өргөмөл ахтай. Аав маань хүүтэй болох гэж олон жил бодсон гэдэг. Хүү төрсөн ч тогтдоггүй байсан юм гэсэн. Тэгээд ээжийн минь дүүгээс нэг хүү өргөж авсан нь манай өргөмөл ах Мягмар. Аав, ээжийгээ 50 орчим настай байхад би мэндэлж, магнайг  нь тэнийлгэсэн гэдэг. Нутгийн  ном сайн мэддэг нэгэн лам Банди хэмээх нэр хайрласан юм гэнэ лээ. Нутгийнхан  Mягмар ахыг  Дамдинжавын хар банди, намайг шар банди гэж дууддаг байсан гэсэн. Банди хэмээх нэр Санскрит үг. Орчуулваас  ерөөлч гэсэн утгатай. Хэ­зээ хойно хэнз хүү болж төрсөн болохоор намайг аав ээж минь их эрхлүүлдэг байсан юм билээ. Эрх байснаа би төдийлэн мэддэггүй юм, юутай ч сайн ханддаг байсныг  нь санадаг юм. Аав ээж минь хүнд тусархуу сайхан зантай хүмүүс байсан. Бидний хажууд хоорондоо ам мурийж байгаагүй. Дандаа л амьдрал ахуйгаа ярилцан зөвлөлдөж суудагсан. Бидэнд аав минь “Миний хүүхдүүд ухаантай, холын бодолтой амьдраарай” гэж сургаад, мөнгөн тоногтой гансандаа тамхи нэрж суудаг байсан.  Гурван эгч минь бурхны оронд одсон ч өдгөө үр хүүхэд нь, ач заа нар нь өнөр олуулаа шүү. Би айлын отгон хүү ч одоо хамгийн ахмад нь болж дээ. Банди хэмээх нэр өдгөө Монголын боксын спортын түүхэнд тодоос тод мөнхөрч үлдлээ. Зарим хүн “Монголдоо битгий хэл дэлхийн дэвжээнд мөнхөрсөн данстай нэр шүү” гэдэг юм. Амьдрал  гэдэг мөрөөдөл биш. Хийж бүтээх, бодож сэтгэхийн их хүч шүү дээ. Аавын минь хүмүүжүүлсэн ухаан ядарсан цагт эрч хүч болж, ажил үйлсээ бүтээхэд зориг шийдвэр минь болдог байлаа” хэмээн ярьсан байсныг эргэн дурсаж байна.