"ТВС-2МС” агаарын хөлгийн угсралтын ажлын явц, байдалтай танилцжээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “ТВС-2МС” агаарын хөлгийн угсралтын ажлын явц, байдалтай танилцжээ. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ИНЕГ, “МИАТ” ХК-ийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс байлцсан байна.

Энэ үеэр МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш тус компаний инженер техникийн хамт олон “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед засвар хийн АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс суурьлуулж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг угсарч байгааг танилцуулжээ.

 Тэрбээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг үндэсний мэрэгжилтэнгүүдийн хүчээр эх орондоо гүйцэтгэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.
 

 Түүнчлэн, нисэхийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл өргөжиж, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгохоос гадна бизнес аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.

  “ТВС-2МС” нисэх хөлгийн угсралтын ажил нь 2017 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 80-85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг ИНЕГ-ын удирдлагууд онцолж, Засгийн газрын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна