Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

“Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг 2018 оны зургаадугаар сарын 01-ний дотор шинэчлэн батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын ажлыг бэлтгэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монголбанк /Н.Баяртсайхан/-д даалган, тогтоолын хэрэгжилтэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллахаар тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үүний дараа Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувийн саналаар дэмжив.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна