Амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулна гэв

АН-аас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлж буй аж.

Татварын асуудлаар тавьж буй шаардлагадаа:

-Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

-Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.

-Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.

-Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх гэсэн байна.

За харин агаарын бохирдлын асуудлаарх шаардлагадаа:

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,

-Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

-Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг шаарджээ.

-Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.

-Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг шаарджээ.

Тэгвэл Үндсэн хуулийн асуудлаарх шаардлагадаа:

-60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.

-Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэж  байна гэжээ.

Хэрэв шаардлагын дагуу зохих арга хэмжээ авахгүй бол амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлнэ гэж намын дарга С.Эрдэнэ хэллээ.

 

 

 

 

 

 

 

  • (122.201.21.153)
    Altanhuyag erunhii said bhda. Zasgiin gazar ur zeel tavihdaa MANAI IREEDUIN HUUHDUUD BIDNII TAVISAN URIIG darchihanaa geed heev neg helj baisan sanaand orloo
    2018-01-10T14:30:13Z