НЦГ: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 хэргээр буюу 9,6 хувиар буурсан байна. Нийслэл хотод үйлдэгдсэн бүх 21947 хэргийн 3,4 хувийг эзэлж байна.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт улсын хэмжээнд 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65,6 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.

Нийслэл хотод 2017 онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7,3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55,9 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.

Нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34,0 хувиар өссөн байна.

Зөрчил

Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2028 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1353 нэгжээр буюу 3 дахин өссөн дүнтэй байна.

“Захиргааны хариуцлагын тухай хууль”-д зааснаар зөрчил гаргасан 449 хүнд 8409,0 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, “Зөрчлийн тухай хууль” зөрчсөн 1579 хүнд баривчлах шийтгэлийг ногдуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 1 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9,6 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2,2 дахин, зөрчил 3 дахин нэмэгдсэн байна.

Дуудлага, мэдээлэл, зөрчил өссөн нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлж байгаатай, цагдаагийн байгууллагын зүгээс дээрх дуудлага, мэдээллүүдийг нэн тэргүүнд шалгаж хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байгаатай холбоотой.

Зохион байгуулсан ажил

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас алба хаагчдыг мэргэшүүлэх, иргэдийн эрх үүргийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

• Хуулийг даган Хууль зүй, дотоод хэргийн сайдаас батлагдсан 14 журмын төсөлд санал боловсруулан батлуулсан.

• Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага, мэдээллийг хүлээн авах дуудлага, мэдээллийн программыг илүү нарийвчлан хөгжүүлсэн.

• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын 1274 алба хаагчдад нийт 35 удаагийн сургалт орсон байна.

• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, иргэдийн мэдээлэх үүргийг сурталчлах ажлын хүрээнд 45 удаагийн сургалт, уулзалтыг 3861 иргэн, алба тушаалтнуудын дунд зохион байгуулсан гэж мэдэгдлээ.