Т.Хонгорзул: Охид эр хүний сонголт хийхэд аавуудын нөлөө их байдаг

Аав та охинтойгоо хэрхэн харилцаж байна вэ? 

Охид үерхэх хөвгүүн, ирээдүйн ханиа сонгохдоо аав шигээ л хүнийг илүүд үздэг хандлага түгээмэл байдаг. Учир нь охидын сонголтонд аавуудын нөлөөлөл их байдаг байна. Энэ талаар “Focus on the Family” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн, Сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.

-Өсвөр насны охид эрт бэлгийн харилцаанд орж, алдах тохиолдол их байна. Үүний шалтгаан нь охидын сонголтод үзүүлэх аавын нөлөө байж болох уу?

Өсвөр нас бол нас биед хүрч, гэр бүл зохиох харилцаанд бэлтгэх чухал үе. Энэ үед, ялангуяа охидын хувьд аавтайгаа ойр харилцаатай байх нь чухал ач холбогдолтой. Аавын хайр халамж өсвөр насны охидыг өөрийгөө үнэлэх, үнэ цэнээ мэдрэхэд нь тусална.  Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд хайрлагдахын тулд заавал дотно харилцаанд орох ёстой гэсэн ойлголтыг арилгаж, эрсдлээс хамгаалдаг.

-Аавын хайраар дутсан охидын сонголт яагаад буруудах нь элбэг байна вэ?

Өсвөр үе бол нэг талаар өөрийгөө олох, тодорхойлох үе юм. Энэ үед бусдад хайрлагдсан, бусдын хайрыг татсан гэдгээ мэдэх, мэдрэх хэрэгцээ өсвөр насныханд маш чухал. Тиймээс аавын хайр халамж охидод өөрийг нь үнэ цэнэтэй, аюулгүй, хамгаалагдсан мэдрэмжийг ямагт төрүүлдэг л дээ. Аавын зүгээс охиноо магтан урамшуулах, хайртайгаа үргэлж хэлэх нь эргээд энэхүү хайрыг өөр хүнээс эрэлхийлэхгүй байхад нөлөөлдөг.

-Гэрлэхээс өмнө бэлгийн харилцааг тэвчих болон харилцааны бусад зүйлд эцэг, эх бэлдэж, үлгэрлэх ёстой байх. Манайд ийм үлгэр дуурайл байгаа юу?

Насан туршдаа, аз жаргал, зовлон зүдгүүрээ хуваалцаж амьдрах ханиа олтлоо бэлгийн харилцааг тэвчих нь эмэгтэй хүнд ямар ашигтай вэ? гэдэг талаас нь ойлгуулах хэрэгтэй. Зөвхөн бие физиологид гарах үр дагавар гэхэд л хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт гэх мэтийг нэрлэж болно. Үүнээс гадна сэтгэл зүйд маш их сөрөг нөлөөтэй шүү дээ. Наад зах нь охидын өөрийн үнэлэмжид нөлөөлж, сэтгэлээр унана, цаашлаад амиа хорлох, эрсдэлт зан үйлтэй болох магадлалтай.

Эцэг, эхчүүд нэг нэгэндээ үнэнч байх үлгэр дуурайлал үзүүлэх нь эргээд үр хүүхдүүд нь харилцаагаа нандигнан авч явахад хүргэдэг. Хосууд бие биенээ сонгохдоо дийлэнх тохиолдолд өөрсдийн ээж, аавтай адилхан зан байдалтай хүмүүсийг сонгодог шүү дээ.

Улмаар бат бөх гэр бүл бий болгож, нийгэм ч бат бөх байх үндэс болно. Сүүлийн үед гэр бүл салалт ихэсч байгаа нь ч нэг талаараа эмэгтэй хүн буруу сонголт хийж байгаатай ч холбоотой.

-Аавууд охидоо буруу залуучуудаас яаж хамгаалдаг вэ?

Монгол аавуудаас хүүхдүүддээ дийлэнхдээ хатуу ширээн хандаж, үйлдэл бүрийг нь хянах ёстой гэсэн байр суурь ажиглагддаг. Уг нь бол “Хамаагүй хөвгүүдтэй үерхэж болохгүй шүү”, “Баригдвал би үзүүлээд өгнө шүү“ гэх мэт үг хэлэхээс илүүтэй “Чамд ямар хөвгүүн таалагддаг вэ”, “Ямар зан чанартай хүнтэй гэр бүл болох хүсэлтэй байгаа вэ” зэргээр таньж мэдэх, нээлттэй ярилцах хэрэгтэй. Ийм байдлаар, эвээр охидыг буруу шийдвэр гаргахаас хамгаалах боломжтой.

-Аав нь охидоо цагдаж, байнга хяналтдаа байлгадаг бол энэ нь охидод үнэхээр нөлөөтэй юу?

Энэ нь эргээд яг аавтайгаа адилхан хүнийг ханиа болгон сонгоход хүргэдэг. Хүүхдүүдийн өссөн орчин, харилцаа тэднийг эргээд яг тэр орчин, харилцаа руу татдаг. Үүнийг эцэг, эхчүүд ухаарах нь зүйтэй. Ийм үзэгдлийг мэргэжлийн хэлээр ээнэгшин дасах гэж нэрлэдэг. Тиймээс аавууд хүүхдээ айлгаж сүрдүүлэх юм бол буруу зам руу орохгүй гэж бодохоос илүүтэй, “Би охинтойгоо гэр бүл болох хүнийх нь талаар хэрхэн нээлттэй ярилцах вэ”, “Охиндоо сайн эр хүний талаар яаж зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ” гэж хандвал илүү үр дүнтэй.

hunnu.mn